Ногоон хотод амьдарцгаая
Цэвэр агаартай, хоггүй, ногоон хотод амьдарна гэхээр хүмүүс төр засгийн хийх ёстой ажил мэтээр ойлгодог. Ийм ойлголттой явсаар өчнөөн жилийг үдлээ. Гудамжинд хогоо хээв нэг хаячихаад, дараа нь цэвэрлэсэнгүй гэж дарга нар руу чихнэ. Уг нь хүн бүр цэвэрч, соёлтой байвал хогны хэрүүл хийгээд байхгүй шүү дээ. Түүнтэй ижил цэвэр агаартай, ногоон хотод амьдаръя гэвэл иргэд өөрсдөөс нь шалтгаална гэдгийг ч мэдэхгүй, мэдрэхгүй яваа бололтой юм. Бас л бүгдийг нийслэлээс, эсвэл Засгийн газар хийх ёстой гэж бодоод байх шиг байна. Тохижилт үйлчилгээнийхэн гараад мод тарих, цэцэг ургуулах, зүлэг суулгаж байхад дэмжиж байгаа юм алга. Хэрвээ ажиллахгүй бол муу хэлж, буруутгана. Өнөөдөр Улаанбаатар хот ногоон байгууламжаар дутмаг байгаа нь үнэн.

Гэхдээ албаны хүмүүс чадах чинээгээрээ л ажиллаж байна. Саяхан цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зовлөгөөн боллоо. Тэр зөвлөгөөнөөр 2020 он гэхэд Улаанбаатар хотод байгаа нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 20 ам.метрээр нэмэгдүүлнэ гэж байсан. Дээрээс нь хууль журмаа ч батална гээд байгаа. Гэх мэтээр олон ажил хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Ямар ч байсан төр засгаас хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг. Дээрээс нь сүүлийн хэдэн жил цэцэг, зүлэг тарих ажил ч эрчимтэй хийгдэж байгаа. Өнөө жил ч гэсэн хаврын урь орохтой зэрэгцээд л нийслэлээс сургаж бэлтгэсэн цэцэрлэгчид цэцэг, зүлгээ тарьж, мод бут суулгаж эхэллээ.

Урьд жилүүдийнхээс илүү эрчимтэй ажиллаж эхэллээ. Юутай ч хотын төв болоод гол замуудын дундах зайд цэцэг алаглаж, зүлэг ногоор, мод ургах нь. Нэгэнт бэлтгэгдсэн цэцэрлэгчид ажиллаж байгаа болохоор бүхнийг сэтгэлээсээ хийнэ. Арчлахдаа хүртэл арай өөрөөр хандана шүү дээ. Нэг ёсондоо цэцэг ногоо, зүлэг мод арчлах тордох эзэнтэй боллоо гэсэн үг. Цаашид ч олон цэцэрлэгчдийг бэлтгэж, сургана гэж байгаа. Тэгэхээр ногоон байгууламж нэмэгдэхгүй гээд ч яах билээ. Тэр хэрээрээ агаар ч цэвэрших учиртай. Энэ бол төр засаг, нийслэлийн удирдлагууд хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг. Одоо иргэд өөрсдөө жаахан сэтгэлтэй байж, орчин тойрноо зүлэгжүүлж, цэцэг, мод таримаар байна.

Уг нь төрөөс хүмүүсийн тарьсан модыг үнэлж авахаар журам гаргачихсан байгаа. Дээрээс нь хүн бүр нэг мод тарих үүрэгтэй. Монгол Улсын иргэн бүрт мод тарьж, амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээсэн байгаа. Харамсалтай нь тэр үүргээ мартчихаад л байгаа болохоос. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа, тэр дундаа гэр хооооллынхон хэцүү орчинд аж төрж байгаагаа гайхдаг. Ногоон байгууламж хийсэн ч гэр хорооллыг мартдаг хэмээн гомдоллож байгаа. Яах вэ, гэр хороололд ногоон байгууламж байгуулж болохгүй юм байхгүй. Гэхдээ яг онөөгийн нөхдөлд бол арай л болоогүй байна. Юуны өмнө гэр хорооллын дахин төлөвлөлт гэж байна.

Тэр нь хаашаа болох нь вэ гэдгийг харна. Түүнээс гадна айлын хувийн эзэмшлийн бүсэд төр хөрөнгө мөнгө гаргаж, зүлэг ургуулж, мод тарина гэдэг өрөөсгөл шүү дээ. Тэртээ тэргүй төрөөс мөнгө гаргаад, нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламж байгуулж байгаа. Гэтэл дээрээс нь хүний хувийн эзэмшлийн газар дээр ногоон байгууламж хийж өгнө гэж байх уу. Тиймээс гэр хорооллын иргэд үүргээ ухамсарлаад, өөрсдөө хашаандаа мод тарьж, цэцэг ургуулж, зүлэг суулгах ёстой юм.

Хэрвээ айл болгон энэ маягаар ажиллавал Улаанбаатар хот жинхэнэ утгаараа ногоон хот болох боломж байна. Өнөө цагт цэцэг, зүлэг, мод яаж ургуулах талаар зааж өгдөг, үрийг нь зардаг клубүүд олон болсон. Интернэтээр ч сурчихаж болно. Гагцхүү иргэн өөрөө ухамсарлаж, хүсэх л юм бол болохгүй юм байхгүй. Бүгдээрээ ногоон хотод амьдарцгаая л даа. Түүнийхээ төлөө зүтгэе, хөдөлмөрлөе. Төр засгаа буруутгаж суухаар өөрсдөө ганц болов мод тариад үзье, хувь нэмрээ оруулъя. Ингэж чадвал бид агаарын бохирдлоосоо ч салах боломж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.