М.Биржан: Аав минь Л.Ванган гуайтай их гар нийлж ажиллаж байсан гэдэг
“А.Монголхан найруулагч манай театрт ирээд Чингиз Айтматовын "Эхийн дууль" жүжгээр анхны уран бүтээлээ тавьсан. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Д.Ичинхорлоо нараас гадна Д.Цэрэндарьзав, З.Жарантав зэрэг дөнгөж сургуулиа төгсөж ирсэн шинэ залуу уран бүтээлчид тоглож байсан.

Тухайн үед театрын шүүмжлэгч, найруулагчдаас "Эхийн дууль" жүжиг өндөр үнэлгээ авсан.  Дипломын жүжиг болгож Зөвлөлтөд очиж хамгаалсан. Сайн уран бүтээлээр театрын амьдралд нээлт хийн орж ирсэн чадварлаг найруулагч гэж үнэлэгддэг.  А.Монголхан драмын театрт хэд, хэдэн уран бүтээл тавьсан байдаг.

Мөн Хүүхдийн театрт найруулагчаар ажиллаж байхдаа томоохон уран бүтээлүүдийг найруулсан Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь", "Улаан тэмдэг" зэрэг жүжгүүдээрээ Хүүхдийн театрын хөгжлийг шинэ шатанд ахиулсан найруулагч юм. Хурц, ширүүн  зантай юм шиг харагддаг ч шинийг эрэлхийлдэг тэрээр хамт төгссөн найруулагчдынхаа дунд нэр хүндтэй.

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгийн аймгийн театрт уран бүтээлээ хийж байсан” хэмээн Ардын жүжигчин Н.Сувд  найруулагч, Ардын жүжигчин А.Монголхан гэх эрхэм хүмүүний тухай дурсан ярьсан байдаг/ ЗУУНЫ МЭДЭЭ 2011.11.04  №261 /3951/.




Үнэхээр ч А.Монголхан гэх эрхэм ОХУ-д төгссөн анхны найруулагчдын нэг байв. Энэ тухай Ардын жүжигчин А.Очирбат “А.Монголхан найруулагчтай би бага хугацаанд ажилласан. Зөвлөлтөд сургууль дүүргэж ирсэн манай сайн найруулагчын нэг юм. Баян-Өлгий аймгийн театрыг хөл дээр нь босгож, шинэчилсэн гавьяатан хүн.

Түүнийг ажиллаж байсан үед Баян-Өлгийн театр өндөр хэмжээнд гарч ирсэн. Ухаантай, айхтар найруулагч байсан шүү. Л.Ванган багштай ойр дотно ажилладаг байсан болохоор арга барилыг нь сүрхий эзэмшиж, уран бүтээлдээ тусгадаг байсан. Найруулагч хүнд байх чухал чанар болох жүжигчдээ сайн таньдаг, дүрээ оноож хуваарилахдаа сайн. "Болд хэрхэн хатаагдсан нь жүжгийн найруулагчаар ажиллахад нь би тоглосон юм. Жүжигчдээ зөв чиглүүлж, удирдаж чаддаг найруулагч, Найруулагч бур олон янзын зан зантай байдаг.

А.Монголхан найруулагч бол орилж хашхираад байдаггүй, жүжигчдэдээ өгөөжтэй найруулагчдын нэг. Хэлсэн үг бүр нь ширхэг бүрээрээ бууна. Намайг тэр жүжигт нээж өгсөн найруулагч. Ааш зан сайтай, олонтойгоо байдаг, нийтэч хүн дээ” хэмээн дурсан ярьжээ /ЗУУНЫ МЭДЭЭ 2011.11.04  №261 /3951/.


Ийн эрхэм хүмүүний тухай дурсамж дэлгэхийн учир нь өнөө жил Ардын жүжигчин А.Монголханы мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Түүний хүү М.Биржантай аавынх нь тухай ярилцлаа.





-Таны аав бол Монголын нэрт найруулагчдын нэг. Өнөө жил 90 насных нь ойг тэмдэгдэн өнгөрүүлж байна. Аавынх нь тухай сайхан дурсамжаас яриагаа эхлүүлье?

 
-За баярлалаа. Миний аав Арганбай овогтой Монголхан 1930 онд Баян-Өлгий аймгийн, Толбо суманд, өвөө Арганбайн том хүү болж төрсөн.  Энэ жил аавын маань 90 насныхан ой тохиож байгаатай холбогдуулан аавынхаа номын санг уудалж, хийж бүтээж байсан бүтээлүүдийг нь уншиж судалж байна. Казах түмний нэг зүйр үг байдаг “Хайрхан уул холдох тусам өндөр харагддаг” гэдэг шиг аав маань насан өөд болоод 16 жил болж байна. Тэр хүний хийж бүтээсэн урлагийн бүтээл, орчуулсан драмын зохиолууд нь, урлагаа гэсэн сэтгэл нь агуу байсныг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна.
 
-Аавынхаа тоглосон, найруулсан кино жүжгийг нь үзэж өссөн байх. Тэрхүү дурсамжуудаас хуваалцаач?
 
-Би айлын хамгийн бага, отгон хүү нь. Бага наснаасаа аймгийн хуучин болон шинэ театрт тавигдсан тоглолт болгоныг үзэж өссөн. Ялангуяа хуучин театрт тоглосон тоглолт болгоныг үздэг байлаа. Тэр үед тоглолт ч их болдог байсан. Найруулагчийн суудал гэж тустай жижигхэн сандал байдаг байсан. Тэнд л суудаг байлаа шүү дээ /инээв/.

Аа, киноны хувьд бол “Тулалдааны өмнө” гэдэг кинонд аав маань Ордабай баяны,  ээж маань том хатны дүрд тоглодог. Мөн киноны туслах найруулагчаар ажилласан. Энэ кино хувьсгалын өмнөх үйл явдал гардаг. Улаантан болон цагаантнуудын хоорондын тэмцэл өрнөж байсан үе. Ордабай баян залуу хатан хүчээр авч суух гээд цагаантнуудтай нийлж, морь малаар хангаж, нэг ёсондоо хувьсгалын эсрэг, бас хүүхэн шуухантай холбоотой болохоор нь бага байхдаа их л ичдэг байлаа
 
-Ээж аав хоёр хамтдаа нэг кинонд тоглож байсан гэхээр та чинь урлагийн гэр бүлд төрж өсөж хүмүүжсэн юм байна шүү дээ.
 
-Тийм ээ. Миний ээжийг Михбай овогтой Самиян гэдэг. Насаараа театрын оёдолчноор ажилласан. Аав, ээж маань 1950 онд гэр бүл болж 54 жил ханилан суухдаа 6 хүү, 1 охин, ач хүү, ач охин, зээ хүмүүжүүлж өсгөсөн. Аав маань 2004 онд бурхан болсон.  Өдгөө ээж маань 89 настай хүүхдүүдийнхээ асрамжинд байдаг.


 
-Аавынхаа, өвөөгийнхөө авъяасыг өвлөсөн хүн байгаа юу?
 
-Өө байлгүй яахав. М.Естай гэдэг ах маань аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн удирдаач, хөгжмийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. М.Еркин гэдэг ах маань бүжигчин, бүжгийн багш байгаад 2005 онд нас барсан. М.Ертай гэдэг ах маань Багшийн их сургуулийн  кино драмын ангийг төгсөж найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаа. Ач нараас нь Е.Үмбет гэдэг залуу Казахстан Улсад найруулагчийн ангийг төгсөж, кино урлагт хүчээ үзэж байгаа.
 
-Аав нь хөвгүүдээ урлагийн хүн болно гэхэд хэрхэн хүлээж авч байв. Сүүлд аавтайгаа хуваалцаж байсан ярианаасаа хуваалцаач?
 
- Ах нарыг маань урлагийн хүн болоход аливаа нэг авьяасыг нь харж, чиглүүлж байсан байх гэж боддог. Жишээ нь, М.Еркин талийгаач ах маань нуруугаараа өндөр, бие нь хөнгөн хүн байсан. Цэргийн дуурь бүжгийн эрдмийн театрт ч бүжигжинээр ажиллаж байсан. Бас л сайн бүжиглэдэг байсан.  Харин миний хувьд эрс хориглодог байсан. Урлагийн зам хүнд, хэцүү, хэрүүл маргаан ихтэй гэдэг байсан.   Би аваараа бахархдаг. Аав хүнд байх ёстой бүх хүн чанарыг ааваасаа л харсан. Хөдөлмөрч, шудрага, дэмжигч, тал талын мэдэгтэй, боловсролтой, орос, монгол, казах хэлний аль алаар нь чөлөөтэй ярьдаг, бичдэг. Гэр бүл, үр хүүхэдтэй халамжтай, наргианч, шогч хүн байсан. 
 
-Мөр зэрэгцэн ажиллаж байсан уран бүтээлчдийнхээ тухай яриа өрнүүлдэг байв уу. Түүнийг чадварлаг, бүтээлч нэгэн байсан тухай дурсамжийг ахмад уран бүтээлчид хуваалцсан байдаг юм билээ?
 
-Аавтай минь цуг ажиллаж байсан хүмүүс хуруу дарам болсон байна.  1968-1971 онуудад Д. Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театр, Улсын Хүүхэд залуучуудын театрт ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа Л.Ванган гуйтай их гар нийлж ажилласан гэдэг. Л.Ванган гуай эмнэлэгт өвдөж хэвтэж байх үед сахиж, өөд болоход нь хажууд нь байсан.
 
Э.Оюун гуайгаас ирсэн захидлууд зөндөө байдаг. Үүний нэгийг би сонирхуулъя?
 
“Сайн хүн Монголхаан аа. Чи минь тун чадал, мэдлэгтэй найруулагч, сайн ч хүн, даанч залхуу юм уу, эсвэл нэг юуманд дургүйцсэн юм уу, би ойлгоогүй явна. Тэр театраа чи дээд зэрэг сайн, сайхан болгоод чухам хүмүүсийн өмнө нүүр бардам шинэчлэл хийсэн, тавиагүй жүжгүүдийг шинэ маягаар, хүнд гайхагдахаар тавьсан. Хүн бүр Баян-Өлгийн театрын жүжгүүдийг очиж үзье гэж тэмүүлэх болтол нь хийж чадах хүн дээ. Тэгэхэд чи хүч, ухаанаа дайчилж ажиллахгүй л байна даа. Театрын шинэ барилга нээгдэхээр хөдөлдөг бол уу, үгүй бол уу гэж боддог. Түүнийг би үзэж чадахгүй ч гэсэн чи хэд, хэдэн сайн жүжиг тавьж шуугиан дэгдээсэн байвал мөн сайхан сан. Хүн болсны, ГИТИС төгссөний гавьяа болно шүү дээ. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй. Сайхан амьдраарай. Сайн юм бүтээгээрэй. Ёсолсон Э.Оюун.

“Гарваа”-гийн шүлгүүдийг явууллаа. Цохиод хуучирсныг, цохиулаад аваарай. Муу юм даа, за яах вэ.  Уншуулсан ч болно, уншуулаагүй ч болно биз. Өөрөө мэдээрэй. Баяртай” гэсэн захидал. Харин аав маань төгсгөлд нь   “Хүлээж авлаа 1987.12.16 өдөр. А.Монголхан” гэсэн байдаг.

 
Дээрх захидлын утга учир нь 1988 онд Э.Оюуны “Гарваа” жүжгийг Монгол хэлнээс Казах хэлнээ орчуулан Баян-Өлгий аймгийн театрын тайзнаа найруулан тавьсан байна. Энэ мэтчилэн Монголын театрын урлагийн сор болсон хүмүүстэй хамт ажиллаж, тэднээс суралцаж, найзалж, нөхөрлөж байсан тухай баримт сэлтүүд их бий.


 
-Баян-Өлгийн аймгийн Хөгжимт драмын театрыг А.Монголхан гуайн нэрэмжит болгосон байдаг билүү?
 
-Үгүй. Та буруу ойлгож.
 
-Яагаад. Нэрт найруулагч А.Монголхан гуай бол Баян-Өлгий аймгийн театрыг хөл дээр нь босгож, шинэчилсэн гавьяатай хүн шүү дээ?
 
-Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын теартыг хөл дээр нь босгох, урлагийн сан хөмрөгийг баяжуулах, шинэ театрын барилга бариулахад мэргэжлийн талаас нь зөвлөгөө, материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Ганц хүний гараар хийж бүтээгээгүй нь тодорхой. Тэр үеийн аймгийн удирдлагууд, гишүүд, төлөөлөгчид, сайд, дарга нар гэх мэт хүмүүсийн оролцоо чиглэл чиглэлээрээ байсан. Одоо аймгийн Хөгжимт драмын театр зохиолч М.Хурманханы нэрэмжит. 
 
Ийн бидний цахимаар холбогдсон ярилцлага өндөрлөлөө.

-Нэрт найруулагч, Ардын жүжигчин А.Монголхан нь 1947 оноос хөдөлмөрийн гараагаа эхлэн 1947-1950 онд багш, 1950-1953 онд цэргийн алба хааж, 1953-1955 онд спортын хорооны дарга, 1955-1963 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрт жүжигчин, найруулагч, даргаар ажиллаж  байгаад 1963-1968 онд ОХУ-ын  Москва хотын А. В Луначарскийн нэрэмжит Театр, Урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ “Драмын театрын найруулагч” мэргэжлээр төгсжээ.

 1968-1970 онд Улаанбаатар хотод Д. Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын театр,  1970-1971 онд Улсын Хүүхэд залуучуудын театрт ерөнхий найруулагч 1971 оноос Баян-Өлгий аймгийн ХДТеатрт ерөнхий найруулагч, уран сайханы удирдагчаар тасралтгүй ажиллаж байгаад  1996 онд гавьяаныхаа амралтанд гарсан байдаг.


А. Монголхан улсад 50 гаруй жил, үүнээс урлагийн салбарт 41 жил, зөвхөн Баян-Өлгий аймгийн ХДТеатрт 36 жил тасралтгүй ажиллажээ.А. Монголхан  ажилласан хугацаандаа олон нийтийн байгууллагын ажилд ч идэвхи санаачлагатай ажиллаж Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн 6-р их хурал, Монголын урлагийн ажилтны холбооны 1. 2. 3-р их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байв.

А. Монголхан гэх эрхэм бол манай улсын театрын урлагийг хөгжүүлэх, сурталчлах, залуу жүжигчдийг халамжлан хүмүүжүүлэх, үндэсний театрын ажлыг хөгжүүлэх, уран санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан театрын томоохон зүтгэлтнүүдийн нэг байжээ.

Тухайлбал: 1981 онд Зөвлөлт, Монголын зохиолчдын жүжгүүдийг казах хэлнээ орчуулж нийтэд сурталчлах, тайзны хүртээл болгохоор “Гарын таван хуруу” нэртэй жүжгийн ном хэвлүүлсэн нь  тухайн үеийн залуу жүжигчдийн гарын авлага болж байсныг тэмдэглэн сануулах хэрэгтэй.

1988-1990 онд Баян-Өлгий аймгийн ХДТеатрын даргаар ажиллаж байхдаа театрын шинэ барилгын  зураг төслийг гаргахад мэргэжлийн талын зөвлөгөө өгч, тайзны тоног төхөөрөмж, жүжигчдийн хувцас, үзэгчдийн сандлын загварыг Монгол-Казахстаны мэргэжилтнүүдээр гаргуулж яам, аймгийн удирдлагаар хянуулан зохион байгуулж, шинэ театрыг ашиглалтанд оруулахад гар бие оролцсон эрхэм юм.   
  
А. Монголхан чадварлаг найруулагч байсны зэрэгцээ авьяаслаг орчуулагч байсан бөгөөд Монголын болон ЗХУ, Казахстаны 30 гаруй зохиол бүтээлээс Орос хэлнээс Монгол-Казах хэлээр хөрвүүлэн улсын болон аймгийн театрын тайзнаа тавьж, зарим гол дүрүүдэд өөрөө тоглон үзэгч олны талархлыг хүлээсэн  уран бүтээлч хүн юм.

Тэрээр 1960, 1975, 1994 онд Улаанбаатар хотод явагдсан Баян-Өлгийн соёл урлагийн 10 хоногийн тайлан тоглолт, 1999 онд  зохиогдсон “Миний нутаг сайхан” урлагийн их наадам, баяр ёслолын болон тэмдэглэлт өдрүүдэд зориулсан  200 гаруй концерт найруулан тавьсан. 

Зохиолч Э. Оюуны “Гарваа”, Д. Намдагийн “Наянчулууны ой”,  Л. Ванганы “Ач хүүгийн зүүд” Д. Дашдаваагийн “Сахиуст цэрэг”, Мягмарын “Найрын ширээний ууц” зэрэг 10 гаруй бүтээл,  зохиолч Ж. Арганбайн “Сандугаш”, Ж. Байтын “Баз нар” А. Монголхан, С. Магауия нарын “Зайсангийн хавар”,  Т. Султаны “Залуу бэр”,  Х. Силамын “Гүлжан” зэрэг 9 бүтээл, ЗХУ-ын зохиолчдоос Н. Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”,  А. Алексейн “Утасдаарай, ирээрэй” зэрэг зохиолуудыг орос хэлнээс казах, монгол  хэлнээ, Н. Гоголийн “Байцаагч түшмэл”,  Казахстаны зохиолч М. Ауезовын  “Енлик Кебек”, Г. Мүсреповын “Козы көрпеш, Баян сулу”, “Ахан сери Актохты”  зэрэг жүжгүүдийг орчуулан найруулснаас гадна Киргизийн алдарт зохиолч  Ч. Айтматовын “Эхийн дууль” жүжгийг улсын драмын театрын тайзнаа найруулан тавьсан байдаг. 


О.ОНОН
Оллоо.мн 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.