МАХН-ынханд итгэсэн дүр үзүүлэх үү
Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг гэж үг бий. Түүнтэй адил МАХН-ынхан улстөрд аливаа асуудал хурцдаж, түүнийг шийдвэрлэх зайлшгүй нөхцөл үүссэн үед МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирнэ гэх яриаг нийгэмд түгээдэг бололтой.

Учир нь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2013 оны наймдугаар сард БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан. Гэвч түүнээс хойшхи жил гаруйн хугацаанд түүнийг буцаж ирэх тухай мэдээлэл бараг сар бүр гарсан. Түүнийг нь ч намын нөхөд нь бататгаж, “Тийм ээ, түүний биеийн байдал сайжирч байгаа тул удахгүй ирнэ” гэдэг хариултыг өгдөг байв.

Тухайлбал энэ оны нэгдүгээр сард Н.Энхбаяр эх орондоо ирсэн гэдэг мэдээлэл тархсан. Үүнийг нь намынхан нь няцаасан ч амжвал энэ сард, амжихгүй бол ирэх сард ирнэ гэв. Бүр итгэл, үнэмшил төрүүлэхийн тулд “цагаан сараар очиж ээж, аавтайгаа золгоно” гэсэн, “МАХН-ын Их чуулган ирэх гуравдугаар сард багтаж хуралдах төлөвтэй байгаа. Энэхүү чуулганд намынх нь дарга Н.Энхбаяр оролцож магадгүй” гэлээ.

Засгийн газар ганхаж эхэллээ, Х.Баттулга Ерөнхий сайд болохоор зүтгэж байна гэх шуугиан дэгдсэн. Өөрөөр хэлбэл шинэч­лэлийн засгийг “үйлдвэржилтийн” гэх тодотголтой болгож тухайн үедээ ҮХАА-н сайд асан Х.Баттулгаар толгойлуулах тухай яриа байлаа. Мэдээж эндээс МАХН-ынхан ямар нэгэн ашиг олох ямар ч боломжгүй бөгөөд анх хийсэн гэрээнийхээ дагуу квотоо л хүртэнэ. Гэхдээ ингэж Намбар гуайн хүүг ирнэ гэх мессежийг олонд хүргэснээр улстөрчдийн бужигнаан багасч, МАХН-ыг оролдохгүй гэдгийг засагт хамтарсан “Шударга ёс эвсэл” бүлгийнхэн гадарлачихсан хэрэг.

Түүнчлэн МАХН-ын дотоодын зөр­чил ширүүхэн байсан. МАХН-ын ги­шүүд, дэм­жигчдийн холбооны тэргүүн Г.Баяр­сайхан гэгч нөхөр удирдлагуудтайгаа тэм­цэл­дэж эхэлсэн үе байв. Харамсалтай нь экс Ерөн­хий­лөгч нэгдүгээр улиралд эх орон­доо ирэх байтугай намынх нь чуулган ч болсонгүй.

Тэгсэн гуравдугаар сард мань хүнийг дөрөвдүгээр сард ирнэ гэх мэдээлэл дахиад л тархав. Тиймээс нам нь Их чуулганаа хойшлуулсан гэх. Энэ мөн л дарга нь ирсэнгүй, МАХН-ынхан тавдугаар сард ирнэ хэмээн зарлалаа. Гэхдээ гуравдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд тэр үедээ экс Ерөнхийлөгчтэй тусгайлан, ганцаарчилж уулзсан гэх мэдээлэл ч тархсан.

Ингээд тавдугаар сар болоход Н.Энхбаяр төрсөн өдрөөрөө эх орондоо ирэх нь гэдэг яриа гарав. Энэ бүгдийг намын гишүүд нь байнга баталсаар ирсэн.

Ёстой л “Үхнэ, үхнэ гэсээр үхрийн мах барав” гэгчээр 6, 7, 8 сард ч экс Ерөн­хий­лөгч эх орондоо ирэх гээд л байлаа. Мэдээж өнгөрсөн саруудад эдийн засгийн нөхцөл хүндэрсний улмаас сөрөг хүчний шинэчлэлийн тодотголтой Засгийн газрыг унагахаар элдвийн арга сүвэгчилсэн. Хариуд нь Ерөнхий сайд “Эзэн-100” хөтөлбөрийг санаачлан хэсэг хугацаанд улстөрчдийн амыг хааж байв.

Тэгвэл даваа гарагт гэнэтхэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-аас орогнол хүссэн, иргэншлээ сольсон гэх мэдээлэл цахим ертөнцөөс хальж, хэвлэлийнхний анхаарлыг татсан. Энэ удаа ч МАХН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд хандан “Энэ бол улстөрийн хүчтэй өрсөлдөгчөө бүрмөсөн арчиж хаях гэсэн олигархжсан бүлэглэлүүдийн хийж байгаа зохион байгуулалттай өдөөн хатгалга мөн” гэх зэргээр тайлбарлав.

Угаасаа бүтэн жилийн хугацаанд Н.Энхбаяр ирсэн, ирнэ гэх мэдээлэл гарах бүрт МАХН-ынхан манай намыг нухчин дарах гэсэн улстөрийн бусад нам, хүчнүүдийн оролдлого, Н.Энхбаяр даргаас айж буй улстөрчдийн явуулга гэхчилэн тайлбарласаар ирсэн. Тиймээс ч даваа гарагт хийсэн мэдээлэл нь урьдын дүрс бичлэгээс ялгарахааргүй шахам байв. Үнэн хэрэгтээ хулгайч л “хулгайчийг бариарай” гэж орилдог шиг МАХН-ынхан өөрсдөө овоо босгочихоод түүн дээрээ сууж шаагилддаг юм биш байгаа гэх хар олон нийтэд эхэлсэн.

Одоогийн нөхцөл байдалд Засгийн газрын бүтэц яригдаад эхэлчихсэн, сэлгээний асуудал далдуур хэлэлцэгдэж байгаа. Тий­мээс улстөрчдийн “хадны мангаа” болсон Н.Энхбаярын талаарх маш ноцтой мэдээллээр олон нийтийн анхаарлыг нам руугаа татах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа “гайхалтай” санаа бодож олсон нь экс Ерөнхийлөгч өөр улсаас орогнол хүсэх явдал байсан биз.

МАХН-ынхан тэр дундаа гуравдахь Ерөнхийлөгч хэзээнээсээ БНСУ-ын иргэдтэй хамтран ажилладаг гэдгийг монголчууд сайн мэддэг болсон.

Анх Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуу­лийн үеэр АН-аас нэр дэвшигч өмнөд солонгосчуудын дэмжлэгтэйгээр Монголын төрийн тэргүүн болохоор санаархаж байна гэх агуулга бүхий видео бичлэг олон нийтэд цацагдсан. Тухайн үед Н.Энхбаяр /одоогийн МАН, тэрүед МАХН байсан/, Ц.Элбэгдорж нарын дунд ширүүхэн өрсөлдөөн болж байсан.

Түүгээр ч зогсохгүй Солонгосын хуулийн байгууллагынхан тэрхүү бичлэгийг хуурамч гэдгийг баталж өгснөөр АН-ынхан “аврагдаж” байв.

Түүнчлэн экс Ерөнхийлөгч өөрийн мэдлийн ТВ-9 телевизээ Солонгосын иргэн Ким Юн Ён гэгчээр удирдуулж эхэлсэн бөгөөд цаадах нь улсдаа тодорхой хэмжээний байр суурьтай нөхөр гэнэ. Тэгэхээр МАХН-ын даргын хувьд солонгостой холбоотойгоор янз бүрийн мэдээлэл түгээхэд хүндрэлтэй асуудал үүсэхгүй байж болох.

Хэдийгээр орогнол хүссэн тухай мэдээлэл Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр ца­цагдсан гэж байгаа ч арилжааны байгуул­лагууд ашгаа харсан уу, аль эсвэл 2009 оны түүх давтагдсан уу гэдэг нь тун хачирхалтай. Учир нь анхны мэдээллийг нийтэлсэн гэх Жунганг Илбу сонин нь “Самсунг”-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд улсдаа нэр хүндийн хувьд тийм ч дээгүүрт бичигддэггүй тухай солонгосчууд өөрсдөө хэлж байгаа юм.

Ер нь бол “Үхсэн буурийн толгойноос амьд ат айдаг” гэдэг болж МАХН-ынхан даргыгаа “мангаа” болгон улстөрд ашиг­лаад байгаа юм биз.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.