Ц.Мөнх-Оргил VS А.Ариунзаяа

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цар тахлын үед тохиромжгүй хуулийн төсөл оруулж ирлээ

- А.Ариунзаяа сайд та өөрөө боловсруулаагүй, өөрөө өргөн бариагүй хуулиа байн байн оруулж ирж хэлэлцүүлээд байх юм. Засгийн газрын бодлогын залгамж шинж чанар байгааг ойлгож байна. Гэхдээ цар тахлын үеэр гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал зургаан сараас нэг жилээр хойшлох нь ойлгомжтой. Энэ үнэхээр яаралтай асуудал мөн үү. Та энэ хуулийн төслийг уншиж танилцаж, өөрийн болгож чадсан уу. Үүнийг одоо хэлэлцэх гэж байгаа Хөдөлмөрийн тухай хуультай нэгтгээд өргөн барих бололцоо байгаагүй юу.  Монгол Улсын иргэн гадаадад очиж ажиллахад энэ хууль үйлчлэх нь ойлгогдож байна. Харин гадаад улсын иргэн Монголд ирж ажиллахад энэ хууль үйлчлэхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Хөдөлмөрийн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдана.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хуулийн төслийг буцаан татсанаар ахиад хугацаа алдана

Та төрийн бодлогын залгамж гэж хэллээ. Манай яамны хувьд сайд нь л солигдсон болохоос бусад бүх дарга, мэргэжилтнүүд хэвээрээ байгаа. Сайд солигдлоо гээд хууль нь бас солигдож болохгүй. Хөдөлмөрийн тухай хууль өргөн баригдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд хоорондын уялдаа холбоо нь хангагдаад явна. Гэхдээ Хөдөлмөрийн хуулиар бүгд зохицуулагдах боломжгүй. Тиймээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадад ажиллах болон гадаадаас ирж ажиллах хүчний асуудлыг зохицуулж байгаа. Энэ хуулийн төсөлд өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөрчлөлтийг оруулсан. 2001 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй учраас өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хуулийн төслийг буцаан татсанаар ахиад хугацаа алдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.