Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг орхихгүй гэв

Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой гэдгээ МАН-ын бүлэг удаа дараа мэдэгдэж байгаа. Энэхүү байр сууриа ч хэвлэлийн бага хурлынхаа үеэр мөн дахин тодотголоо. Бүтцээр далимдуулж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд нарыг хариуцлагаас зугтаалгаж болохгүй гэж үзэж буйгаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолж, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг өргөн мэдүүлэхдээ зарчмын тодорхой шаардлагуудыг баримтлахыг Ерөнхий сайдад сануулав. Юуны өмнө Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүрэлдэхүүнд "давхар дээл"-гүй мэргэжлийн хүмүүсийг санал болгох, ажлаа хийж чадахгүй хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, салбарынхаа ажлыг унагасан сайд нарыг дахин оруулж ирэхгүй байхыг санууллаа. Ингэхдээ тэрээр эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, төсөв санхүү, соёл, спортын салбар хариуцаж байгаа сайд нарыг өөрчлөн оруулж ирэх шаардлагатайг онцолсон юм.
 
Үүний зэрэгцээ хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, МАН-ын бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн төсвийн хэмнэлтээс бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэж уг шаардлагад тусгажээ. МАН-ын бүлгээс өгч байгаа энэ  шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэдгээ ч мэдэгдэв.
 
Д.Оюунхорол: Тоогоор тоглосон төсвийн төслийг татан авах хэрэгтэй
 
Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс дэд дарга Д.Оюунхоролоор ахлуулсан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулаад байна. Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл нь тодорхой хуулиудыг зөрчсөн, Засгийн газрын бүтэц шинээр батлагдсан учраас бүтэц, бүрэлдэхүүндээ тохирсон төсвийг оруулж ирэх шаардлага үүсээд байгааг тэрээр онцлов. Үүний тулд өргөн барьсан төсвийн төслөө татан авч хуульд нийцүүлэн дахин өргөн барих ёстой гэж үзэж байна.
 
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэхдээ "2015 оны төсвийг хэлэлцэхэд УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн. Тухайлбал, УИХ-ын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж үзэх ёстой. Сангийн сайд Ч.Улаан ирэх оны төсөвт реформ хийнэ гэж мэдэгдэж, цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг суулгасан гэсэн. Гэтэл энэ мөнгөөр цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэх ямар ч боломжгүй, энэ мэтээр тоон дээр тоглож ард иргэдээ тохуурхдаг ийм сэтгэхүйгээ зогсоох шаардлагатай. Ирэх оны төсөвт ам.долларыг 1750 төгрөгөөр тооцсон байх юм. Энэ жилийн төсөвт 1340 ам.доллараар тооцсоноос болж баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ард иргэд асар их хохирол амссан. Тиймээс ам.долларын ханшийг бодит тоотой уялдуулж тооцохыг бид шаардаж байна. Мөн "Эзэн-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөвтэй холбоотой үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлсэн болон орлого зарлагатай холбоотой мэдээллийг авна" гэлээ.
 
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эзэн 100" хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байсныг онцлоод "Ерөнхий сайдаас ирсэн энэ талаарх тайланг нягтлан үзэж байгаа. Төсөв санхүүгийн хувьд хуудуутай, бусдын хийсэн ажлыг хуулбарласан ноцтой асуудал олон байгаа. Энэ мэт асуудлаар бид байр суурь, дүгнэлтээ удахгүй хүргэх болно" гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.