Д.Батмөнх: Отрын малчдын асуудлыг хоёр талын Засаг дарга хамтарч шийдэх ёстой

Энэ  жил  манай улсын нийт нутгийн 70-аас дээш хувьд 5-30 см цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай”  тогтоолыг Засгийн газар энэ сарын 16-нд баталсан.  Өвс, тэжээлийн энэ дэмжлэг болон отрын нүүдэл хийж байгаа малчдын асуудлаар ХХААХҮЯ-ны Мал, аж ахуйн бодлогын хэрэгжилтийги зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

 

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийг нь хүргэсэн үү.  Тогтоолын хэрэгжилт ямар түвшинд байна?

-Засгийн газрын долдугаар сарын 22-ны  19 дүгээр тогтоолоор аймаг сумдад бүрдүүлэх ёстой өвс тэжээлийн нөөцийг хангах даалгаврыг хүргүүлсэн. Тодруулбал, энэ жил нийт аймаг, орон нутгийн хэмжээнд 61 мянган тонн өвс, 15800 тонн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн.  ХХААХҮ-ийн сайд Засгийн газрын арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын  дүнг танилцуулсан. Энэ үед малчид иргэдийн түвшинд өвс тэжээлийн бүрдүүлэлт 80 хувь, аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлт 41 хувьтай буюу харьцангуй доогуур гарсан. Тиймээс өвс тэжээлийн бүрдүүлэлтийг нөхөхийг ЗГ-ын хуралдаанаар даалгасан.  Мөн 2020-2021 онд аймаг, сумд өвс тэжээлийн  нөхөн бүрдүүлэлтийг шуурхай хугацаанд  зохион байгуулах даалгавар өгсөн. Энэ үүргийг биелүүлэхийн тулд  10 аймагт өвөл, хаврын өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд нь туслах зорилгоор  хоёр тэрбум 160 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.  Тус 10 аймаг энэ сардаа багтаан 2770 тонн өвс, 540 тонн тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлт 50 гаруй  хувь болж өснө. Мөн УОК-ын шийдвэрээр өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг улсын нөөцөөс гаргасан. 

-Өвөлжилт ихэнх аймагт хүндэрсэн учир малчид отор нүүдэл их хийж байна. Гэхдээ тухайн нутгийн малчид, оторчдын маргаан тасарсангүй. Энэ асуудлыг шийдэх тал дээр хэрхэн ажиллаж байна?

-ХХААХҮ-ийн сайд өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулаад  66 дугаар тэмдэглэлийг гаргасан. Энэ тэмдэглэлд маш тодорхой гурван заалт орсон. Нэгдүгээрт, аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлтийг эрчимжүүлнэ. Хоёр­дугаарт, отроор явж байгаа малчдын эрүүл мэнд болон төрийн үйлчилгээ үзүүлэх зардлыг аймгийн Засаг дарга нар шийдэх үүрэг өгсөн. Гуравдугаарт, оторчдыг хүлээж авч байгаа аймгууд нийгмийн хэв журмыг сахиулахад анхаарч ажиллахыг ЦЕГ-т үүрэг болгосон.  Отор хийж байгаа малчид болон тухайн нутгийн суурин малчдын хооронд үл ойлголцол үүсдэг асуудал бий. Үүнийг шийдвэрлэхийн тулд отроор илгээж байгаа аймаг болон, оторчдыг хүлээж авч байгаа аймаг, сумын Засаг дарга нарын хоорондын  ажлын уялдаа холбоо маш чухал. Тухайлбал, малчдаа отроор явуулах гэж байгаа орон нутгийн засаг дарга малчдын тоо, малын тоо толгой, малын эрүүл мэндийн гэрчилгээ болон вакцинжуулалтын талаарх мэдээллийг оторлож очих орон нутгийн засаг даргад албан бичгээр өгөх ёстой. Ингэвэл үл ойлголцох асуудал гарахгүй.  Учир нь хэчнээн тооны мал ирсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан эсэх талаарх мэдээлэл байхгүй болохоор малчдын хооронд үл ойлголцол үүсээд байгаа юм.  Тиймээс отроор очиж байгаа малчид нь  тухайн очиж байгаа газрынхаа хүн эмнэлэгт, малаа  мал эмнэлгийн газарт нь бүртгүүлээд тухайн нутагтаа амьдрах боломжтой. Энэ арга хэмжээг яаралтай зохион байгуулах чиглэлийг яам орон нутагт цахим хурал зохион байгуулж өгсөн.

-Оторчид хэдий хугацаагаар тухайн газар суурьших боломжтой вэ. Үүн дээр зохицуулалт хийсэн үү?

-Оторчдыг дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор нутаг буцах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгосон. Тухайн газарт нутаглаж байсан иргэдийг оторчидтой зохицон нутгаа ашиглуулах зохицуулалтыг хийсэн. Хоёр талдаа бүртгэлээ нягталсан тохиолдолд отроор явуулж байгаа болон, оторчдыг хүлээн авч байгаа хоёр  орон нутгийн засаг дарга нар хоорондоо гэрээ байгуулаад хэчнээн малчин, хэдэн малтай ирсэн талаарх мэдээллийг солилцоно. Мөн малчин өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээ, өвс тэжээлийн зардлыг хамтарч шийднэ гэж тохиролцох ёстой. Энэ чиглэлийн үйл ажиллагааг зайлшгүй хамтарч зохион байгуулах ёстой.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-12-28 10:37:45
    хамар багтахаараа идэж хаяа багтахаар айлсана гэдэгээ баримтал. хөөж туух гэдэг бол ёсонд хазгай үйлдэл шүү.
    172.69.252.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-12-28 05:50:03
    Нөгөө л монголчуудыг тархай бутархай байлгах их гүрний бодлого одоо хонио харуулахад хүртэл нөлөөлөөд бид 4 аймаг 80 аад хошуу энэ үед зөрчилгүй
    162.158.6.139
    Мэдэгдсэн Хариулах