2020: Урлаг спортын онцлох үйл явдлууд
Урлаг спортынхонд ээлгүй нэгэн он шувтарч байна. БНХАУ-аас эхтэй коронавирусын халдвар дэгдэхтэй зэрэгцэн манай улс хилээ хааж, олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан. Сар шинийн баярыг угтан хэд хэдэн тоглолт товлогдоод байсан ч нөхцөл байдлаас шалтгаалан бүгд хойшилсон юм. Спортын тэмцээн уралдаанууд ч мөн монгол гэлтгүй дэлхий нийтэд цуцлагдсан нэгэн он өнгөрч байна.

Урлаг спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Монгол наадмаа цахимаар зохион байгууллаа


 

 Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам цар тахлын улмаас нийслэл Улаанбаатар хот төв цэнгэлдэхэд бус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолбор газарт зохион байгуулагдсан юм. 
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Харин  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ дагуу иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулсан юм.
 
Гурван бөхөөс допинг илэрлээ
 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдлаа. Улмаар Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, Монгол Улсын Аварга цолны болзол хангасан юм.
Гэвч хэдхэн сарын дараа дахин допингийн асуудал хөндөгдөв. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2, Үндсэний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 оны дөрөвдүгээр тогтоолын 4.1-д заасныг үндэслэн жил бүрийн баяр наадамд таваас  дээш давсан  16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг.
Үүний дагуу энэ жил 16 бөхөөс шинжилгээ авсан бөгөөд хариу нь өнгөрсөн есдүгээр сарын 8-нд ирсэн байдаг. БНСУ-аас ирсэн хариугаар гурван бөхийн  шинжилгээний хариуд допинг илэрсэн юм. Тэдгээр  гурван бөх А сорьцийн шинжилгээний хариуг зөвшөөрч, Б сорьц өгөхгүй гэдгээ мэдэгдэв.
Тодруулбал,
•          1.Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн  Улсын харцага Ө.Бат-Оршихийн 4407678 дугаартай  дээжид Дэлхийн допингийн агентлагаас гаргасан  хориглосон жагсаалт 2020-д багтсан гурван төрлийн бодис,
•          2.Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн,
•          3.Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис илэрсэн байдаг.
•         
Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна

Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр олимпийн аварга  Н. Түвшинбаярыг сонголоо.  МҮОХ-г олон жил удирдсан  Д.Загдсүрэн 2019 оны аравдугаар сард  эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа  өгсөн юм.
Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар  сарын 14-нд болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Хурлаар "Бээжин-2008" олимпын жүдо бөхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдсон байдаг.
 
Соёлын яамтай боллоо

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх болж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх улирч, танхимаа шинээр бүрдүүлсэн юм.
Ингэхдээ моёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет өвөө хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой бодлогын яам байгууллаа.
Манай улсад анх 1956 онд Соёлын яам байгуулагдаж 1959 онд татан буугдсан. 1961 онд дахин байгуулагдаж 29 жил ажиллах хугацаандаа олон сайхан ажил хийж кино урлаг, сонгодог урлаг, цирк , театрыг хөгжүүлж байгаад 1990 онд татан буугджээ.
Өдгөө Орос, Хятад,Чех, Дани, Бразил, Канад, Франц, Итали, Испани, Энэтхэг, Турк, Тайланд зэрэг дэлхийн 26 орон соёлын яамтай аж.
 
“Анна Каренина” Монголд анх удаа

 
Дэлхийд алдартай сонгодог зохиол “Анна Каренина”-гаар Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн өвөл цагийн нээлтээ хийсэн юм. 2020 оны гуравдугаар сард Эмэгтэйчүүдийн баяраар тоглохоор бэлтгэлдээ орсон ч цар тахлын улмаас хойшилсоор хагас жил гаруйн дараа нээж, үзэгч олонд хүлээлт үүсгэсэн сонгодог бүтээл хамгийн эрэлт ихтэй хэвээр бүтэн сар үргэлжлэн тоглогдсон юм. 
Энэхүү сонгодог жүжгийн гол дүр Анна Каренинад залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Аннагийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээх юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар, СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцсон юм.
 
 

О.МОЛОР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.