Цар тахалтай тэмцэх хуулийг сунгаж, аймгуудыг халдваргүй бүс болгон зарласан долоо хоног
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсэн нэгэн долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын тархалт буурсангүй, хэд хэдэн газар шинэ тохиолдлууд илэрсээр байна.  Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе?

 
Ерөнхийлөгч сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачлагаа давтав
 
 Өнгөрсөн жил он солигдох мөчид Ерөнхийлөгч тэтгэврийн зээл тэглэх мэдэгдэл хийж, дуулиан дэгдээж байв. Харин энэ удаад өнгөрсөн 11 дүгээр сард гаргасан өрх бүрд сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачлагаа давтав. Тэрбээр “Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна” гэсэн юм.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрт нэг сая төгрөг олгох, ингэхдээ 800 төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс хүнс, бараагаар олгох үлдсэн 200 мянган төгрөгийг бэлнээр олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч дэмжигдээгүй юм.

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ
 
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн жилүүдэд гадаадын компанийн нэр дээр шилжсэн тухай мэдээлэл нь үе үе гарч байсан тус ордын нөөцийг ийнхүү улс бүртгэж авлаа.
Тодруулбал, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байгаа аж.
 Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цар тахалтай тэмцэх хуулийг зургаан сараар сунгалаа
 
Парламент он солигдохоос өмнө Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунгалаа. Мөн Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.
Түүнчлэн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон. Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурлаа. Үүнтэй уялдуулан бодлогын хүү ч гэсэн 6 хувь болж буурсан. Ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байна.
 
Мөн шинэ оны босгон дээр Ломбардын зээлийн хүүг тогтворжуулах, ломбардын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл, Коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл өргөн баригдлаа.
 
21 аймгийг халдваргүй бүс болголоо
 
Өнгөрсөн долоо хоногт хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.
Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 
 
 О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.