
Эрүүл мэндийн яамнаас 14:00 цагт дахин мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан Элит Клиник” эмнэлэг нэг сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр нэг сарын 3-ний өдөр эмч, эмнэлгийн ажилчдаасаа коронавирусийн халдварын шинжилгээг авсан байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ажилтнуудаа PCR-ын шинжилгээнд дахин хамруулсан байна. Одоогийн байдлаар тус эмнэлгийн шинжилгээнд хамрагдсан нийт ажилтны 9 хүнээс коронавирус илрээд байна. Тандалт судалгааг үргэлжүүлэн хийж байна. “Ачтан Элит Клиник” нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумж бөглүүлж, судалгаа тандалт хийж байсан байна. Хэвтэн эмчлүүлэгсдээ бүгдийг нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан. Хамгийн сүүлд тус эмнэлэгт 12 сарын 24-нд өвчтөн хэвтэж, 12 сарын 28-нд хамгийн сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчээ эмнэлгээс гаргаж, 29,30-ний өдрүүдэд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан Элит Клиник” эмнэлгээр үйлчүүлсэн иргэд болон хэвтэн эмчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох оношилгооны цэг дээр очиж шинжилгээнд хамрагдахыг хүсч байна" гэлээ.
Та 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авна уу.
С.Тайшир
Оллоо.мн