
Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл БНХАУ-ын Сань-Яа хотноо ирэх дөрөвдүгээр сарын 2-10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдоод байсан Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийдвэрийг шинэ оны өмнөхөн гаргалаа. Ингэхдээ дэлхий дахиныг түгшээгээд байгаа Ковид-19 цар тахлаас үүдэн дээрх саналыг гаргасныг ОСА-гийн гүйцэтгэх зөвлөлийн бүх гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Уг нь тус наадмыг 2020 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 6-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч цар тахлын улмаас энэ оны 4 дүгээр сар хүртэл хойшлуулаад байсан бөгөөд энэ удаад мөн л тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. “Сань Яа-2021” наадмыг хэзээ зохион байгуулах талаарх шинэ товыг оролцогч талууд хамтран зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой болгох бөгөөд спортын 18 төрлөөр зохион байгуулах юм.
Манай тамирчдын хувьд Азийн элсний спортын наадамд 9 төрөлд оролцоно. Тодруулбал, акуатлон, 3х3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний волейбол, элсний бөх, модон бөмбөг, жү-жицү, спорт авиралт, тэкбол зэрэг төрөлд оролцох юм.
МҮОХ