ЭМЯ: Улаанбаатарт 14 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Ховд  аймгийн салбар лабораториудад  нийт 15849 хүнд хийгдсэн шинжилгээнээс 14 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 Илэрсэн 14 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 17-р хорооны хоёр гэр бүлийн 9 хүнээс илэрлээ энэ хүмүүс ажиглан тусгаарлах байранд тусгаарлалтад байсан. Баянгол дүүргийн 6-р хорооноос нэг гэр бүлийн 3 хүн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэр бүлийн хавьтлын нэг хүн, мөн ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн байна.  Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. 

Бусад аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээгүй. Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол эдгэрч гарсан. Одоо Сэлэнгэ аймгийн эмнэлэгт коронавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Сэлэнгэ аймгийн хэмжээнд голомтын хяналтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Өдөртөө 170-200 хүний шинжилгээ авч байгаа нь бүгд сөрөг гарч байна. 

 Дотоодын нийт тохиолдол 956 боллоо. Нийт 494 хүн эдгэрч гарсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1456, эдгэрсэн 909 хүн байна. ХӨСҮТ /261/,  Цэргийн төв эмнэлэг, /201/   нийт  462 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 354 хүн эмчлэгдэж байна" гэв.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ-д шинээр 23 мянган хүн халдвар авч, нийт батлагдсан тохиолдол 3.425.269 болсон байна. Сүүлийн 10 хоногт өвчлөл бага зэрэг буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа. Буриадад  148 хүн шинээр өвчилж, нийт 27403 халдварын тохиолдол бүртгэгдсэн, Алтайн БНУ-д 64 хүн шинээр өвчилж нийт 14353 тохиолдол, Тувад 23 хүн шинээр өвчилж,  нийт 14993 тохиолдол, Өвөрбайгальд 229 шинээр өвчилж, нийт 29837 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Их Британи улсаас гаралтай мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар өчигдөр ОХУ-д нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ халдвар илэрсэн хүн Их Британи улсаас ирсэн бөгөөд одоо тусгаарлалтад байгаа. ОХУ-ын  Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэхдээ шинэ мутацид орсон коронавирусээс айж сандрах хэрэггүй, одоо хийгдэж байгаа Спутник-5 вакцин нь энэ вирусийн эсрэг үр дүнтэй байгаа гэсэн байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus