ЭМЯ: 13 тохиолдол нэмэгдэж, БЗД-ийн 17-р хороонд голомтын илрүүлгийн шинжилгээг эхлүүллээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори,  НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 16975 хүнд хийгдсэн шинжилгээнээс 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Илэрсэн 13 тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан  "Ачтан" эмнэлгийн нэг эмч байна. Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн байна. Мөн батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн. Баянзүрх дүүргийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш 4 хүн байна. Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 643 боллоо. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй

Дотоодын нийт тохиолдол 969 боллоо. Цэргийн төв эмнэлгээс 18 хүн, ХӨСҮТ-ээс 20 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжлээ. 

 Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1469, эдгэрсэн 909 хүн байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт   нийт  549 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 439 хүн эмчлэгдэж байна.

Баянзүрх дүүргийн 17-р хороонд  4 гэр бүлийн 12 хүн өвчилсөн. Мөн 9-р хороонд гэр бүлийн хүмүүс өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 17-р хороонд голомтын илрүүлгийн шинжилгээг өнөөдрөөс эхлэн зохион байгууулж байна. Шинээр үүссэн голомттой холбоотой олон хүнийг хамарсан байгууллага ААН байна. "Алтан жолоо" компанийн нэг ажилтнаас халдвар илэрсэн учраас тус компанийн төв оффисийн хүмүүсийг шинжилгээнд хамруулж  47 хүнийг тусгаарлаад байна. Мөн 17-р хорооны, хорооны 3 ажилтан өвчилсөн учраас тус хорооны ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авч байна. "Дөрвөн бэрх",  "Цаст"  харуул хамгаалалтын албанаас өвчтөн илэрсэн тул ажилтнуудыг тусгаарлан шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus