ЭМЯ: Есөн хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 9115 хүнд шинжилгээ хийсэн. Есөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Есөн тохиолдол Улаанбаатарт хотод бүртгэгдсэн. Есөн хүний дөрөв нь 25-р эмийн сангийн ойролцоох "Монос" эмийн сангийн голомтоос, гурав нь Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтан байна. Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тусгаарлалтад байсан 2 хүнээс илэрсэн байна.   Улаанбаатар хотын нийт тохиолдол 699 боллоо.

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  

Дотоодын нийт тохиолдол 1025 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эмчлэгдэж  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1526, эдгэрсэн 967 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт  нийт  548 хүн эмчилгээнд байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван тохиолдол эмчлэгдэж байгаа.  Энэ хүмүүсийн хувьд вирус ялгаралт нь зогссон гэхдээ үргэлжлүүлэн эмчилгээ авах шаардлагатай, биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 хүн эмчилгээнд байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шөнө нь маш хүнд хүн очиж хэвтэхэд нь шинжилгээ хийж  коронавирусийн халдвартай нь батлагдсан учир тусгаарлан, ХӨСҮТ рүү татаж авсан. Энэ хүн хэд хэдэн эмнэлгээр дамжиж үйлчилгээ авсан. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, "Сонгдо" нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирсэн байна. Эдгээр эмнэлгүүдийн эмч, ажилчдыг ялгах тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. "Сонгдо" эмнэлгийн 6 хүнийг тусгаарлалтад авч, 30 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 4 хүнийг тусгаарласан. Нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тусгаарласан, гэр бүлийн 16 хүнийг тусгаарлан шинжилгээ хийсэн байна. Эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна.

Нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1194 хүн тусгаарлалт, хяналтад байна. Хоёрдогч хавьтал 2666 хүн байна. "Монос" эмийн сангийн ажилтан өвчилсөнтэй  холбоотой ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж, 67 хүн ажиглалт тусгаарлалтад байна.

Баянзүрх дүүргийн 17-р хороонд голомтын илрүүлгийн шинжилгээг 5083 хүнд хийсэн. Үүнээс 18 хүнд корнавирус илэрсэн. Энэ 18 хүн бүгд голомтын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байсан. Баянгол дүүргийн 4-р хороонд 4 мянга орчим хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна.

Сүүлийн 2,3 тохиолдол хүндэрсэн үедээ эмнэлэгт ирсэн, нэгдсэн эмнэлэгт ирэхээсээ өмнө олон эмнэлгээр явсан, нэг эмнэлэгтээ олон кабинетаар үйлчлүүлсэн байгаа учир иргэд өвчнөө хүндрүүлэлгүй ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш яаралтай харъяа эрүүл мэндийн төвдөө хандаж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ингэснээр халдвар тараах эрсдэлийг буруулж байгаа юм" гэв.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus