Судалгаанд оролцогчдын 80 хувь нь коронавирусийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна
Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк  хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж байна.  Гурав дахь шатны судалгааны үр дүнг суурьшил (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө) болон хот, хөдөөг төлөөлөх чадвартай 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн тооцсон байна. Уг судалгааг  2020 оны 12 дугаар сарын 3-наас 15-ны хооронд зохион байгуулжээ.

Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакцин үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх үсэлтэй байна. Ковид-19-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна.

Ядуу хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Гэхдээ вакцин үнэ төлбөртэй байсан ч хийлгэх тэдний хүсэл нь ядуу бус хүмүүсийнхтэй ижил байна.

Хүмүүс ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.

Улаанбаатар хотод амьдардаг болон ядуу бус хүмүүс вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гэж (27-30 мянган төгрөг) харин хөдөө орон нутгийн болон ядуу иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19-20 мянган төгрөг) гэж хариулсан байна.

Ковид-19 вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж байна.







С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus