ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Ховд, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 17646 хүнд шинжилгээ хийснээс арван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 10 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн бөгөөд ажиглан тусгаарлалтад байсан хүмүүс юм. Улаанбаатар хотын нийт батлагдсан тохиолдол 709 боллоо. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  

Дотоодын нийт тохиолдол 1035 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 28 хүн эмчлэгдэж  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1536, эдгэрсэн 995 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Нэгдүгээр эмэнэлэгт нийт  530 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 40, хөнгөн 478 хүн эмчилгээнд байна. ХӨСҮТд 215 хүн эмчилгээнд байна. Үүнээс хөнгөн 183, хүндэвтэр 29, хүнд 2, маш хүнд 1  хүн байна. Цэргийн төв эмнэлэгт хөнгөн 83, хүндэвтэр 11, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. 

Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 14 хүн нэмж тусгаарлагдсан. Ингээд 1208  хүн тусгаарлалтад байгаагаас 32 хүний ажиглан тандалтын хугацаа дуусч шинжилгээний хариу сөрөг гарсан учраас гэртээ гарсан байна. Хоёрдогч хавьтлаар 69 хүн нэмэгдэж, нийт 2735 хүн гэрийн хяналтад байна" гэв.

Мэдээллийн дараах асуулт, хариулт

-"Мөнгөн гүүр" эмнэлгийн лаборантын хариуг худлаа гаргасан. Халдвар илрээгүй байхад илэрсэн гэж эмчилсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
-Ойрын хавьтлаар тусгаарлалтад байгаа хүмүүсээс төлбөр авч байгаа юу?
-Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдвараар нэг хүн нас барсан гэсэн. Энэ талаар?
-Нярай хүүхдийг халдвар илэрсэн ээжтэй нь хамт нэг өрөөнд байлгасны улмаас хүүхэд нь халдвар авсан гэсэн мэдээлэл байна.

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ коронавирусийн халдвараар биш зүрхний өвчнөөр нас барсан. Гурван удаагийн давтан шинжилгээ авахад сөрөг эдгэрсэн гарсан. 

Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэгэн хэмжээгээр төлбөр авахгүй байгаа.

А.Амбасэлмаа: "Мөнгөн гүүр" эмнэлгийн лаборант болон амьдардаг байранд нь 3,4 тохиолдол батлагдсан. Баянгол дүүргийн 46-р байрын 4 хүний онош батлагдсан. Тухайн үед авсан шинжилгээнд вирус илэрсэн. Үүнийг ЗӨСҮТ баталгаажуулж ирүүлсэн. Вирус илэрсэн тохиолдолд хэвтүүлж эмчилж байгаа.

Нярай хөхүүл хүүхэдтэй хүнд халдвар илэрсэн тохиолдолд  хамт тусгаарлахаас өөр аргагүй. Хэвтэх үед нь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг  сайн мөрдөхийг зөвлөмж болгоод, ээж өөрөө дэглэмийг чанд сахин хэвтсэн тохиолдол хэд хэд гарсан. Яг одоогоор нярад халдвар илэрсэн тохиолдол гараагүй байна.  Ээж халдвар сэргийллийн дэглэмээ маш сайн баримталж хүүхэдтэйгээ хамт хэвтэж байгаа. 

С.Тайшир
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus