ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Ховд, Дорнод  аймгийн салбар лабораториудад  нийт 13313 хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг  32 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 13 тохиолдол нь Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрын нэг орцны 6 айлын хүмүүсээс илэрсэн байна. Энэ дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн нэг эмч халдвартай гарсан. Үүнтэй холбогдуулан 900 гаруй эмч, ажилчид, үйлчлүүлэгчдийг тандалт шинжилгээнд хамруулаад байна. 

"Монос" эмийн сангаас үүдэлтэй голомттой холбоотойгоор Нэгдүгээр амаржих газарт төрсөн эмэгтэйгийн гэр бүлийн хүмүүсээс нь халдвар илэрсэн. 

Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.  

Дотоодын нийт тохиолдол 1067 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эмчлэгдэж  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1568, эдгэрсэн 1043 хүн байна. ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Нэгдүгээр эмэнэлэгт нийт  523 хүн эмчилгээнд байна" гэв


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus