Буудай тойрсон будлиан

Энэ намар уг нь ойрын жилүүдэд авч байгаагүй их буудай хурааж, өмнөх жилүүдийн ургацаас илүү цавуулаг ихтэй, чанартай гурилын түүхий эд бэлтгэж байгаа мэдээ атар талаас ирсэн. Салбарын яамны удирдлагууд ч гаднаас гурил гуйхгүйгээр арвин ургац хурааж байгааг баярхан ярьж, ахисан амжилтаараа гайхуулж байгаа. Гэвч яагаад ч юм гэнэт 50 мянган тонн улаанбуудайг гаднаас авах эрхийг салбарын яамны удирдлагууд гурилын компаниудад олгочихов. Үүнээс болж энэ намар буудай тойрсон бужигнаан намдсангүй. Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн энэ салбарт хүнсний стартегийн гол бүтээгдэхүүн дагасан будлиан тасраагүй. Тухайлбал, салбарын сайдын 20 мянган тонн буудай муутгасан балаг,  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга сангийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэг, стратегийн салбарт нуугдсан улстөрчдийн далд бизнес, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн хоорондох зөрчилдөөн гэх зэргээр буудай тойрсон будлиан үргэлжилнэ.

Т.Бадамжунайн балаг

Тариалангийн бүсэд албан тушаал, салбарын сайдын сэнтийгээрээ олсон мянган га-аар хэмжигдэх газартай энэ сайдад буудайтай холбоотой хэрэг бас бий.  Булган аймагт байгуулсан “Хангай гурил”компанийнх нь санхүүгийн түүх мөн буудайтай холбоотой. Атрын гуравдугаар аяны хүрээнд  Хятадаас их хэмжээний хөнгөлөлттэй зээл орж ирсэн нь буудай толгойлсон салбарын сайдад боломж болсон байдаг. Тэрээр урд хөршөөс манай улсын хүнсний стартегийн салбар руу чиглэсэн их мөнгөний урт тоон дээр хэсэг нөхдийн хамт тоглоод амжсан.

Улсын нөөц дэх улаанбуудайн хадгалалт хариуцсан нөхөд нь 20 мянган тонн буудай муутгаж, улсад, хүнсний аюулгүй байдалд багагүй хохирол учруулсан. Гэхдээ энэ хэргийн сэжүүр салбарын сайдаас эхлэлтэй байсан болохоор хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн аж. Түүний улаанбуудайн салбарт тарьсан балаг үүгээр зогсохгүй. Хэдэн жилийн өмнө эрх мэдлээрээ түрэмгийлж тариалангийн салбарт Хятадын их хэмжээний техник оруулж ирсэн нь мөн хууль бус байсан хэмээдэг. Салбарын сайд байсан тэрээр  Хятадын төрийн өмчит “Ротн Роул” хэмээх компанийг Монголд хөнгөлөлттэй үнээр 8400 бага оврын трактор нийлүүлэх тендерийн ялагч болгосон нь цаанаа мөн л ашиг сонирхлын зөрчлийг нуусан байдаг юм.

Даргадаа тонуулсан тариалан эрхлэлтийг дэмжих сан

Улсын тусгай сангуудын нэг болох Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө тэрбум тэрбумаар хэмжигдэнэ. Нэг үе жилд 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан уг сангийн хөрөнгө салбарыг хөгжүүлэх улсын бодлогыг дагаад 32.5 тэрбум болтлоо арвижсан. Үүнийг дагаад энэ хөрөнгөд эзэн суусан дарга нартай холбоотой их мөнгөний хэрэг дэгдэх болов. Уг санг удирдаж байсан үе үеийн удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлээс дурдахад, санд тушаасан тариаланчдын ургацаас  их хэмжээнийг ууталж, спиртний үйлдвэрүүдтэй наймаалцсан, улсаас тариаланчдыг урамшуулах мөнгөөр өөрсдийгөө “урамшуулсан”, атрын аянаар далимдуулж ар хударгаар сангийн мөнгөнөөс хувьдаа хумсалсан, төсвөөс тариан талбайд илгээсэн хөрөнгийг замаас нь завшсан гэх зэргээр буудайн сангийн мөнгийг будилуулсан хэрэг араасаа хөвөрнө.

Тус санд хийсэн аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн баримтууд дунд ичиж үхмээр хэрэг хүртэл бий. 2008 онд өөрсдийгөө сайн ажилласан гэж уг сангийн удирдлагууд сангийн 173 сая төгрөгөөр нэг нэгнийгээ урамшуулсан байдаг. Мөн дараа жил нь сангийн төлөвлөсөн зардлыг найман төрлөөр хэтрүүлж, үүнийгээ тариаланчдын мөнгөөр санхүүжүүлсэн нь мөнөөх тариаланчдад очих урамшуулал “ууршсан” гэсэн үг . 2008-2010 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдыг бус салбарын яамаа 300 гаруй сая төгрөгөөр тэтгэсэн байх юм.

Улаан буудай ба улстөр

Иргэд ирэх онд хэдэн төгрөгөөр талх худалдаж авахыг салбарын яам болон тариаланчид, гурилын үйлдвэрүүд шийддэг. Өөрөөр хэлбэл, жил бүрийн намар хүмүүсийн хүнсний гол бүтээгдэхүүний үнэ өгсөх, уруудах нь эдгээр байгууллагаас шалтгаалдаг. Тариаланч­дынхаа жилийн хөдөл­мөрийг төр хэр шударга үнэлнэ. Тэр хэрээр тэд хураасан ургацаа  үнэлдэг. Өөрөөр хэлбэл, дэмждэг сангийнх нь мөнгө хэр зөв замаар тэдэнд хүрнэ тэр чинээгээр тариаланчид талхны үнэд “найр тавьдаг” аж. Харин сүүлийн жилүүдэд хавраас зун, намар гээд бараг бүтэн жил хөдөлмөрлөсөн ажлынх нь шим дээр салбарын яамны удирдлагууд гурилын үйлдвэрүүдтэй хамтарч тоглолт хийж байгаад бухимдаж буйгаа хэлсэн. Гурилын монополь үйлдвэрүүдийн хөрөнгөд ивээгдсэн яамны дарга нар эргүүлээд хариу барихдаа төрөөс тариан талбайд илгээсэн дэмжлэг, хөрөнгийг замаас нь хазайлгадаг болсон талаар энэ намаржингаа шуугилаа.

Хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн дээр дөрөөлсөн улстөрч, бизнесмэнүүдийн тоглолт тариаланчдыг хөлдөө чирдэг гэлцдэг. Жил бүр хойд айлаас гурил авах тухай яриа улстөрчдийг талцуулж, талхаа тариаланчдынхаа буудайгаар хийе гэсэн нэг хэсгийгээ ардаа гурилын бизнестэй зарим нь улайран эсэргүүцнэ. Улаанбуудайн бизнес  улстөрчдийн ард аль хэдийнэ цэцэглэсний ойрын жишээнээс дурдахад, салбарын яамны удирдлагууд гурилын томоохон компанитай хуйвалдаж Оросоос буудай ачих нууц шийдвэр гаргасан гэх яриа. Тариаланчдын хэлж байгаагаар стратегийн бүтээгдэхүүнийг импорт­лох асуудлыг Ерөнхий сайдаар ахлуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, зөвлөмж гарсны дараа шийдвэрлэдэг байна.  Гэтэл зөвлөмж гараагүй байхад хойд хөршийн улаанбуудайн цуваа аль хэдийнэ  Монголын хилийг давжээ.

“Улаанбаатар гурил” компани улаанбуудай импортлох зөвшөөрлийг өнгөрсөн сарын 30-нд авчээ. Гэтэл үүнээс ердөө ганцхан хоногийн дараа импортын буудай “Улаанбаатар гурил” компанийн хашаанд “заларчээ”. Монгол Улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 400-450 мянган тонн. Энэ намар 466 мянган тонн буудай  хурахаар төлөвлөснөөс 400 орчим мянган тонныг хураажээ.    Гэтэл импортын улаанбуудайны эхлэл улсын хилээр давчихлаа.

Урашуулсан ч урагшилдаггүйн учир

Гаднаас гэнэт буудай импортолсноо салбарын яам, “Улаанбаатар гурил”-ын удирдлагууд дотоодын чанаргүй буудайнд хольж чанартай гурил үйлдвэрлэхийн тулд гэж тайлбарласан. Харин буудайг хаваржин, зунжингаа хамгаалж, арчилсан хүмүүс нь “Энэ жилийн улаанбуудай цавуулаг сайтай. Монголын хөрсөнд ургасан улаанбуудайгаар хийсэн гурилыг бид иднэ. Дотоодын улаанбуудай дээд зэргийн үрээр тарьсан II сортынх. Гэтэл ОХУ-ын IV, V сортын улаанбуудайг үүнээс илүү гээд байгааг ойлгохгүй юм. Ийм сортын буудайгаар гадныхан гахай, нохой, шувуу, малаа тэжээдэг. Ийм буудайгаар гурил үйлдвэрлэх гэж байна. Мэдээж дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй хямд үнээр орж ирнэ. Нэг тонн нь 300-400 мянга орчим төгрөг байгаа. Гэтэл нэг кг гурилын үнэ дунджаар 800 төгрөг байдаг.

Ингээд бодохоор гурил үйлдвэрлэгчид гурав нугалж байгаа биз дээ. Энэ ашгийн төлөө тэд улайрч байна” хэмээсэн. “Буудайны чинь тонн тутмыг 100 мянган төгрөгөөр урамшуулж байна. Хариуд нь дотоодын улаанбуудайн хэрэгцээг 100 хувь ханга”. Улсаас олгодог урамшууллын хариуд ийм үүрэг авсан тариаланчдын ердөө 20 хүрэхгүй хувь нь төрийн хишгийг хүртэж байгаагаа хэлсэн. Өмчөө, газраа арчилж, хөрсөө сэргээдэггүй төрөөс болж жилийн хөдөлмөр, хөлсөө цавуулаг бага, чанар тааруу ургацаар үнэлүүлж байна. Намар түүнийг нь гурилын компаниуд салбарын дарга нартай нийлж байгаад доош нь хийж, дотоодын улаанбуудайнаас хямд импорт­ынхыг сонгоно гэж айлгана.

Харин хариуд нь тариаланчид удаж удаж гар дээрээ авдаг урамшууллын хэдэн төгрөгөөр төрийн өмнөөс хөрс сэргээж, газар арчлах уу, техникээ шинэчлэж, үр татах, ажиллах хүч бэлдэх үү? Тэгээд ч сангийн хөрөнгийг дарга нар замаас нь тосож аваад, тонож, хумслаад өөр зүйл рүү чиглүүлээд буй нь тариаланчид урагшлахгүй байгаа гол шалтгаан болдог аж.


Зууны мэдээ
Э.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Munkhjargal 2015-01-21 10:42:33
    Tiimee ene bugd unen ene jil guriliin uildveruud th dutmiig 450000r avsan yaj ch sain tsevrelsen horogdol hiideg hamgiin bagadaa l 200tn buudainaas 5tn ba tuune...
    180.235.185.193
    Мэдэгдсэн Хариулах