Т.Отгонсүрэн: Бид тайзнаас морин хуур, уртын дуугаа ямар ч техник хэрэгсэлгүйгээр үзэгчдэдээ хүргэдэг
Энэ жил 25 жилийн ойтойгоо золгож буй үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын дарга, уран сайхны удирдагч Т.Отгонсүрэнтэй ойн баяр болоод чуулгынх нь талаар ярилцлаа.

-Байгуулагдаад 25 жилийг ардаа үджээ. Чуулгын байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?

-Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга анх 1989 онд Хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэр­гэд байгуулагдсан түүхтэй. Тэр үеийн Паркын захирал АИХ-ын депутат С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билиг зүйч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, нэрт уртын дууч, урлагийн гавьяат зүт­гэлтэн Солийн Цоодол агсан нарын санаачилга, зүтгэлээр чуулгын үндэс суурийг тавьсан байдаг.

-Танай чуулга гадаадын үзэгчдээр дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд ойн баяр болж байгаа болохоор ачаалал бүр их байна уу?

-Энэ жил бидний хувьд маш их ачаалалтай байсан. Жил бүр дунджаар өөрийн байранд 300 гаруй тоглолт хийж, 25000 гаруй гадаад, дотоодын үзэгч, жуулчдад монгол үндэсний язгуур урлагийг сурталчилж байна.

Бид 25 жилийн ойдоо зориулан бүжиг анги, дуу анги, хөгжим анги бүгд тус тусын бие даасан тайлан тоглолт хийх гэж байгаа болохоор ердийн үеийнхээс хэд дахин их хөдөлмөрлөж байна даа. 25 нас хүрсэн “Түмэн эх” чуулга юу хийж бүтээв гэдгээ ард түмэндээ тайлагнах гэж байна.

-Ойн хүрээнд хийгдэх тоглолтууд хэзээнээс эхлэх вэ?

-Энэ сарын 10-наас манай ангиудын тоглолт эхэлж байгаа. Бүжиг ан­гийнхны лекц тайлан тоглолт СУИС-ийн “Оюутан” театрт 14:30 цагт болно. Энэ тоглолтын тухайд “Амжилт дагуулсан бидний бүжгүүд” нэртэйгээр тоглогдоно. Монгол ардын бүжгийнхээ онцлогийг ха­руулсан тоглолт болно. Мөн лекц тоглолтоор ардын бүжгийн тайлбарууд бас давхар явахаараа онцлог.

Харин 11-ний өдөр хөг­жимчид маань өөрийн байрандаа 15:00, 18:00 цагаас хоёр удаа “Манай аялгуу” нэртэй дан үндэсний хөгжмийн тоглолт хийнэ. Дуучид маань маргааш нь буюу 12-нд СТӨ-нд 16 цагаас тоглоно. Мэдээж 25 жилийн ой болохоор хүндэтгэлийн тоглолт, баярын нэгдсэн үйл ажиллагааг УДБЭТ-т энэ сарын 24-нд зохион байгуулна. Баярын тоглолтод зориулан 16 цагаас улаан хивсний ёслол хийх юм. Энэ хурлын үеэр байгууллагын түүх, уран бүтээлийг харуул­сан баримтат киноны нээлт хийнэ.

-Танай чуулгын нэр их өвөрмөц, утга төгөлдөр санагддаг.

-“Түмэн эх” хэмээх бэлгэдэл төгс нэрийг ардын язгуур урлагт тэргүүн ман­лайлагч байхын онцгой хариуцлага ногдуулж өг­сөн санагддаг юм. Ма­най хамт олон өнөөдөр тэргүү­лэгч байхын төлөө үйл ажил­лагаагаа тогтвортой, нарийн чанд зохион байгуу­лалттайгаар явуулж байна.

-Үндэсний, цэргийн, “Сарны чулуу” гэх мэт олон чуулгууд бий түүнээс ялгарах танай гол онцлог юу вэ?

-Бидний хувьд үндэс­ний язгуур өв соёлоо судлах, түүнийг хадгалж, элэг нэгт­нүүд болон гадаа­дын­ханд сурталчлан та­ниулд­гаараа илүү онцлог болов уу.

-Энэ хугацаанд гаргасан ам­жилтаасаа дурдвал...

-Өнгөрсөн 25 жилийн түүхэнд бид гадаад, дотоодын маш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Ту­хайл­бал бүжиг ангийнхан маань Ц.Сэвжидийн нэрэм­жит нэг, хоёр, гурав, дөрөв­дүгээр уралдаанаас тэргүүн болон гран при, шилдэг гоцлол, эрэгтэй, эмэгтэй гэх төрөлд шагнал хүртсэн.

Дуучид маань ч гэсэн дотоодын болоод олон улсын тэмцээн уралдаа­наас дандаа ганзага дүү­рэн ирдэг. Тодруулбал, мо­рины тухай уртын дууны урал­даанд Г.Бямбажаргал маань тэргүүн байр эзэлж байсан. Л.Цогзолмаа гуайн нэрэмжит улсын урал­даануудад ч гэсэн ма­най дуучид тэргүүн бай­руудад шалгарсан. Харин хөгжимч­дийн тухайд Л.Мөрдорж гуайн нэрэмжит хөг­жимч­дийн уралдаанаас хоёр, гурав­­дугаар байр болон тус­гай байруудыг эзэлж байсан.

Мөн олон улсын хөө­мийчдийн уралдаанаас манай хөөмийч Х.Дамдин тусгай шагнал хүртэж байлаа. Ер нь эх орондоо зохиогдож буй ардын урлагийн бүхий л уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцдог. Мөн олон улсын тавцанд гэвэл Ардчилсан Солонгос улсад жил бүр болдог “Хаврын баяр” уралдаанаас манай хөгжимчид мөнгөн цомтой ирж байсан.

Түүнчлэн Япон улсад болсон бүжгийн уралдаанд манай бүжиг ангийнхан цамын бүжгээрээ мөн мөнгөн цом, Ордост болсон олон улсын бүжигчдийн наадмаас гурван бүжгээрээ эхний гурван байрыг, Эрхүүгийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн гээд тэмцээн уралдааны шагналуудыг дурьдвал дуусахгүй. Энэ хугацаанд манай чуулгаас ардын жүжигчин нэг, гавьяат дөрөв, 50 гаруй СТА төрөн гарсан байна. Мөн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Хөдөл­мөрийн хүндэт ме­даль” тэргүүтнийг манай уран бүтээлчдийн дийлэнх нь хүртсэн.

-Энэ мундаг хамт олон бүгд мэргэжлийн хүмүүс үү?

-Манай хамт олон 40 орчим уран бүтээлчтэй. Тэдний маань 90 гаруй хувь нь дээд боловсролтой буюу СУИС төгссөн. Харин үлдсэн хувь нь тусгай дунд боловсролтой буюу “Хөгжим бүжгийн коллеж” төгссөн уран бүтээлчид байгаа. Тэгэхээр 100 хувь мэргэжлийн уран бүтээлчид гэж ойлгож болно.

-Язгуур урлаг гэдэг зүйлийг чуулгууд ча­­дахаараа бусдад таниулж, тог­­лолт, концерт тоглоод л байдаг. Гэтэл иргэд тэр дундаа залуучууд маань энэ урлагийг илүү этник талаас нь “Жонон”, “Алтан ураг”, “Домог” тэргүүтэй хамтлагуудаар төсөөлөөд байх шиг.

-Сүүлийн үед тийм ханд­лага ажиглагдаад бай­гаа. Үүнд буруу зүйл байх­гүй л дээ. Гэхдээ манай чуулгын тайз хамгийн онцгой нь. Тодруулбал, үзэгчид яг монгол ахуйд байгаа мэт ойроос үзэх бо­ломжтой. Бид тайзан дээрээс морин хуур, бий биелгээ, уртын дуугаа ямар ч техник хэрэг­сэлгүйгээр бодитоор нь үзэгчдэдээ хүргэдгээрээ их онцлог. Ийм тайз өөр хаана ч байхгүй.
Гадны зочид гийчид үүнийг хараад уулга алдаж, маш сайхан сэтгэлтэй гардаг. Тэд манай тоглолтыг үзээд монголтой бүхэлд нь танилцсан юм шиг сэтгэгдэл төрлөө гэж хэлдэг. Яагаад гэвэл бид уртын дуугаар Монголынхоо хөдөө талыг, морин хуураараа монгол морины цог золбоог, бү­жигчид маань ахуй амьд­ралыг, уран бүтээлчид маань хувцсаараа дамжуу­лан аж байдлаа дүрсэлдэг.

-Гадны зочид гэснээс язгуур урлагийн тоглолтууд зөвхөн гадаа­дынханд зо­риулагдаад байх шиг санагддаг.

-Харин хүмүүс жуулчдад зориул­сан гэсэн өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Гэхдээ бид зөвхөн гадаа­дынханд тоглодоггүй шүү дээ. Бид үзэгчдээ голдоггүй. Хэнд ч “Түмэн эх” чуулга нээлттэй. Гэхдээ манайхан өөрсдөө үндэсний язгуур урлагаа бараг үздэггүй. Манайхыг зөвхөн Цагаан сар, наадмаар л зорьж ирдэг. Ингэхдээ залуучууд эцэг, эх, настайчууддаа ардын дуу, язгуур урлаг үзүүлэх нэрийдлээр л үздэг. Харин үзээд гарсан монголчуудын сэтгэгдэл маш өндөр байдаг.

-Ер нь монголчуудаа татахын тулд цаашид юу хийх ёстой юм бэ?

-Бид энэ яг энэ тал дээр сүүлийн гурван жил ажиллаж байна. Тод­руулбал, ЕБС-ийн хүүх­дүү­дэд үндэсний язгуур урлагийн боловсрол олгоё гэж байгаа. Дуу хөгжмийн хичээл дээрээ зөвхөн нот, дуу үзээд гардаг биш тухайн урлагийг тайзан дээр нь очиж, хөгжмийг нь сонсож, мэдрэх боломж олгохыг зорьж байна. Хуучир нь хоёр, шанз гурав, ятга гэхэд л 21 чавхдастай гэх зэргээр морин хуурын чавхдасыг морины дэл, сүүлээр хийдэг гэдэг ойлголтоос илүү мэдээлэл өгмөөр байна.

Үүний тулд сурагчидад зориулсан тайлбарт концерт хийж эхэлсэн. Энэ маань ч маш их үр дүнтэй байгаа. Хүүхдүүд гэлтгүй хамт ирсэн эцэг эхчүүд нь ч сэтгэгдэл их өндөр байгаа.

-Ярилцсанд баярлалаа танай хамт олонд 25 жилийн ойн баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ даш­рамд ард түмэндээ мөн хамтран ажилладаг жуулчны баазууд болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн улирд­­лагууд нийт уран бү­тээлчид, үе үеийн удирд­лагууддаа 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн Монголыноо ард түмэнд бүгдээрээ язгуур урлагаа хайрлаж, хамгаалан, хөг­жүүлье гэж хэлье.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.