''Цөөвөр'' хэмээх цагаагчин үхэр жилийн зурлага

Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1 өнөө жил аргын тооллын 2021 оны 2 дугаар сарын 12-нд тохиож байна. Төмөр үхэр жилийн ерөнхий төлөвийг зурхайн шороон үхрийн зурлагаар зурахад залуус, дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, хөгшид, дээд суудалтанд муу жил гарах нь.

Төрийн хууль цааз хэрэгжихгүй, суларна. Сайн мэдээ нь улс орны эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их гарна. Ард олны эрүүл мэнд сайн, бие амгалан. Хот, суурин газарт галын аюул гарч болзошгүй. Хур элбэг буух тул газрын шим арвижиж, үр тариа, хүнсний ногоо сайн урган, хадлан бэлчээрийн гарц сайн гарна. Намар урт болж, хүн зоны буян хурж, мал, эд агуурс дэлгэрнэ.

Ёгт нэр: Цөөвөр

Мэнгэ: 6 цагаан

Суудал: Огторгуй

Цагаагчин үхэр жилийн хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие, эрхтэн махбодуудад дулдуйдан төмөр үхэр жилийн шороон үхрийг зураглавал:

Шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр чих сүүл нь хөх, шар ходоодтой, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан үхрийн урд талд улаан нүүртэй, хөх дээл өмсөж, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араараа хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан идэр залуу яаравчилан гүйж явна.

Жилийн ерөнхий байдал: Жилийн эхэнд ба дөрвөн улирлын эхээр хур бороо цастай. Жилийн эхээр салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх боловч, сүүлээр гандах нигууртай. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их гарна. Залууст амгалан, нялхаст дунд, өвгөдөд ширүүн жил болно. Цөөвөр хэмээх төмөр үхэр жилд ган гачгаар тариа эвдэрмүй.

Зүг мөрөө гаргахуй


ГАЛ СУУДАЛ: “Ум базар пад дагийни хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, зүүн хойд зүгт гал гарган хаяж цас, усаар унтраагаад урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цэнд уншуул.

ШОРОО СУУДАЛ: “Ум мама, бадма дагийнй хум мама бизъя суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /эмийн/зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар, зүүн урд зүгт хаяж, нар зөв баруун урд / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Саейнинбо уншуул.Сац 1000 дэлс.Газар усаа тахь.

ТӨМӨР СУУДАЛ: “Ум радна дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлд хүрч, тарнийн галд урьж, хойд урд зүг рүү, баруун / буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ.Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул.

ОГТОРГУЙ СУУДАЛ: “Ум пагма, дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд /цог, хийморь/ зүгт зүгээ гаргаад салхи,шуурга, шороо, чулуунаас үл гэмтээнэ гээд цаас урж, зүүн зүгт хаяж, баруунд хойд /буян хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Сундуй,Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

УС СУУДАЛ: “Ум гарма дагийнй хум, мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж цаас хийсгэн шороо хөдөлгөөд, зүүн хойд /буян, хишиг/ зүгээс гэртээ ирнэ. Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөнийн сан уншууль.Шүтдэг газар орноо тахь.

МОД СУУДАЛ: “Ум базар, дагийнй хум мама,бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, урд /цог хийморь/ зүгт зүгээ гаргаад модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд, хойд зүгт хаяж зүүн /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Энэ жил огторгуйн хар нохойн ам цог хийморийн зүгт гарч буй тул эмийн зүгт гар.Нит, Ариун сан уншуул.Усан балин өргө.

ХИЙ СУУДАЛ: “Ум базар, дагийнй хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд /цог хийморь/зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, нар зөв тойрон зүүн урд /буян хишиг/зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Цагаан шүхэрт уншуул.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-02-12 01:05:29
    мөрөө гаргасан хүмүүс их байна . цагдаа нар ч алга. УОК онцгүй шийдэж онцгүй л байна даа. Ууганбаяр гэсэн хадмал зураг шиг нөхөр яаг ажиллаж чадах уу.