Нигери өөрсдөө дараагийн Афганистан, Ирак болохыг хүслээ
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Борно мужид албан томи­лолтоор ажилласан бай­на. Гурван долоо хоногийн өмнө тус му­жийн охидын нэгэн сургуулиас 200 га­руй сурагч хулгайлагдсан хэрэг гараад бай­гаа билээ. Ерөнхийлөгч хэрэг гарсан тосгонд очих үедээ энэ хэргийг тойрсон шүүмжлэлд анх удаа хариу өгсөн байна. Тэрбээр хулгайлагдсан охидын талаар хууль хяналтын байгууллагынхан ямар ч мэдээлэлгүй байгааг хүлээн зөв­шөөрчээ.

Ингэснээр тэрбээр төр, олон ний­тийн хооронд үүсээд байсан үл ойл­голцсон шүүмжлэлт уур амьсгалыг улам дэврээж орхисон гэж ажиглагчид дүг­нэж байна. “Бид тэднийг хаана ч байсан олж, та бүхэнд эргүүлж өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэсэн түүний үгийг орон даяар шууд дамжуулсан ч эхэнд хэлсэн “ямар ч мэдээлэлгүй байгаа” гэсэн үгнээс нь болоод үнэмшилгүй сонсогдож, нийгэмд зохих нөлөөллийг үзүүлж чадсангүй.

Учир нь тэрбээр “Агаарын хүчнийг оролцуулан эрэн хайх ажиллагаа явуулсан ч ямар ч үр дүн гарсангүй” гээд хэрэг гарсан тосгоны оршин суугчид, хулгайлагдсан охидын эцэг эхчүүдээс үзэж харсан, сонсч мэдсэн зүйл байвал хэлж өгөхийг хүсч “Төрд та бүхний тусламж хэрэгтэй байна” хэмээн уриалсан юм.

Ерөнхийлөгч Борно мужид ажиллас­наар Нигери даяар өрнөөд байгаа ард түм­ний эсэргүүцлийг намжаана гэж тоо­цоол­сон нь лавтай. Гэвч харамсалтай нь түүний ямар ч мэдээлэлгүй, бусдаас тус­ламж хүссэн байдал хүссэн үр дүнг нь авчирсангүй. Охидыг олохын тулд илүү их ажил зохиох хэрэгтэй гэсэн иргэдийн шаардлага улам нэмэгдэн иржээ.

Охидыг Борно мужийн Чибо хэмээх охидын сургуулиас гурван долоо хоно­гийн өмнө хулгайлсан юм. Хэргийг алан хядагч Боко харам бүлэглэл үйлдсэн гэсэн таамаг яригдаж байгаа ч бүлэглэлийн зүгээс энэ хэргийг өөртөө хүлээгээгүй байгаа юм.

Энэ үед Ерөнхийлөгч Гудлак Жонатан “Боко харам бүлэглэл охидыг хулгайлсан байлаа гэхэд хэлэлцээр хийх ямар ч боломж байхгүй. Энэ талаар яриа байж болохгүй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд охидын хувь заяаны талаар “Хөрш зэргэлдээх орнууд руу худалдагдсан”, “Ширэнгэн ойд нуугдаж байгаа” гэх мэт яриа гарсан ч охид одоо болтол олдоогүй хэвээр байгаа юм.

Ерөнхийлөгч Гудлак Жонатаны хэлсэн үгсээс хамгийн их анхаарал татсан нь Нигери улс дотоодын аюулгүй байдлаа хангахын тулд гадны улс орноос тусламж хүсэх тухай байсан юм. Тэрбээр “Бидэнд тусламж үзүүлэх боломжтой АНУ, БНХАУ, Франц, Англи зэрэг олон улсууд байгаа. Бид тэдэнтэй яриа хэлэлцээр хийгээд явж байна. Миний бодлоор бидэнд туслах хамгийн их боломжтой улс бол АНУ.

Бид энэ асуудлаар Ерөнхийлөгч Барак Обаматай хоёр ч удаа ярилцсан” гэсэн байна. Түүний хэлснээр хэрвээ яриа хэлэлцээр амжилттай болох юм бол удахгүй АНУ-ын цэрэг Нигерид байршиж, тус улсын ард иргэдийг Боко харам болон түүнтэй төстэй бүлэглэлүүдийн халдлага довтолгооноос хамгаалах бололтой.

АНУ өмнө нь Иракийн нутагт цэргээ байр­луулж байсан бол Афганистанд одоо хүртэл цэргээ байлгасаар байгаа. Тэд талибуудаас аганчуудыг хамгаалж бай­гаа гэх боловч алан хядагчидтай тэмцэх нэрээр энгийн ард иргэдийн амь нас, аюулгүй байдалд байнга заналхийлэн ард олны сэтгэл санааг хагалан бутаргах муу нөлөөг үзүүлсээр байгаа. Ийм сөрөг нөлөөтэйг мэдсээр байж АНУ-ын цэргийн оруулах бодолтой байгаагаа олон нийтэд зарласан Ерөнхийлөгч Гудлак Жонатаныг Нигерийн боловсролтой сэ­хээтний дав­харга үлэмж эсэргүүцэж эхлээд байгаа юм.

Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.