Тээврийн хэрэгслийн азын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрч, эхний ээлжийн вакциныг авчирах тов гарлаа
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 15-наас зарим салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээх бөгөөд цаашид дахин нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоохгүй бөгөөд халдвар гарсан тохиолдолд хэсэгчилсэн байдлаар тогтоох юм.  Мөн УОК-ын шийдвэрээр энэ сард нэмэлтээр дахин 2 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болж өчигдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр  256 иргэн эх орондоо ирсэн. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЗЫН ДУГААРУУДЫГ ХУДАЛДАХ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан. Дуудлага худалдаа  2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд болно.

Эхний дуудлага худалдаагаар 0001 УАР улсын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрч, нийт таван хүн тус бүр 50 мянган төгрөгийн дэнчин тавьж оролцсон юм. Гэсэн хэдий ч азын дугаарт хэт өндөр үнэ өгч шалгарсан хүмүүс тухайн дугаараа аваагүй учир  дуудлага худалдаа нь цуцлагдаж байгаа ажээ.  Тодруулбал, хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна гэсэн байдаг. 

"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэсэн юм.

ХОЁРДУГААР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР, БӨӨНИЙ ТӨВҮҮД АЖИЛЛАЖ, ХҮНС ТҮГЭЭЛТ ЖИЖИГЛЭНГИЙН ДЭЛГҮҮРҮҮД РҮҮ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй. Ийм учраас 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийгдэх боломж бүрдсэн.

Иргэдийн хувьд хөл хорионы өдөр дуустал өдгөө мөрдөгдөж буй журмын дагуу гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хэвээр бөгөөд 2-р сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр иргэдийн гэрийн ойролцоох дэлгүүрт хүнсний өргөн хэрэглээний барааг хүргэж, нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлж байгаа юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗАХИРАЛ Н.ТӨМӨРХҮҮГ АЖЛААС НЬ ХАЛЛАА


ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурч, маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон хэрэг гарсан. 

Тодруулбал энэ сарын 15-ны өдөр ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд болох дэд захирал Н.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр нар архидан согтуурч,  зодолдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Тэгвэл салбарын сайд З.Мэндсайхан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас халах шийдвэр гаргасан. 

ГУРАВДУГААР САРД НИЙТ 12 УДААГИЙН НИСЛЭГ ХИЙНЭ


Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар

03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар

03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар

03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар

03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар

03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар

03 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар

03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар

03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар

03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.


МОНГОЛ ЭРДЭМТЭД ШҮЛСНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ КОРОНАВИРУСИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ ИРЭХ САРД ДУУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА


Анагаахийн Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Шүлснээс шинжилгээ авч  Ковид-19  вирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард дуусгахаар ажиллаж байна. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.   Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ВАКЦИНЫГ ЭНЭ САРЫН 22-НД АВЧИРНА


Энэ сарын 17-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөсөн. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа.  Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг  хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

"ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ"-Г БАТАЛЛАА


Засгийн газрын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 17-ний өдөр болсон. 

Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм.  Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв. 

 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

-       Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

-       Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

-       Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

-       Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

-       Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-       Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.


С.Тайшир
Оллоо.мн


.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баярмаа 2021-02-23 08:50:00
    Монгол ялна
  • Батцэцэг 2021-02-23 08:47:52
    Луйварчид
  • Энхжин 2021-02-23 08:46:27
    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
  • Зочин 2021-02-23 07:13:12
    Юу л болох гээд байна даа
  • короно томуунаас хөнгөн юм 2021-02-21 02:54:19
    үнэмлэхүй ялсан засаг 2 жил хорьж засаглалаа жагсаал цуглаан түгжрэл энэ тэрийг хорих сайн арга олсон, өөрсдийн кампануудаа өвчнөөр айлгаж ашигтай болгов