С.Энхтүвшин: Австралийн хөгжлийн нууц нь тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт юм

“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа Австралид барилгын инженеээр ажиллаж байгаа С.Энхтүвшинтэй ярилцлаа.

 

-Та Монголд барилгын инженерээр ажиллаж байсан юм билээ. Хэрхэн Австрали улсад ажиллах болсон юм бэ?

-Монголд барилгын инженер мэргэжлээр ажиллаж байхдаа Австралид мэргэжлээрээ мастерын зэрэг хамгаалах шийдвэр гаргаад 2016 оны эхээр Австрали улсыг зорьсон. Ийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Австрали улсын барилгын салбарт бусад мундаг Монгол залуучуудын адилаар өөрийн жижиг бизнесээ эрхлэн ажиллаж байна.

Бакалаврын зэргээ ШУТИС-д барилгын менежмент мэргэжлээр 2013 онд хамгаалаад барилгын инженер мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа маш сайн удирдлагуудын хүчинд барилгын төслийн удирдлага түүний чухал ач холбогдлыг ойлгосон. Энэ нь надад энэ чиглэлээр өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлж мастерын зэргээ хамгаалах сэдлийг өгсөн юм. Учир нь энэ бол барилгын салбар тэр дундаа барилгын төслийн амжилттай явах гол үндсэн багана болж байдаг.

Улмаар 2016 онд Австрали улсыг зориод мастерын зэргээ Австрали улсын Ази Номхон Далайн Олон Улсын Коллеж хэмээх сургуульд төслийн удирдлага мэргэжлээр 2019 онд хамгаалсан.

-Австралид суралцахынхаа хажуугаар ажиллах боломжтой байдаг гэж сонссон. Та оюутан байхдаа ажиллаж байсан уу?

-Анх 2016 оны эхээр Австралид ирээд бусад залуусын жишгээр сургалтын төлбөрөө олох болон амьжиргаагаа залгуулах гэсэн санхүүгийн хэрэгцээнээс үүдэн найзуудынхаа тусламжтайгаар хичээлийн бус цагаараа барилгын ажил хийж эхэлсэн. Австрали улсад суралцаж буй олон улсын оюутнуудад нэг давуу тал байдаг нь өглөөний цагаар ажлаа хийгээд оройн цагаар сураад явах уян хатан нөхцөл боломж байдаг нь маш таатай байсан. Ажлын талбар дээрээ олон орны залуустай харьцаж найз нөхөд болох, Англи хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг олон давуу тал байдаг. Мөн нэг давуу тал нь бусад салбарыг бодвол барилгын салбар нь цалингийн үнэлгээ өндөртэй ажиллах орчин нь Монголтой харьцуулбал сайн.

-Мэргэжлийн тухайд лавшруулан асуувал Австралийн барилгын салбарын онцлог юу байдаг вэ?

-Аливаа улсад барилгын салбар гэдэг голлох үйлдвэрлэл байдгийн адилаар Австралийн барилгын салбар ч мөн үйлдвэрлэл, ажлын байр болон эргэлдэж буй төсвийн хувьд голлох томоохон салбарын нэг юм. Цаашилбал Австрали улсын хувьд цаг агаарын таатай нөхцөл байдал нь барилгын салбарт жилийн дөрвөн улиралд аливаа барилга угсралтын ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэхэд маш том түлхэц, давуу тал болж байдаг. Улмаар мөрдөж буй барилгын норм дүрэм, чанарын стандартууд нь маш дэвшилтэт байдаг. Түүнчлэн зөвхөн барилгын салбарыг дагаад дотоодын бусад олон өөр үйлдвэрлэгч нар байдаг ба тэдгээрийн шударга өрсөлдөх нөхцөл байдлыг сайтар хангаж өгсөн нь маш олзуурхууштай гэж бодож байна. Мөн барилгын салбарт ашиглаж буй голлох тоног төхөөрөмжүүдээ дотооддоо үйлдвэрлэдэг, түүнийх нь чанар болон үзүүлэлтүүд нь маш сайн байдаг. Барилга угсралтын гүйцэтгэлийн чанар ерөнхийд нь авч үзвэл маш сайн гэхдээ хүний гараар бүтэж буй тул жижиг сажиг асуудлууд болон алдаанууд байнга л гардаг.

-Монгол Улсын барилгын салбарт тулгарч байгаа гол асуудлыг та юу гэж харж байгаа вэ. Үүнийг хэрхэн сайжруулах боломжтой вэ?

-Монгол Улсын барилгын салбарт мөрдөж буй дүрэм, хууль тогтоомж болон улсаас хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл сайжруулалт хоцрогдож буй нь гол асуудал гэж боддог.Энэ нь барилгын салбарын өмнө тулгарч буй бусад микро болон макро асуудлуудын эх үүсвэр болж байна. Уг нь бол барилгын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар эрс сайжирч байгаа. Мэдээж эдгээр асуудлуудаас гарах гарц нь дээр дурдсанчлан энэ салбарт бодлогын хувьд, мөрдөж буй дүрэм зэргийг шинэчлэн сайжруулах явдал юм.

-Австрали бол дэлхийд тэргүүлэгч орон. Таны зүгээс харахад тус улсын хөгжлийн нууц нь чухам юунд оршиж байна вэ?

-Австрали бол маш хурдтай хөгжиж буй орон. Аливаа салбарын хувьд удирдлагын маш зөв бүтэцтэй, түүнийгээ хянах үр ашигтай бодлоготой гэж боддог. Товчхондоо бол тогтвортой хөгжлийн бодлогоо олон жилээр гаргасан түүнийхээ хэрэгжилтийг өндөр түвшинд барьж чадаж байгаа. Австрали улсад ажиллаж амьдрах сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд асар хурдтай хөгжиж байгаа нь илт харагдаж байна. Мөн дэлхийд боловсролын чанараараа дээгүүрт ордог учир олон орны залуус боловсрол эзэмшихээр Австралийг зорьдог. Хүүхэд залуучууд чансаа өндөртэй их дээд сургуулиуддаа сурч боловсрох эрмэлзэл их, тэр хэрээрээ боловсрол эзэмших нь өндөр. Бусдаас ялгарах онцлог гэвэл Австрали залуус их спортлог, соёлтой гээд олон зүйл бий. Үүнээс хамгийн чухал нь зөвхөн ажил амьдралдаа нухлагдаад байх нь ховор. Өглөө эрт 05:00 цагт далайд орох, өдрийн хоолны цагаараа фитнесстээ явах болон орой ажил тараад голф тоглох зэрэг маш идэвхитэй амьдралын хэв маягтай. Монголд барилгын инженерээр ажилладаг байхдаа яг ажил гэр гээд чухам завгүйгээ гайхсан хүн явдаг байлаа. Гэтэл ажлын бус цагаар өөр олон зүйлд зарцуулж болох үнэт цаг мөчийг завгүй нэрийдлийн доор дэмий өнгөрөөдөг байжээ. Одоо харин аль болох идэвхитэй амьдрахыг хичээж байна даа. Хувь хүний хөгжил гэдэг бол олон талт зүйл гэж ойлгодог. Гол нь хүн өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө илүү сайжруулсан хувилбар болох хүсэл эрмэлзлэлтэй шинэ мэдлэгт ямагт өлсгөлөн байх хэрэгтэй. 

-Гадаадад ажиллаж буй хүмүүсийг ирж эх орноо хөгжүүлээсэй, дэлхийн туршлагыг улсдаа хэрэгжүүлээсэй гэж хүмүүс хүсдэг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Гадаадын өндөр хөгжилтэй улсад ажиллаж амьдрахад тухайн улсын хууль тогтоомж, бодлого, амьдралын чанар гэсэн олон зүйл эх орноос минь илүү байгаа нь илт харагддаг, үүнд нь атаархдаг. Эх орондоо буцаж очоод ийм сайхан нийгмийг цогцлоон бүтээх юмсан, энэ сайхан мэдлэг боловсролтой залуусыг нэгтгэх юмсан гэж боддог.  Эх орноо мөн эх орондоо амьдран суугаа гэр бүлийнхэн, найз нөхөд болон хамт олноо их санадаг. Хамгийн их үгүйлдэг нь томоохон үндэсний хэмжээний баяр ёслолын үеэр байдаг. Би өөрөө багадаа хөдөө их явдаг хүүхэд байсан болохоор ч тэр үү зун цаг ялангуяа наадмын үеэр их гэгэлзэнэ. Нутаг оронд минь ургамал ногоо нь дэлгэрээд, хүн малын зоо тэнийгээд налгар сайхан байдаг даа. Нэг мэдэхэд л тэр бүхнийг төсөөлж бодоод л сайхан айраг мөрөөдөөд сууж байдаг даа, хааяаа. Мэдээж унасан газар угаасан ус минь учир эх орон минь хамгийн сайхан сэтгэлд дотно байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2021-03-04 05:55:08
    Tanil tal nutag nugiihnaa angi naiz nohdooroo talcdagguid hogjiliin uchir orshino.medeej hyatadiin gar hol bolood hiih zuilee harluulaad bval uls oron chn hogji...
  • харлаа 2021-03-03 04:12:09
    капиталист-зах зээлийн нийгмийг үхтлээ муулдаг байсан экс-коммунист МАН энэ зах зээлийн нийгмийг удирдан зохион байгуулах чадваргүй гэдгийг 30жил харлаа
  • наад орон чинь  2021-03-03 02:30:06
    наад орон чинь Ардчилсан төртэй иргэнээ гэсэн бодлоготой орон. энд МАН аа шүтээд байвал нүхэн жорлонгоосоо хэзээ ч гарахгүй
  • Бат 2021-03-03 02:13:45
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна