''Эрдэнэс-Тавантолгой'' VS ''TTJVCo''

“Эрдэнэс-Таван­толгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой  хоёр ч хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн байран дээрээ 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан бол “Үндэсний мэдээллийн төв”-д “TTJVCo” компанийн ажилчид “Эрдэнэс тавантолгой”  компаниас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж  тайлбар мэдээлэл өгсөн юм.  Талуудын байр суурийг хүргэж байна.

Б.ГАНХУЯГ: ГЭРЭЭНИЙ ҮНЭ ӨНДӨР УЧРААС СУНГАХГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛСЭН

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан талаар танилцууллаа.  Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” компани Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж  зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч,  борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг  3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоолол гаргажээ.  Харин тэрээр “TTJVCO” компанийн талаар тайлбар хийхдээ “Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  “TTJVCO”  компанитай байгуулсан гэрээ хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан. 2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болсон. Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс гэрээний үнэ өндөр байна гэж 30-40 удаа санал тавьсан. Харамсалтай нь ямар ч нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдээгүй. Энэ гэрээг Монгол хоёр компани хийхдээ олон улсын гэрээ гэж хүлээн зөвшөөрч хийгээд арбитрын шүүх дээр асуудал шийдэхээр бүх зүйлийг ам.доллараар шийдчихсэн байсан.

Энэ дунд нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон нь  2016 оны хоёрдугаар сарын 4-нд үндсэн хугацаа 33 сар байсныг 38 сар болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл таван сараар нэмсэн гэсэн үг. Энэ нэмэлт өөрчлөлтөөс хойш 2021 оны хоёрдугаар сарын 28-нд дараагийн хугацаа дуусах нөхцөл бүрдэж байгаа. Бид 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд, 2021 оны хоёрдугаар сарын 13-нд, 28-нд албан тоотоороо гэрээний үнэ өндөр учраас сунгахгүй гэдгээ хэлсэн. Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд энэ компанийн гэрээ сунгагдаагүй учраас үйл ажиллагаа нь зогссон” гэв.

ГЭРЭЭ ЦУЦАЛСНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙНЭ

Харин “TTJVCo” компанийн ажилчид “Эрдэнэс тавантолгой”  компаниас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн.  “Хуралд , уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай гэх “TTJVCO”  компанид ажиллаж байгаа инженер, техникч, оператор, токарчин гэх мэт 900 гаруй ажилчдын төлөөлөл, 20 орчим хүн оролцож, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, түүний төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх компанийн үйл ажиллагаа явуулах гэрээг цуцалснаас болж,  тус компанид харьяатай 3000 гаруй ажилтан, тэдний ар гэрийг ажилгүй, орлогогүй, ажлын байргүй болгож байгаа гэж мэдэгдэв. Тэд өнөөдрөөс эхлэн төв талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж байна. Мөн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт гомдол шаардлага хүргүүлж, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа 2021-03-11 06:59:57
    Монгол ажилчдад ажил олдоно гэж Ганхуяг ярьсан. Зохион байгуулалтанд орж_ монгол компани хэлбэрээр ажлаж болох юм байна
    • Ингэж ажиллахад чадал арай хүрэхгүй 2021-03-27 08:29:04
      Уурхайгаа юугаар ух уу? гараараа юу?