Монголын боксын түүхэнд анх удаа эмэгтэй тамирчин олимпийн эрх авч, Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

COVID-19-ийн батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүй гэж албаны хүн мэдэгдсэн. Иймд иргэд дор бүртээ хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье.

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе. 

ГУРАВДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС УЛБАР ШАР ТҮВШИНД ШИЛЖИН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЛОО
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим аж ахуйн нэгжүүд тодорхой тооны хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байна.  Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23:00-06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон. 
 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр  74 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов.     

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Боловсролын болон Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулиуд, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай зэрэг нэн чухал хуулиудыг дараагийн чуулганд шилжүүлж, эрх зүйн хувьсгалын үнэ цэнийг, эх орон, ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж болохгүйг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. 

ИРГЭНИЙ ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР, ГЭРИЙН АЖИГЛАЛТАД БАЙХ НИЙТ ХУГАЦАА 14 ХОНОГ БАЙНА


Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.

  • Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.
  • Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.
  • Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон.

 Гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан юм.
 
Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны 03 сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлалаа.


Ж.ЭРДЭНЭБАТ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ


Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг гуравдугаар сарын 4-ний өдөр шоронгоос сулласан. Түүний хувьд  2020 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Гэсэн ч тойрогтоо хамгийн олон санал авч,  УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож тангараг өргөснөөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, баталлаа.
 

МОНГОЛЫН БОКСЫН ТҮҮХЭНД АНХ УДАА ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА


Токиод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм. Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпийн наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.


ИРЭХ САРД 12 УДААГИЙН НИСЛЭГЭЭР 2000 ОРЧИМ ИРГЭНЭЭ ТАТАН АВНА

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 05-нд Токио-Улаанбаатар

04 дүгээр сарын 06-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар

04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар

04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар

04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

04 дүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/

04 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар

04 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.