М.Уранцэцэг хоёр Гранд слам тэмцээнд дарааллан түрүүллээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангилалаар анх удаагаа зохион байгуулагдаж байна. 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо. М.Уранцэцэг энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыний Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастерсуудын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан. Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаараа Косовогийн Дистрия Красники, Украйний Дария Белодид нарын ард бичигдэх боломжтой болсон.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа. Гэвч манай бөх хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг “иппон” буулгасан байна. Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-27 04:31:34
    Гайхамшигтай тамирчиндаа улам их амжилт хусье!
  • үнэн 2021-03-27 03:17:21
    Өмнөх хоёр Олимпийн өмнө энэ байнга болж байдаг тэмцээнд дэлхийд Уранцэцэг дийлдэшгүй байснаа яг Олимпийн тоглолтон дээр дэлхийн мундагуудад нусаа хацартлаа тав...