ОХУ зэвсэгт хүчнээ баруун хил рүүгээ татаж эхэллээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зэвсэгт хүчнийхэн хилийнх нь ойролцоо АНУ, НАТО-гийн цэргүүд нэмэгдэж байгаа учраас баруун талаа бэхжүүлсэн гэж мэдэгджээ. Тэрбээр “Гурван долоо хоногийн хугацаанд бид амжилттайгаар  хоёр арми болон явган цэргийн гурван бүлэглэлийг ОХУ-ын баруун хил, тулгаралтын бүсүүдэд шилжүүлсэн” гэж зэвсэгт хүчний удирдлагуудтай хийсэн хурлын үеэр хэлсэн байна. Түүнээс гадна ОХУ НАТО-гийн цэргийн дайсагнасан үйл ажиллагаанд хариу өгөхийн тулд арга хэмжээ авч байгааг онцлон тэмдэглэжээ. Сергей Шойгу зэвсэгт хүчнийхэн ОХУ-ын аюулгүй байдлыг баталгаажуулах чадвартай болохыг онцолсон байна. Тэрбээр цэргийн ангиудаа татаж байгаагаас гадна хоёр долоо хоногт бэлтгэлээ дуусгана гэж мэдэгджээ. Мөн АНУ Европ, ОХУ-ын хил рүү цэргээ илгээж байгаа болон НАТО-гийн гишүүн бусад оронтой хамтран 40 мянган цэрэг, 15 мянган цэргийн хэрэгсэл байрлуулахаар төлөвлөж байна гэж анхааруулсан байна. Түүний мэдэгдсэнээр  АНУ-ын зэвсэгт хүчин тагнуулын онгоцоо нисгэх болон Европын нутаг болон Хар тэнгист ОХУ-ын хилийн орчим хөлөг онгоцоо илгээх нь нэмэгдсэн аж. Мөн НАТО Европт жил бүр ОХУ-ын эсрэг чиглэсэн цэргийн 40 үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэв. Олон улсын цэргийн энэ эвсэл өнгөрсөн сарын дундуур зургадугаар сар хүртэл үргэлжлэх “Defender Europe 2021” гэж нэрлэсэн 27 орны 30 мянга гаруй цэргийн анги дайчлагдах том дасгал сургуулилтыг эхлүүлсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine