Өлсөхгүй байх боломж байна даанч
Төсвийн тухай хуульд заасны дагуу ирэх оны Төсвийн төслийг арав­дугаар сарын 1-ний хугацаанд УИХ-д өргөн мэдүүлдэг учиртай. Энэ дагуу Сангийн сайд Ч.Улаан 2015 оны Төсвийн төс­лийг өргөн мэдүүлсэн ч ирэх оны төсвийн төсөл, хуульд заасан мөнгөн дүн, өрийн хэмжээ, төсвийг танасан байдал нь улс төрийн хүрээнд “хэрүүлийн алим” болоод байна. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан мөнгөн дүнгээ голсон нийслэлийн удирдлагууд ирэх онд манай хот дампуурах нь хэмээн эсэргүүцлээ илэрхийлж буй. УИХ- ын гишүүд “Бүсээ чангахан бүслээд хөнжилдөө нуугдаж байя гэсэн төсвийг Засгийн газар оруулж ирлээ” хэмээн шүүмжилсэн билээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийг “өлсгөлөн” хэмээн тодорхойлж байгаа юм. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлснээр эд хогшил ширээ сандал худалдаж авахгүй, удирдлагын санг нэмэгдүүлэхгүй, орон тоо, үр ашиггүй зардлыг танахаар болсон бөгөөд ирэх онд цалин тэтгэвэр ңэмэгдүүлэхэд анхаарна гэ­сэн сайхан мэдээг Сангийн сайд өгчээ. Өнгөрөгч онд 200 тэрбумыг цалин тэтгэвэрт нэмж байсан бөл өнөө жил 500 тэрбумыг тусгасан байна. Цаашлаад сургууль цэцэрлэгийн барилгыг жил дамжуулан царцаах бус яг баригдаад явах ёстой барилгад хөрөнгө мөнгийг нь төсөвлөж, төсвийн хяналт, зарцуулалтад илүүтэй анхаарна гэсэн юм. Ингэснээр 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх нь ээ.
 
Төсвийн төсөлд төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар төсөөлсөн бол нэг тонн зэсийн бэяжмал тэнцвэржүүлсэн үнээр 6900 ам.доллартай дүйцэх нь. Мөн 2015 онд 20 сая тонн нүүрс экспортолж, нэг тонныг нь 80-130 ам.долларын үнэтэй байхаар өөдрөгөөр зураглажээ. Нүүрсний хувьд чанар, зэрэглэлээс шалтгаалан үнэ харилцан адилгүй байх аж. Ингэснээр уул уурхайн салбар улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 1.7 их наядыг дангаар бүрдүүлэх юм байна. 2014 оны төсөвт экспортлох нүүрсний хэмжээгээ 31.4 сая хэмээн тооцоолсон нь мөрөөдлийн тоо байсан бөгөөд дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын асуудлаа шийдээгүй, цаашлаад Чалькод төлөх өрөө барагдуулаагүй бай­сан учраас нүүрснээс маш бага ашиг олсон. Тэгвэл өнөө жил 20 сая хэмээсэн нь амьдралд арай ойрхон сонсогдож байгаа бө­гөөд транзит тээврийн асуудлаа шийдэж, төмөр замын бодлогоо батлуулж, Чалькод өрөө төлөөд дуусгачихвал төлөвлөсөн нүүрсээ экспортлох боломж бүрдэх юм.
 
 2015 оны төсөвт 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрч, 8.4 их наядын зарлага гарах нь. Ам.долларын ханшийг өнөөгийн төвшнөөс бууруулах зарчмаар буюу 1750-иас доошоо барина хэмээжээ. 2014 онд 1350- иар барина хэмээн өөдрөг тө­сөөлсөн ч Оюутолгойн бүтээн байгуулалт зогсонги байдалд орсон, уул уурхайгаас ашиг олох нь багасч, 1350 гэх тооноос үүдэн багагүй бангадуулсан уч­раас  ирэх оны төсөвт ам.долларын ханшийг тун ч бүрхэг оруулж иржээ. Эхлээд одоо байгаа үнээс буулгана, зах зээлийн зарчимд нийцүүлнэ гэсэн ерөнхий тайлбарыг албаны эх сурвалжууд хэлж суугаа. Сангийн сайд Ч.Улааны өргөн мэдүүлсэн төсвийг МАН-ын гишүүд шүүмжлэхдээ өрийн хэмжээг нэмэгдүүлж 70 хувьд хүргэсэн, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байсныг долоон хувьд хүргэсэн, цаашлаад Засгийн газрын хуучин бүтцээр оруулж ирсэң асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тиймээс төсвийн төслийг дахин завсарлаж, 13 яамны бүтцэд тохируулан засч залруулж, танах, нэмэх зүйлийг нь нэмж оруулж ирэх нөхцөл байдал үүсч байна. 1.2 их наяд төгрөгөөр зардал буурах нь төсөвт ирэх дарамтыг бага боловч арилгах билээ. Данхагар бүтцийг цомхон болгож, үйл ажиллагааны чиглэл нь давхацсан яамдуудыг нэгтгэсний дагуу төсвийг дахин завсарлах нь зайлшгүй чухал. Гэвч өрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал өнөөдрийн хувьд хамгийн чухал болчихоод байгаа юм. Учир нь МАН-ын гишүүдийн удаа дараагийн эсэргүүцлийн дараа Хөгжлийн банкны эх үүсвэрүүд, Чингис зэрэг бондын мөнгийг төсвөөр дамжуулах, төсөвт хамаатуулах том өөрчлөлт хийгдэж байгаа учраас өрийн хязгаарыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гол зорилго нь төсвөөс гадуур байсан дээрх мөнгөнүүд төсвийн хуульд хамаатсан шалтгаан юм. Ингэж чадахгүй бол өлсгөлөн байтугай төсөвгүй болж мэднэ. Өнгөрсөн зуны хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын хүрээнд яригдсан зээл, туслам­жийн мөнгө, Хөгжлийн банкаар дамжих хөрөнгө оруулалт, зээл тусламжийн мөнгө авах бүх нөхцөл бололцоо өнөөдөр хаагдчихаад байгаа.
 
Учир нь Монгол Улсын өрийн хэмжээ хуульд заасны дагуу ДНБ-ий 40 хувьд хүрчихсэн /илүү гарчихсан гэж дүгнэж болно/ учраас гаднаас авах зээл, тусламж, буцалтгүй тусламжийн хэмжээ дээд хязгаартаа хүрчихсэн гэж ойлгож болно. Наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын тө­рийн тэргүүн Си Зиньпин ма­най улсад ирэх үеэр хоёр ул­сын Хөгжлийн банк 162 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Энэхүү мөнгийг дэд бүтцийн салбарт зарцуулах чиглэл гарсан ч харамсалтай нь эдийн засагт эргэлдэх боломж бүрдээгүй. Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлах үеэр мөн л ОХУ-ын Хөгжлийн банк ТЭЦ-4-ийн санхүүжилтэд 74 сая ам.долларыг зах зээлийн боломжийн хүүгээр олгох асуудал ярьсан бөгөөд энэ бүх мөнгө зээлийн босгонд очоод тулчихсан байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар мөн л их мөнгөний асуудал яригдсан. Эрүүл мэндийн салбар тэр дундаа “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв” байгуулах төсөлд Бельги улсаас 3.2 сая еврог 30 жилийн хугацаанд багтаан зээлэх хэлэлцээрийг соёрхон батлав. Бельги улс эхний 10 жилд төлбөр төлөхгүй байх боломж олгосон ч 20 жилд нь төлбөрөө төлөх нөхцөлтэйгээр энэхүү зээлийг олгожээ. Хүүгүй, хугацаа нь урт ч энэ бол зээл. Тэр дундаа хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлцлээр Засгийн газраас дамжин орж ирэх учраас төсөвт хамаатах учиртай. Гэтэл энэ мөнгийг ч авах боломж одоогоор хаагдмал.
 
Гаднаас орж ирэх мөнгөний асуудлыг УИХ-аар баталж, хоёр хөршөөсөө “юм” салгаж чадсанаа гайхах атлаа тэр мөнгөө эдийн засагт эргэлдүүлэх боломжгүй суугаагаа манай гишүүд харин ойлгохгүй нь хачирхалтай. Өр гэдэг үүднээс нь харж улс төр хийхээ урьтал болгох атлаа орж ирсэн мөнгө болгоныг гараа тосон авахаар гарын үсэг зурж чамирхах. Тэдний дотор юу нуугдаж, юунд итгэж улс төр хийгээд байгаа нь гайхмаар. 31 сая тонн нүүрс экспортолж чадахгүй, 21 аймагт бүтээн байгуулалтаа царцаачихсан, ам.долларын ханшийг амласан хэмжээндээ барьчих чадалгүй, өлөн ходоодтой төсөв оруулж ирсэн атлаа өр тавихгүй, зээл авахгүй хэ­мээн пээдийх улстөрчдийн эцсийн зорилго нь улсаа аврах уу, эсвэл дампууруулах уу. Өрийг өр гэж харахаа урьтал болгох бус бүтээн байгуулалт хийх санхүүжилт хэмээн харж ирэх онд их бүтээн байгуулалт хиймээр байна. Ингэхийн тулд хойд, урд ялгалгүй өгч байгаа мөнгийг нь аваад зөв зарцуулъя. Тиймээс ирэх оны төсөв гэж ярихаас урьд Өрийн удирдлагын тухай хуулиа шинэчлэн най­руулж, өрийн хэмжээгээ нэмэг­дүүлж, төсвөөс гадуур нэг ч мөнгө эргэлдэхгүй байх хяналт хэрэгтэй байна. Ингэхийн тулд УИХ-ын гишүүдийң 3/2 нь санал нэгдэх учиртай. Гэ­тэл өнөөдрийн байлаар ингэж санал нэгдэж чадах эсэх нь эргэлзээ дагуулсаар...Ирэх онд бүсээ чангалахгүй, өлсөхгүй байх боломж байгаа ч улстөрчид тэр дундаа сөрөг хүчин ард түмнээ өлсгөж, бүтээн байгуулалтыг уяж, үүгээр улс төр хийж нэр хүндээ өсгөхийг илүүд үзээд байгаа бололтой.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.