Талибанчууд: Бид дайнд ялсан, америк ялагдсан

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  өөрийн улсын цэргийг Афганистанаас ирэх сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.  Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө Афганистанаас цэргээ гаргаж дуусгах зорилт тавьсан ч хэрэгжүүлж амжаагүй юм. Цэргүүдээ гаргаж дуусах эцсийн өдөр 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны байгууллагын ихэр хоёр цамхаг болон Пентагон руу халдсан террорист халдлагын 20 жилийн ойтой давхцаж байна. Афганистаны дайнд АНУ-ын 2448 цэрэг алагдаж, хоёр их наяд ам долларын хохирол учирсан юм.

Одоогоор Афганистанд АНУ-ын 2500 цэрэг байрлаж байгаа. Ялалт байгуулалгүйгээр цэргээ гаргах нь АНУ-ын хувьд бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.  Гэвч Жо Байден “Бид ийм урт дайныг анхнаасаа хүсээгүй. Эхлээд тэд бидэн рүү халдаж,  дараа нь бид тодорхой зорилготой дайныг эхлүүлсэн. 2011 онд Аль Кайда байгууллагын тэргүүн Осама Бин Ладены амийг хөнөөж, тус террорист байгууллагын хүчийг сулруулсан нь  бидний ялалт юм. Дуусдаггүй дайныг дуусгах цаг ирлээ. Би Афганистан дахь Америк цэргүүдийг удирдаж буй дөрөв дэх ерөнхийлөгч. Бүгд Найрамдах намын хоёр, Ардчилсан намын хоёр ерөнхийлөгч байлаа. Би тав дахь ерөнхийлөгчид энэ үүргийг шилжүүлмээргүй байна” гэж ярьжээ.

АНУ-ын цэргийг гарсны дараа Афганистанд Талибаны дэглэм тогтох эрсдэл нэмэгдэж байна. Афганистаны Засгийн газрын Талибан хөдөлгөөний удирдлагатай хийж буй энхийн хэлэлцээ энэ сарын 24-нд Истанбул хотод үргэлжилнэ. Хэрэв АНУ-ын цэргийг гаргах явцад Талибан хөдөлгөөнийхөн цэргүүд рүү халдлага үйлдвэл Вашингтон хариу барихад бэлэн байгаа талаар Америкийн албан хаагч мэдээлжээ. Харин Талибанчууд ялалтдаа итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. Тэдний удирдагч Хажи Хекмат “Бид дайнд ялж, Америк ялагдсан.Бид  энх тайван байдал болон  эсвэл дайн гэсэн бүх зүйлд бэлэн байна. Шариагаар удирдуулсан Исламийн Засгийн газартай болох бидний шаардлагыг  хүлээж авах хүртэл үргэлжлүүлэн тэмцэнэ. Хэн биднийг эсэргүүцнэ түүний эсрэг тэмцэнэ” гэв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.