Уул уурхайгаа “сэрээх”-гүй бол эдийн засаг элгээрээ мөлхөх нь
Монгол Улсын эдийн засаг энэ онд уналтад орж, сөхөрчихөөд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.  Ард түмний амьдрал хэцүүдэж, өргөн хэрэглээний барааны үнэ чинээндээ туллаа. Монголчуудын цалин нь дэлхийн дунджаас хэд дахин бага байхад өртөг нь өндөр хөгжсөн орнуудынхтай адилхан болчихлоо.  Эрх баригчдаасаа авахуулаад эдийн засагчид хүртэл бүгд нөхцөл байдал хүндэрчихсэн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Ямар сайндаа л Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөр зарлаж, 100 хоногт эдийн засгийн асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжуудаа батлах, сэргээх суурийг тавихаар зүтгэх вэ дээ.

Уг нь эрх баригчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нар нөхцөл байдлыг хянах гээд л үзээд байна. Өнгөрсөн долдугаар сарын 2-нд Ашигт малтмалын хуулийг баталчихлаа. Өнөөх алдарт 106 лицензийг эргэж олгохоор болсон.  Ерөнхийдөө дээдчүүд уул уурхайгаа сэргээж байж л сөхөрчихсөн эдийн засаа өндийлгөх боломжтой гэдгийг мэдээд байгаа юм.  Тиймдээ ч хөрөнгө оруулагчдыг татахаар оролдож, Ашигт малтмалын хуулиа баталж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль зөрчин олгосон гэгддэг алдарт 106 лицензийг хүртэл сэргээсэн.  Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Гэсэн ч уул уурхай зогссон хэвээрээ, улс орны эдийн засаг улам дордсоор.  Одоо л нэг юм Оюутолгойн асуудлыг шийдэхээр болж, гацаанаас гаргах гэж оролдож эхэлсэн. Гэхдээ л ард түмэнд мэдрэгдээд, амьдрал ахуй дээшлээд байгаа юм алга.  Энд тэнд уул уурхайн компаниуд жаахан ажил хийх гэхээр элдэв иргэний хөдөлгөөнүүд нь отож сууж байгаад л баахан шантааж хийнэ.  Тэгж ус гол ширгээлээ, ингэж ч байгаль орчин сүйдэллээ гээд л “гуагчиж” өгнө дөө.

Яг үнэн хэрэг дээрээ байгаль орчин, гол усандаа ч санаа зовоод байгаа юм биш, тэд. Хэдэн төгрөг салгаж аваад л салах гэж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр уул уурхай зогсчихоор улс орны бүтээн байгуулалт, худалдаа наймаа гээд бүх юм дагаад зогсчихож байна. Эдийн засгийн эргэлт гэж алга. Хүнтэй зүйрлэвэл цусны эргэлт нь зогсоод, хэзээ мөдгүй амьсгал хураах дээрээ тулчихаад байна Монгол Улс.  Одоо ганц гайгүй ажиллаж байгаа салбар нь барилга.  Гэхдээ том компаниуд энд тэндээс олсон хэдэн төгрөгөөрөө барилга бариад л аргацаагаад байх шиг байна.

Түүнээс биш уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө мөнгө үгүй болсноор энэ салбарын хурд эрс удааширсан.  Гудамжинд гараад хүмүүсээс ойрын зорилго юу вэ гээд асуугаад үз. Ихэнх нь орон сууцанд орж, тавтай тухтай амьдрах л гэнэ.  Гэтэл  орон сууцны хүрэлцээ алга.  Худалдаж авах гэхээр элдэв стандарт тавиад гацаагаад хаячихна. Өнөөдөр нэг өрөө умгар байр 50 саяар авчих чадалтай хүн байхгүй. Чадалтай нэг нь аль хэдийнэ хэдэн арав, зуугаар нь худалдаж аваад, түрээслэхийг нь түрээсэлж байна. Арай нэг дунд зэргийн амьдралтай нь  банкны зээлд хамрагдчихсан.

Одоо урьдчилгаа 30 хувь өгөх, банкны шалгуурыг давж чадах цалинтай хүн үлдэхээ болилоо.  Олигтойхон цалин өгчихдөг байгууллага байхгүй юм чинь аргагүй.  Уг нь хэдэн уул уурхайн компаниуд байсан бол тэнд ажиллаж байгаа иргэдийн цалин мөнгө нь арай өндөр байх байлаа.  Монгол Улс өнөөдөр ухаалаг гар утас, тансаг машин үйлдвэрлээд дэлхийд гаргаж, мөнгө олж чадахгүй. Ганц гарч байгаа нь ердөө л уул уурхай. Одоохондоо шүү дээ. Яах вэ, яваандаа өөр зүйлээр өрсөлдөж, мөнгө олж болох л байх. Тэр болтол зай ч байна, лай ч байна. Тэгэхээр өнөөдөртөө хоолоо олж идэх, эдийн засгаа сэргээх арга болсон уул уурхайгаа, тэр чиглэлийн компаниудаа л хөдөлгөе.  Өөр арга алга.  
 
Улс орныг сүйрүүлж байгаа “хурган” дарга нараа яах вэ

Уул уурхайгаа хөдөлгөхөөс өөр аргагүй гэдгийг мэдсэн, мэдэрсэн шийдвэр гаргагчид ажлаа чадахаараа л хийлээ.  Гэтэл дунд, доод албан тушаалтнууд дээдчүүлийнхээ шийдвэрийг биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байна. Хэрвээ байдал энэ янзаараа үргэлжилбэл өвдөг сөхөрсөн эдийн засаг элгээрээ мөлхөнө.  Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, 106 лиценз сэргээгээд бүтэн улирал болж байхад одоо хүртэл уул уурхайн компаниуд ажилдаа гараагүй гэнэ. Энэ бүхэн “хурган” дарга нараас болж байна гэх. Тэр дундаа учраа мэдэхгүй, бараг уурхайн бараа хараагүй, чухал царайлсан хурган дарга нартай л холбоотой гэлцэж байна.

106 лиценз сэргээгээд гурван сар болж байхад нэг удаа тендер зарласан гэж байгаа. Тэгэхэд нь цөөн хэдэн аж ахуйн нэгж ирсэн гээд дахин тендер зарлахаар болсон гэнэ. Ийм зүйл байж таарах уу.  Тэд ер нь  юу хийж байна вэ. Өглөө ажилдаа ирээд, ширээнийхээ ард нэг их чухал царайтай хүн интернэт ухаж, “Candy crush” тоглож, элдэв хүмүүстэй чааталсаар байгаа нь мэдээж. Тэд шийдвэр гаргах гэж огт яардаггүй. Хөөрхийс нэг ажил гялс хийгээд, шийдвэр гаргаад, ганц уул уурхайн компанийг ажилд оруулчих гэхээр АТГ-аас дуудаад амраадаггүй юм шиг байгаа юм.  Шалтаг тооч гэвэл нэг иймэрхүү. Гэхдээ тэд шийдвэр гаргах дээрээ тулбал авлига авах гэж үзнэ л дээ. 

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ганц гарын үсэг зарсаны төлөө хоёр өрөө байр нэхэж байна гэнэ, цаана чинь. Ерөөсөө Монголоор дүүрэн Зайсанд хоёр, гурван өрөө байртай болж, үнэтэй машин унахыг хүссэн “хурган” дарга нар байгаа гэхэд хатуудахгүй. Төр засгаас шийдвэр гардаг, тэдэн дээр очоод гацдаг.  Бизнесийнхэн, уул уурхайн компанийн удирдлагууд тэдний хаалганы өмнө очоод, гарын үсэгнийх нь үнийг дийлэхгүй сууж байна гэнэ. Ядаж байхад эдийн засаг хямраад хэт том мөрөөдөлдөө автчихсан, ажил хийх сонирхолгүй “хурган” дарга нарын нэхэж байгаа авлигыг нь өгч чадах ч компани, аж ахуйн нэгжийн дарга, захирал алга.  Тийм болохоор дунд шатны дарга нарын хийж байгаа ажил нь “гацаах”. Юуг ч хамаагүй гацааж чадаж байна тэд. Энд уул уурхайн талаар хөндөж байгаа болохоор “хурган” дарга нарыг цохоод байна л даа.

Түүнээс биш бүх салбарыг “алж” байгаа хүмүүс нь ердөө л дунд, доод шатны дарга нар шүү дээ.  Уул уурхай энэ янзаараа гацаад байвал хэн хохирох нь тодорхой. Улстөрчид, “хурган” дарга нар бол хохирохгүй. Тэд яаж ийж байгаад жижиг ч гэсэн авлига аваад, ард түмнээ мөлжөөд л сууж байна. Уул уурхайн компанийн захирлууд хохирохгүй ээ.  Нөхдүүд ганц хоёр жилийн хямралыг тэгсхийгээд л даваад гарчихна.  Ямар ч компанийн захиралд тэр зэргийн хурааж хуримтлуулсан юм байлгүй дээ. Харин эцсийн дүндээ ард түмэн л хохирно.  Арай гэж дунд төвшний айл болж, амьдрал багахан дээшлэх гэж байсан хүмүүс л хохироод үлдэж байна.  Уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн цалин ямар билээ. Цэвэрлэгч нь гэхэд л 700-800 мянган төгрөг, цаашлаад сая хүргэж авдаг.  Хэдэн жил тогтвортой ажиллачихад л байртай, унаатай болчих боломж бий.

Ядаж л зээл авахад банкны шалгуурыг давна.  Гэтэл уул уурхай зогсоод, улс орны эдийн засаг хямраад ирэхээр энэ салбарын компаниудад ажилладаг хүмүүс хохирч байна.  Өнөөдөр хэчнээн уул уурхайн компанийн ажилчид гэртээ хэзээ ажил эхлэх бол гээд хүлээгээд сууж байгаа бол. Эцэстээ итгэл алдарна. Арай гэж дунд төвшин рүү орох гэж байсан амьдрал нь эргээд унана. Энэ бүхний эцэст улстөрчид, авлига авахаас өөр зүйлийг сэтгэж чадахгүй, ядаж яаж авлига авахаа ч мэдэхгүй “хурган” дарга нарыг буруутгахгүй. Компанийн захирал, бизнес хийгээд, хэдэн хүнийг ажлын байраар хангаад явж байгаа цөөн хүмүүсийг л буруутгана шүү дээ.  Хэрвээ уул уурхай сэргэхгүй, “хурган” дарга нар нь ажил  хийлгэхгүй гацаагаад байвал эдийн засаг улам хүндэрнэ.  2015 он энэ жилээс ч илүү хүндэрч байж ч магадгүй юм.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батсуурь 2014-12-11 10:33:16
    Говьсүмбэрт бол яг ийм дүр зураг байна АН-н хан ах дүү,төрөл садан хүргэн бэрүүд дүүрэн,ажлаа мэддэг хүн бараг байхгүй хэцүү байна аа..
    202.72.245.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-10-13 10:42:29
    Уул уурхайгаа сэргээх хэрэгтэй гэдгийг УИХ ын гишүүд ойлгодог гэтэл хөдөөний малчид шал өөр ойлголттой нэг л их орон нутаг ус цасандаа хайртай хүмүүс болж уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс мөнгө төгрөг салгах гэсэн бодолтой хүмүүс байх юм,Сүүлийн 3 жил олон 60 жилийн давтамжаараа ус маань элбэг болж хаа ч явсан шавар намагт суучих гээд, хуучин гарам байсан газараараа гарч чадахгүй машин тэрэгтэйгээ урсаж явчих гээд байдаг болчихжээ,
    103.229.123.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2014-10-13 09:39:19
    Хурган дарга нарын тухай яг үнэн хэлжээ. Бүх салбар ийм нөхдөөр дүүржээ.Намаар томилогддог, ямар ч ажил мэдэхгүй мангар пацаануудаар даргын местүүд бөглөгдсөн. Цаашдаа яанаа?
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
    • БК 2015-01-21 04:21:48
      НАМ ДАГАЖ ЯВДАГ ХУРГАНУУД АА ГЭЖ...ТЭД ЧИНЬ УГЖААР ЯВДАГ ЮМ ШДЭЭ ТӨЛ МАЛНУУД ТӨРД ОЧИЖ МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛДЭГ
      112.72.13.203
      Мэдэгдсэн Хариулах
  • баттогтох 2014-10-13 06:57:59
    ямар үнэн үг вэ
    112.72.13.67
    Мэдэгдсэн Хариулах