АН өлсгөлөн зарлаж, вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгний урамшуулал олгохоор болов

Өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад 2086853 хүн хамрагдаад байна.Манай улсад хэрэглэж байгаа БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вироцел вакциныг өчигдөр ДЭМБ яаралтай горимоор хэрэглэж болох вакцины жагсаалтад бүртгэн авлаа.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотойгоор эрх баригчдын зүгээс төрийн байгууллагуудад нөлөөлсөн, хууль зөрчсөн, эрх зүйт ёсыг уландаа гишгэсэн асуудлуудыг эсэргүүцэж улс төрийн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ 13 ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн /2021/05/03/ хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авсан.

Бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ" гэв.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМАНД 6,3 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО


Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6,3 магнитудын газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021/05/03 16:46:39
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.26N 100.44E
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 6.3
Болсон газар : Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн.

АГААРААС ЭРЭН ХАЙХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ ФРАНЦААС ИРЛЭЭ


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон. Тэгвэл энэ сарын 4-нд агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна.

Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд орхигдоод байсан агаарын аврах ангийг дахин сэргээн байгуулснаар онцгой байдлын албаны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрэн хайх, аврах ажилд томоохон ахиц дэвшил болох юм.

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер тэргүүтэй албаны төлөөлөгчид саяхан Монгол Улсад ажилласан билээ.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН БОЛ 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО


Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн үед вакцинд хамрагдах иргэдийн тоо буурч байгаа учраас вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс  Засгийн газраас /2021/05/05/ тодорхой шийдвэрүүд гаргасан. Тодруулбал, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэдийнхээ дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авах буюу ирэх саруудад бүх төрлийн халамж, хүнсний талоныг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс шалтгаалж олгоно гэв.
 

СЕХ: АРДЧИЛСАН НАМААС С.ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЛЭЭ


 Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны /2021-05-05/ шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа.

Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авлаа.

Н.ТҮВШИНБАЯРЫН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 15 ХОНОГООР СУНГАЛАА


Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООСОН ХУГАЦААГ СУНГАЛАА


Загийн газрын ээлжит хуралдаанаар /2021/05/05/ автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав.

УОК: ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАВДУГААР САРЫН 22 ХҮРТЭЛ НЭЭХГҮЙ


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

Нотлох баримт гэдэгт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадлагаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, ПСР шинжилгээний хариутайгаар зорчино.

ТАВДУГААР САРЫН 10-НААС СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ


Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно.

Ингээд Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Эрт амарч байгаа учир намар 08 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТЭЙ ТАНИЛЦАНА УУ.

С.Тайшир
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2021-05-09 14:51:10
    Нэг мөр өлсөглөн зарлаж байгаад бүх иргэддээ төв банкныхаа алтны санг хуваагаад өгчихвөл амар, ажил хийхгүй гэхдээ улсаар тэжээлгэх дээр өлсөглөн зарлах хэрэгтэ...
  • мэдрэлээ гэмтээлчихлгүй тэс 2021-05-09 02:16:55
    түвшинбаяр олимпс баттулгаас болж зуулгаж дээ манай шүүх бол хууль биш захиалга хэрэгжүүлдэг болсоор удаж байгаа одоо бүр хяналтгүй нэг намын эрхэндбайгаа эр ал...