Рио Тинто гэрээгээ зөрчихөөр улайрч байна
“Рио Тинто”-гийн хувьцааны ханш, олз ашиг аль аль нь багасч, нэг хэсэг ядарч явахад дэлхийн уул уурхайн сэдвээр дагнан бичдэг цахим хэвлэлүүдэд “Оюутолгой төсөл Рио Тинтогийн ганц авралын “од” нь тиймээс хэрэгжүүлэхийн тулд амиа тавьж байна” гэсэн мэдээлэл их гардаг байж билээ. Үнэхээр ч “мэнгэ нь голлосон” гэлтэй цаг үе үргэлжилж, өндөр үнээр худалдаж авсан зарим уурхай нь дампуурч, заримыг нь дампуурахаас өмнө зарахаас өөр аргагүй болж байсан юм, тэр үед. Ядарсан үед өрсөлдөгч дайрдаг ёсоор “Чайналко” эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх санал гаргаж байв. Энэ үед Рио Тинтод Оюутолгой үнэхээр чухал байсан. Тийм ч учраас санхүүгийн бүх эрсдэлийг хариуцахыг зөвшөөрч, 2009 оны гэрээг байгуулсан.
 
Төслийг хэрэгжүүлэх санхүүжилт олохын тулд эзэмшилдээ байсан зарим ордуудаа хүртэл зарж байлаа. “Айвенхоу майнз”, Р.Фрийдланд ч ингэж зүтгэж байсан нь үнэн. Гэвч бусад салбарууд нь өндийн босч, компани хөл дээрээ босохын хэрээр Рио Тинтогийн хувьд Оюутолгой ач холбогдлоо алдаж эхэлж байна.
 
Англи Швейцарийн хамтарсан Glencore компани өнгөрсөн долдугаар сард Рио Тинтод нэгдэх санал тавьсан гэсэн мэдээлэл саяхан гарсан билээ. Рио тинто өөрсдөө энэ талаар мэдээлсэн бөгөөд энэ жил оны эхний зургаан сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэжээ. Оны эцсийн тооцоогоор 10 тэрбум хүрэх бүрэн боломжтой харагдаж байна. Энэ ашгийн тодорхой хувь нь хувьцаа эзэмшигчдэд очих ёстой, гэхдээ дийлэнх нь Рио Тинтод үлдэнэ. Энэ хөрөнгийн тодорхой хэсгийг Оюутолгойн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь зориулж “Туркойз хилл ресурс”-д хуваарилах бүрэн бо­ломжтой. Өөрөөр хэлбэл, тэд далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай гээд байгаа зургаан тэрбум ам.долларын ихэнхийг өөрсдөө санхүүжүүлэх боломжтой. Гэрээн дээр ч ил, далд уурхайн санхүүжилтийн аль алиныг нь хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна гэж заасан бий.
 
Нэгд гэрээнд заасан үүрэг, хоёрт хөрөнгө санхүүгийн бололцоо аль, аль нь байгаа атлаа далд уурхай барихад хэрэгтэй зургаан тэрбумын 60 гаруй хувь буюу дөрвөн тэрбумыг нь арилжааны банкны санхүүжилтээр шийднэ, мөн банкны зээлийг Оюутолгой ХХК-ийн нэр дээр авна гэж байгаа нь тус компанийн 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газрыг шууд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм.
 
“Оюутолгойг хөдөлгөх нь Рио Тинтод нэг их чухал биш болжээ” гэж дээр хэлсэн дүгнэлт ингээд батлагдаж байгаа юм. Хэрвээ Оюутолгойн үйл ажиллагаанд ямар нэг эрсдэл гарч, арил­жааны банкууд мөнгөө нэхлээ гэхэд Оюутолгой ХХК л өрөнд орохоос Рио Тинтод хамаарахгүй.  Мэдээж зээлийн баталгаанд Рио Тинто баталгаа гаргаж өгөх байх, Монголын Засгийн газар ч зээл авахыг дэмжсэн бичиг хийж өгнө. Гэвч эрсдэл үүслээ гэхэд Рио Тинто эзэмшил хувиа Хятадын компанид зарчихаад л яваад өгнө. Эсвэл нэмэлт хувьцаа гаргахыг Монголын Засгийн газраас шаардаж зөвшөөрүүлнэ. Гэ­рээнд Оюутолгойн нийт ашгийн 53 хувийг Монголд 47 хувийг Туркойз хилл ресурст ноогдохоор байлгана гэж заасан ч арилжааны банкуудаас зээл авахыг зөвшөөрснөөрөө бид 53 хувийн ашиг авах хүслээсээ ухарсанд тооцогдоно. Учир нь, тохироо хийж байх үед төслийг Рио Тинто 100 хувь санхүүжүүлэхээр ярьж байсан шүү дээ. Арилжааны банкууд орж ирснээр хүү төлбөр нэмэгдэж, хүүгийн төлбөрийг талууд хувь эзэмшлийнхээ дагуу /66:34/ хариуцахаар аль, алиных нь ашиг буурна. Рио Тинтогийн хувьд “Туркойз хилл”, Оюутолгой бол зүгээр л нэг ашигтай төсөл, болохгүй бол зарж орхино. Гэтэл бидний хувьд ямар чухал билээ. Гацаанд ороход нь эдийн засаг хүндэрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэхдээ тулж байна.
 
Эзэмшигч солигдох, тэр нь бидний болгоомжилж явдаг нөхдүүд байж таарах тийм эгзэгтэй байдал үүсч, шахаанд орвол юу ч болж мэднэ. Мэдээж, нэг талаас харахад, бид гэрээг заавал мөрдүүлэх, эрх ашгаа хангахын тулд шаардлага тавьж байгаа нь Рио Тинтог Оюутолгой төслийг орхиход хүргэх эрсдлийг харин ч нэмэгдүүлж байгаа юм шиг харагдаж байж болно. Гэвч нөгөө талаас, хөрөнгө оруулагчдын зүгээс хийж ирсэн алхам нь үнэхээр энэ төслийг хөдөлгөж, харилцан ашигтай ажиллах биш, харин аль болох их мөнгө хийж аваад хурдхан зайлах сонирхолтой байгаа гэж харагдуулж байгаа юм. Тэд төслийн бүтээн байгуулалт эхлэхэд л мөнгө хийж эхэлсэн байх өндөр магадлалтай. Ил уурхайн анхны хөрөнгө оруулалт даруй хоёр тэрбум гаруй ам.доллараар хэтэрсэн, хэрвээ үндэслэлгүй нэмсэн бол энэ мөнгөний 34 хувь буюу Мон­голын талын хариуцах хэсэг нь хөрөнгө оруулагчдын шууд ашиг. Ил уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн асуудлыг нарийвчилж ярья, дараагийн төсөлдөө ийм байдал гаргуулахгүй байх талаар тохиръё гэхэд татгалзсаар байгаа. Ноднин са­нал зөрж байсан 30 асуудлаас одоо үлдсэн байгаа зарчмын 3-4 зөрүүтэй байр суурь үлдээд байгаагийн нэг нь энэ асуудал.
 
Энэ нь анхны хөрөнгө оруулалтыг үндэслэлгүй нэмсэн нь үнэн байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Яах вэ, банкууд Оюутолгой шиг ашигтай төсөлд хөрөнгө оруулах гээд дугаарлаж байгаа давуу талыг ашиглаад зээлээр санхүүжүүлчихье  гэж төлөвлөж байж болно. Гэвч гэрээнээсээ удаа дараа эргэж буцаж, бага багаар шахаанд оруулж байгааг нь яавч зөвөөр ойлгож чадахгүй нь.
 
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-10-14 12:39:57
    Англи Америкийн боловсон дээрэмчид одоо л жинхэнэ луйварчин төрхөө харуулж манайхан бага багаар ойлгож эхэлж байгаа бололтой.
    103.229.123.151
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2014-10-14 10:58:59
    uur muur in hureed baibal yabaad ogno biz .terentei terengui bolood baisan boloh bailgui. yamar RIO-TINTO-goor mongoliin ard tumen tejeelgej irsen bish . tuund sanaa zobj uhchihgeed yahab dee. hoogood garga.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2014-10-14 09:37:14
    Davraaj yasanch bolohgui,busdad zarah bolomjuudiig ni haah heregtei, manai undesnii konsertsium avaad yavj chadna doo. Ted yavbal yavna l biz..sain l bn.
    103.229.121.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocjin 2014-10-14 05:06:18
    Za manaihan uursduu anhnaasaa gereegee barij chadahgui duvchignechiheed etsest ni hunii uuriig hurgechiheed daraa ni ingej soliorohoo bolitsgoo.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • keke 2014-10-14 01:30:24
    Buzriin Evreinyyd alga boloosoi...
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах