Ковидын нөлөө иргэний нисэхийн салбарт

 

Цар тахал-Ковид-19 хүн төрөлхтөний хувь заяанд эргэлт гаргаж өнөөдөр хүртэл хөгжиж ирсэн арга замаа эргэж харахад хүргэж байна. Ковидын дараах хүн төрөлхтөн шал өөр болно гэж судлаачид мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд дэлхийн улс төр, иргэний байгууллагууд ч ийм дүгнэлтэд хүрээд байгаа билээ. Хэдийгээр бичигч би нисэхийн салбарыг мэдэхгүй ч гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлуудыг сонирхосны дүнд зарим нэг хэрэгтэй байж мэдэх мэдээллүүдийг хүргэж байна.

НҮБ-ын дарга Антони Гутериш иргэний агаарын тээврийг сэргээн, хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын нөлөөлийг бууруулан эх дэлхийгээ аврахыг уриалсан ба   Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын тэргүүн Фан Лю  инновацийн дэвшлийг өргөн нэвтрүүлж энэ зорилгод хүрэх юм гэсэн байна. 

Дэлхий даяар агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, үйлдвэрлэгчид цар тахлын хорионоос үүдэн маш их гарз хохирлыг амсч зарим компаниуд дампуурлаа зарлаж байгаа бөгөөд нөхөн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээ, амин чухал хэрэгцээт бараа, эм тариа бэлдмэл, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай газруудад хүргэх ажлыг тасалдуулахад хүргэж байна.  

Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC-2030 хөтөлбөрийн хүрээнд хамрагддаг 10 орныг   хамарсан судалгааны дүнг 2021 оны 2 сард нийтэлжээ.  Судалгаагаар энэ бүсийн орнуудын агаарын тээвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90% гаруй буурсан бөгөөд  Монгол, Туркменистан улсууд зөвхөн гадаадад байгаа иргэдээ буцаан татах нислэгийг л үйлдэж байна, олон улсын агаарын тээвэр 2023 он хүртэл бүрэн хэмжээндээ хүрч сэргэж чадахааргүй байна гэжээ.  АХБ-ны CAREC-2030 хөтөлбөрийн судалгаагаар Ковидоос болж  Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн 10 орны хувьд 2020 онд зорчич тээвэр 40 сая хүнээр багасч, зорчигч тээврээс олж болох байсан 7 млрд ам.долларын орлого тасарч, аялал жуулчлал агаарын тээвэртэй холбоотой 1 сая ажлын байр үгүй болж, аялал жуулчлалаас олж болох байсан 27 млрд.ам.долларын орлого алдах аюул нүүрлээд байна гэсэн байна. Иймээс АХБ-ны зүгээс хямралыг даван туулахад нь 12 төрлийн дэмжлэг туслалцааг улсуудын иргэний нисэхийн салбарт үзүүлж болох тухай судалгааны тайланд дурджээ. 

Мөн ИКАО-ын нислэгийг сэргээх зөвлөлийн 2021-03-10-ны өдөр гаргасан зөвлөмжид улс орнуудын засгийн газрууд, иргэний нисэхийн удирдах байгууллагуудад хандан агаарын тээврийг сэргээхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, вакцин, хүмүүнлэгийн тусламж, аюултай ачааг нэвтрүүлэх зөөвөрлөхийг хялбаршуулах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, агаарын хөлгийн экипажийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж гаргасан байна. Манай 2 хөрш орнуудын хувьд аль болох агаарын тээврийн үйлчилгээг нээхэд анхаарч байгаа бөгөөд дотоодын тээврээ нээж, улсуудад Ковидтой тэмцэхэд нь зориулж тусламж үзүүлсээр байна.

Мэргэжлийн судлаачдын мэдээлж буйгаар үйлдвэрлэгчид болох Airbus 60 агаарын хөлөг зарах захиалгаа алдаж, Boeing  8 млрд ам. долларын 75 агаарын хөлөг борлуулж чадаагүй байна.  Ковидоос болж Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хандлагад маш их өөрчлөлт гарахаар байна. Хүмүүс халдвар авахаас болгоомжлон цэгээс цэгт үйлчилгээг илүү сонирхох болсоноор дамжин өнгөрүүлэх томоохон төв нисэх буудлууд болох HUB/хаб-ын үе өнгөрч байна гэж үзэх боллоо. 

Аль болох контактгүй үйлчилгээг нисэх буудлууд нэвтрүүлэхийг эрмэлзэж билет захиалах, бүртгүүлэх, ачаа тээш хянах,  хяналт шалгалтаар дамжих гм бүх үйл ажиллагааг аль болох контактгүй/шууд хавьтал/харилцаагүй байлгахад чиглэсэн техник технологийн шийдлийг нэвтрүүлж эхэлж байна. Бага оврын онгоцоор нисэхийг ч сонирхох болсон тул ерөнхий зориулалтын нисэх, квадратокоптер, нисдэг машин, дроны, онлайн үйлчилгээнүүд эрэлттэй болжээ. Маш хурдан нисдэг дунд зайны/магистралийн тийрэлтэт хөлгүүдийн эрэлт нэмэгдэх болтой. Агаарын хөлөг доторх суугчид хоорондын зайг ихэсгэх, хаалт байрлуулах, үйлчлэгч нарын оронд робот нэвтрүүлэх, биометрик хяналтын системийг нэвтрүүлэх гэх мэтээр маш их өөрчлөлтүүд гарах тул нислэгийн билетийн үнэ 50% хүртэл нэмэгдэх магадлалтай гэнэ.

Маш олон нислэгүүд цуцлагдан агаарын хөлгүүд зогссол дээр, зарим нь бүр цэргийн нисэхийн зогсоол дээр хүртэл овоорчээ. Үүнээс үүдэн нисэгч нар, экипажийн мэргэжлийн бэлтгэл суларч нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул тренажерийн бэлтгэлийг сайжруулах болжээ. 

Агаарын хөлгөөс агаар мандалд хаягдах хорт бодисын хаягдлыг бууруулах зорилгоор түлшний хэмнэлттэй моторыг онгоцонд ашиглах, агаарын замд байх хугацааг багасгахаар төлөвлөлт зохицуулалт хийх, агаарын зам коридорын нэвтрүүлэх чадамжийг сайжруулах талаар ажиллаж байна гэх мэтээр дэлхийн иргэний агаарын тээвэрт маш том  өөрчлөлт хийгдэх гэж байна.

Монгол улсын хувьд нисэх онгоц үйлдвэрлэж чадахгүй ч илүү хэмнэлттэй түлш ашиглах агаарын хөлгүүүдийг худалдаж авах, агаарын орон зайн нэвтрүүлэх, шуурхай үйлчлэх чадамж, багтаамжаа нэмэгдүүлэх, сумдын нислэгийг сэргээх, аялал жуулчлалын нислэг бий болгох, дрон, хувийн нисэх онгоц ашиглахад олгох чөлөө зөвшөөрлийг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бууруулахгүйгээр хялбаршуулах, хот суурин газрын агаарын орон зайд бага оврын онгоц дроноор  нислэг үйлдэхийг дэмжих  гм  замаар дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, аль болох олон чиглэл, улс оронд нислэг үйлдэх зам гарцын тоог ихэсгэх чиглэлээр ажиллаж эрсдэлийг давж гарах бизээ. Мөн нисэхийн бус үйлчилгээг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд суларч буй Буянт-Ухаа нисэх буудлын бүсэд иргэний нисэхийн сургалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны олон улсын кластер байгуулах, манай шууд нислэгтэй гадаадын нисэх буудлуудад Монгол дюти фреег байгуулан монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулах, эрүүл хүнс махан бүтээгдэхүүнээ экспортлох ачаа тээврийг хөгжүүлэх, газрын ховор элементийг экспортлох зэрэг арга хэмжээг төрөөс дэмжин авч хэрэгжүүлбэл зүгээр байхдаа.

Бодлогын хувьд: Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого-2020 /ТИНСББ-2020/ дууссан, шинэ бодлого гаргах, агаарын орн зайн  нэвтрүүлэх чадвар, агаарын шинэ замуудыг нэмэх, хямд зардал бүхий онгоц хямд түлш, онгоцны агаарт зарцуулах түлшний зарцуулалтыг багасгах, нисэхийн бус үйлчилгээ, дотоодын аялал жуулчлалтай хамтрах АХБ зэрэг газраас тусламж зээл авах, байгаагаа хэмнэх, зардлаа зөв хуваарилах, зөв газарт хөрөнгө оруулан нэмэлт орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлого чухал.   Дэлхийн бүс нутгуудад үүсч буй зөрчил тэмцлийн голомтууд: Армян Азербайжаны, Араб Израйлын мөргөлдөөн, усны төлөөх Киргизстан, Узбекистан, Казахстан улсуудын зөрчил, Хятадын Гималайн уулуудад байгуулж байгаа усны далангуудаас болж Зүүн Өмнөд Азийн орнуудтай үүсэх зөрчил,  мөн өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын  цэргийн хүчирхэгжил нь нэг талдаа монголоор дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлэх магадлалтай ч, Хятад -Европын Холбоо- АНУ-ын худалдааны дайн, санкц  зэрэг нь бас монголоор дайран Европ чиглэсэн нислэгийн тоог бууруулах магадлалтай.  Улс орнуудад дотоодын нислэг, ачаа тээш карго тээвэрлэлт нэмэгдэж байгаа, өвчлөл буурахаар зорчигчид нэмэгдэнэ гэсэн зэрэг олон улс дэлхийн хэмжээнд гарч буй хүлээлтүүдийг анзаарч байх нь иргэний нисэхийн салбарын алс хэтийг харах, төлөвлөхөд хэрэгтэй юм болов уу.

Эдийн засгийн хувьд:  Байгаагаа хэмнэх, зардлаа зөв хуваарилах, зөв газарт хөрөнгийг зоригтой оруулан нэмэлт орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлого аль ч салбарт чухал. АХБ-ны CAREC-2030 хөтөлбөрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл авч Буянт Ухаа бүсэд иргэний нисэхийн сургалт засвар үйлчилгээ, үйлдвэрлэл худалдааны кластер байгуулах, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөө ашиглалтад оруулах зэргээр алс хэтээ харсан хөрөнгө оруулалтыг хийх нь дэлхийн агаарын тээвэр сэргэх үед хэрэг болж магад.  

Техник технологийн хувьд:  ОХУ-ын МС-21 гэдэг шинэ онгоц хямд зардалтай бөгөөд техникийн үзүүлэлтүүд нь монголд тохирох мэт. 

Aircraft Interior Expo үзэсгэлэн дээр италийн Avointerois фирм Skyrider гэдэг эмээл хэлбэрт суудал гаргасан нь онгоцны доторх зайг хэмнэх гэнэ. 

Стоячие кресла для самолетов

Мөн онгоцны үйлчлэгч нар зориулсан ухаалаг цаг нь онгоцны салоны  мэдээллийг өгч, зорчигчийн захиалга санал хүсэлтийг авдаг байна. 

Умные часы для бортпроводников

Үйлчлэгчийг орлох робот нь 7 хэл дээр ярьж зорчигчдод үйлчлэх гэнэ.

Японский робот для пассажирских самолетов

 Германы Гамбургийн “United screens” компани VR нүдний шилийг зорчигчдод санал болгосноор онгоцонд удаан суухдаа виртуаль орчинд аялах боломжийг олгодог гэнэ .VR-очки в пассажирском самолете

Онгоцон доторх интернет Германы үүрэн телефоны операторууд янз бүрийн үнэ тарифтай интернетийг санал болгож байгаа гэнэ.

Нийгэм, хүний нөөцийн хувьд: Нислэг цуцлагдсанаас үүдэн нисэгч нарын бэлтгэл ур чадварт нөлөөлж буй тул  тренажер авч нислэгийн цагийг нөхөх сургалт явуулан ашиг олж болох талтай. Хэрэв олон улсын нисэхийн академийг Монголд байгуулбал ажлын байр нэмэгдэж, үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэн гадаад зах зээлд нийлүүлэх,  нисэхийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх талтай.  Монгол хүн  гадаадад боолын хөдөлмөрт явахгүй  дэлхийн шилдэг аэропортууд, авиакомпаниудад ажиллан оюуны оутсорсинг хийх, Буянт-Ухаа бүсэд эдийн засгийн шинэ төвлөрөл үүсгэх,  сэргээгдэх баялагийн үйлдвэрлэл үүсэх болно.  Монголчууд одоо нүүрс зэс зэрэг сэргээгдэхгүй баялгаа зарж амьдарч байгаа.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн хувьд: ОХУ-ын дунд зайны МС-21 онгоц нь ИКАО-ын шаардлагад нийцсэн, техникийн үзүүлэлт сайтай, хямд байх шинжтэй. Тэгээд ч энэ онгоцыг манай хажууханд Иркут корпорацид үйлдвэрлэж байгаа юм байна.  Тухайлбал: 1 зорчигчийн суудалд шилжүүлэн тооцсоноор 15-25% бага СО-2-ыг ижил төстэй онгоцнуудыг бодвол агаарт хаядаг, 130-170 суудал, 160-211 суудалтай байхаар үйлдвэрлэж байгаа, Түлшний зарцуулалтын дээд хэмжээ нь 6000-6400 км-т 20,4 тонн, хөдөлгүүрийн амьдралын циклийн үнэ нь ижил төрлийнхөөс 15-20% хэмнэлттэй, экологийн хувьд илүү цэвэр байх тул эдгээр үзүүлэлтээрээ ижил төрлийн агаарын хөлгүүдээс илт давуу гэж мэргэжилтнүүд нь мэдээлж байна.

Первый полёт, 28 мая 2017 года

Эрх зүйн зохицуулалтын хувьд:   Нислэг үйлдэх зөвшөөрлийг шуурхай олгох,  шинэ зам нээх талаар  улсуудтай гэрээ байгуулах, засгийн газрын дэмжлэг, жижиг авиакомпаниуд нэгдэх,  монгол дюти фрее байгуулж экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн шилдэг нисэх буудлуудад хүргэх эрх зүйн зохицуулалтууд гэрээ хэлцлүүдийг одооноос эхлэн бэлтгэж байх нь чухал гэж үзэж байна.

 

Нийтлэл бичсэн  TSMJL 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.