Мод тариад койн ав

Хаврын мод тарих өдрүүд үргэлжилж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарлын эсрэг хамгийн сонгодог арга бол мод тарих гэдгийг хүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн улс орнууд мод тарих, тарьсан модоо амжилттай ургуулахад зориулсан арга хэмжээнүүдийг янз бүрээр авдаг. Зарим нь хуульдаа тусгаж, хатуу аргаар үздэг бол зарим нь уян хатан сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иргэддээ уриалдаг. Манай улсад өнөөдрийн байдлаар мод тарих ажил нь зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа юм. Тэгвэл дэлхийн улс орнуудын сүүлийн үеийн зарим аргуудаас сонирхуулж байна.

КРИПТОВАЛЮТ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО

Санхүү мөнгөний зах зээлд хүчтэй орж ирсэн виртаул шийдлүүдийг ашиглан мод тарихыг дэмжих явдал трэнд болж байна.  Энэ нь эргээд тухайн бизнесийг сурталчлах амжилттай арга болж байгаа аж. Жишээлбэл, криптовалют болох форесткойн нь энэ зорилгоор гарч ирсэн хэрэгсэл. “Бидний зорилго бол дэлхий ертөнц дээрх хүн бүр нэг мод тарих явдал юм” гэж тодорхойлж байгаа ч бизнесийн маркетингаа маш ухаалгаар, харилцан ашигтайгаар хийж чадаж байгаа нь энэ юм. Дэлхийн хаанаас ч, хэн ч өөрийн амьдарч буй газартаа мод тариад түүнийгээ фото зургаар баталгаажуулан forestcoin сайтад илгээснээр тарьсан мод бүртээ 10 койны урамшуулал авах аж. Криптовалютын зах зээл сүүлийн 1- 2 жилд асар ихээр тэлж,  олборлох үйл явц нь маш их хэмжээний эрчим хүч хэрэглэн, тэр хэрээр нүүрстөрөгч ялгаруулж, байгаль орчинд халтай болж байгааг онцолсоор байгаа. Криптовалютаас татгалзаж, хууль эрхзүйн орчноор дэмжихгүйгээ илэрхийлдэг улс орнуудын ихэнх нь энэ нөхцөл байдлыг үндсэн шалтгаанаа болсон тайлбарлаж байгаа. Тэгвэл дижитал хөрөнгийн зах зээлийнхэн үйл ажиллагаагаа илүү ухаалаг, уян хатан, байгаль орчиндоо буцаан өгөх байдлаар хийхийг хичээж байгаагийн жишээ нь форесткойн гэж зарим экспертүүд үнэлсэн байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОХЫН ТУЛД МОД УРГУУЛСАН БАЙХ ЁСТОЙ

Мод тарихыг хуулиараа ч тэр, хөтөлбөр урамшууллаараа ч тэр дэмжиж, дэлхийн хамгийн их цөлжилттэй газар нутгийг ногоон бүрхэвчтэй болгож чадсан гавьяа бол яах аргагүй Хятад улсынх. Жил бүрийн хавар тус улсын төрийн албан хаагчид, багш, оюутнууд, компанийн ажилтнууд мод тарих аялалд нэгддэг бөгөөд үүнээс чухал ажил бараг байхгүй болдог. Өдийд кампанит ажлууд нь эрчимтэй явагдаж байгаа. 1978 оноос хойш албан ёсоор ойн бүрхэвчийнхээ хэмжээг 12 хувиас бараг 22 хувь болгож нэмэгдүүлсэн нь НАСА-гийн хиймэл дагуулын зургуудад тодорхой харагддаг бөгөөд энэ нь Хятад улс ойжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орон болохыг баталж байна гэж блүүмбергт бичжээ.

Тус улс хурдацтай баригдаж буй хотууддаа мод, ногоон байгууламж нэмэх төлөвлөгөө гаргаснаар илүү их амжилтанд хүрсэн. 2004 оноос хойш 170 орчим хот суурин газрыг ногооруулах, бохирдлыг бууруулах зорилготой “ойн хот” аяныг эхлүүлсэн бөгөөд хот бүр жилд дунджаар 13000 га цэцэрлэгт хүрээлэн эсвэл ойг нэмсэн байна. Зөвхөн мод тарихтай холбоотой хуультай улс бөгөөд жишээ нь төрийн албан хаагч болохын тулд заавал мод тарьсан байх шаардлагатай. Тариаланчид тарьсан модныхоо дор хаяж 65 хувийг амьдруулж чадсанаар улсаас мөнгө авдаг. Хятадын Ногоон сангийн мэдээлснээр 2030 он гэхэд Иран, Казахстан, Пакистан, Турк зэрэг Төв, Баруун Азийн орнуудтай холбосон гурван “ногоон эдийн засгийн бүс” -ийг бий болгоно гээд энэ чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг хамгийн жишиг улс бол Хятад юм.

ХЯТАДЫН АРААС ВЬЕТНАМ

Хэдхэн өдрийн өмнө Вьетнам улс 2025 он гэхэд улсынхаа хэмжээнд нэг тэрбум мод тарьсан байна гэж мэдэгдэв. 2020 оны сүүлээр болсон хүчтэй хар салхины улмаас тус улсад тоо томшгүй олон хөрсний нуралт үүсч, 200 хүн нас барж, эд хөрөнгийн хохирол 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдсэн юм. Тиймээс цаашид үүсэх хөрсний нуралт, үерийн эрсдэлийг бууруулахын тулд мод тарихаас аргагүй гэж Ерөнхий сайд нь мэдэгдэв.  Гэхдээ мод тарих ажлыг хот, аж үйлдвэрийн бүс зэрэг хөгжингүй газарт төвлөрүүлнэ гэж байгаа нь орон нутгийн тариаланчдад таалагдахгүй байгаа аж.

Тэрбум модны хөтөлбөр нь экосистемийг хамгаалах, байгалийн үзэмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, эдийн засгийн хөгжилд туслах зэрэг олон зорилттой засгийн газрын албан ёсны бодлого юм. Гэхдээ Засгийн газар нь тодорхой төлөвлөгөөгөө одоогоор танилцуулаагүй байна. Учир нь өмнөх ойжуулалтын хөтөлбөрүүдээр урамшуулал, татаасыг харамгүй өгдөг байсан. Гэхдээ тарих модны төрлийг тогтоогоогүй. Тариаланчид хямдхан хурдан ургадагаар нь эцэс төгсгөлгүй хуайс мод тарьсан.  Гэтэл энэ модны үндэс нь ус хөрсийг барихдаа муу бөгөөд бороо их орвол хөрсний гулгалт үүсэхэд ихээр нөлөөлж байжээ. Тиймээс энэ удаад модны төрөл зүйлийг сайжруулахад анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн Вьетнамын ойн аж ахуйн газар энэ онд 14 тэрбум ам.долларын экспортын орлого олох зорилт тавьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.