Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэлж, Д.Отгонбаатар, Х.Идэр нарын шүүгчийн эрхийг хураалаа

Сүүлийн хоногуудад хөл хорио бууруулж, орон нутгийн зам нээсэн, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн ихэссэн. Үүнтэй холбоотой коронавируст халдварын тохиолдол эргээд нэмэгдэж байна. Мөн өдөр бүр нас баралт бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 1-р тунд 1850493 хүн, 2-р тунд 1107178 хүн хамрагдаад байна. 

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ. 2021 оны зургадугаар сарын 9-нд санал хураалт явагдаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн дагуу УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нэр дэвшүүллээ. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С. Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж эхэллээ.


ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН 90 ХУВЬ НЬ НЭЭГДСЭН 


Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тавдугаар сарын 22-ноос ресторан 00:00, хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын газрууд гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ОЛИМПОД ОРОЛЦОХ БАГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн аудитын дүгнэлтийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө өөрийн байгууллагын цахим хуудсанд нээлттэйгээр байршуулна” гэж заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон аудитын дүгнэлтийг Төрийн аудитын байгууллагын цахим хуудсанд байршуулсан. Сонгогч та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл дор буй холбоосоор нэвтэрч үзнэ үү.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ Д.ОТГОНБААТАР, Х.ИДЭР НАРЫН ШҮҮГЧИЙН ЭРХИЙГ ХУРААЛАА


Өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчид авлига өгсөн байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д. Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД, ЧД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.

Тавдугаар сарын 25-ны өдөр  Шүүхийн ёс зүйн хороо хуралдаж Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД, ЧД, БЗД-ийн ЭХАШ-ны шүүгч Х.Идэр нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдууллаа.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ТОХИОЛОО


Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиож, бүх нийтээр нийтээрээ амарсан.


 Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХЭД ЗААВАЛ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН БАЙХЫГ ШААРДАХГҮЙ


Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ.

Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх  боломжоор хангах юм. Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. 

ОЛИМП, ПАРАЛИМПИЙН ЭРХ АВСАН ТАМИРЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ, ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХНЫ ЦАЛИНГ НЭМЛЭЭ


Энэ сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгохоор болж, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ.

“Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.

Шаардагдах хөрөнгийг  Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана.  Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ:
 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.

Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.

Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ:
 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.

Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдээд байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая  тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.

Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шинэ еөкөө сонгоё 2021-05-31 07:41:50
    Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцоорой www.eok21.com