Б.Одсүрэн: Манай авто замын сүлжээний даац 320 мянган машин, одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нарантуул болон Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгож байж замын ачааллыг бууруулна, мөн LRT явна. Нарантуул нь хүнсний ложистикийн сүлжээний төв болсон учраас дэд төвүүд рүү тараан байрлуулах боломжтой. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн  бүх тээврийн хэрэгсэл Нарантуул зах дээр төвлөрдөг. Иймээс баруун болон зүүн бүс рүү шилжүүлэх менежмент хийж байгаа. Өдөрт 300 гаруй машин хөдөө, орон нутаг руу тээвэр хийх гэж ачаагаа цуглуулдаг. Үүнийг дагаад 10 мянга гаруй машин ирж, ачаагаа өгдөг. Авто худалдааны төвд баруун бүсийн ложистикийн төвийг байгуулах боломжтой. Зүүн бүсийг Налайх руу шилжүүлснээр ачааллыг бууруулж болно. Улаанбаатарын 13 мянган хүнсний дэлгүүрийн гол түгээлтийн цэг нь энд байдаг учраас хотын хамгийн өндөр ачаалалтай бүс. Хэвтээ болон босоо чиглэлийн зам хийгдсэнээр ачаалал 33 хувиар буурна. Мөн нийтийн тээвэр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Манай авто замын сүлжээний даац 320 мянган машин. Гэтэл одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээний 78 хувь нь өндөр ачаалалтай буюу түгжрэлтэй байна гэдгийг хэлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үүнийг шат дараатай, урт хугацаанд төлөвлөж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 26 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн их буюу 32 мянган хүнтэй хороо. 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Замын эсрэг талын 25 дугаар хороо 7000 хүүхэдтэй. Нийт 18 мянган хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Байгаа газар нь төрийн байгууллага оффис, ажилчдын орон сууц барих гэдэг хэмээн танилцуулж, энэ асуудлаар хууль өргөн барих гэж байгаагаа хэлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Улаанбаатар хотын нэгдсэн стандарт тогтоох ёстой. Хотын  түвшинд газрын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ын түвшинд хуульчлах хэрэгтэй болно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн бол Хотын дарга Нэг хот нэг стандарт бодлогын бичиг баримт Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдаад байгааг хэллээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр ажилласан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ үеэр Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд номын сан байдаггүй. Зүгээр нэг тохижилт хийлгүй, номын сантай баймаар байна гэдэг санал, санаачилга гаргаж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “12 дугаар хороог Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгосон. Жанжны төрсөн гэрийн буйр энд байдаг. Энэ жил дүүргийн төсвөөс 500 сая төгрөг гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд түүхийн дурсгалт 70 газар байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёлын сайдтай Хотын дарга ярьж, түүхэн дурсгалт газрууддаа анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-06-01 10:07:37
    зогсоол байхгүй юм чинь бүгд л зам дээрээ өдөр шөнөгүй зогсож байхаас өөр яахав дээ.