Б.Баярбаатар: Пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлттэй андуурдаг
Пауэрлифтингийн Монголын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б. Баярбаатартай ярилцлаа.
 
-Юуны өмнө хүндийн өргөлтийн дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Амжилтынхаа нууцаас хуваалцахгүй юу?
 
-Баярлалаа. Би 2014 онд их амжилттай байлаа. Энэ оны улсын аваргын залуучууд, насанд хүрэгчид болон шахалтын улсын аваргад түрүүлсэн. Тавдугаар сарын 20-24-нд хэвтээ шахалтын дэлхийн аварга Дани улсад болоход Монголоос ганцаараа багш, дасгалжуулагчгүй оролцоод мөнгөн медаль, есдүгээр сарын 1-6-нд Унгарт болсон пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аваргад оролцож түрүүлсэн. Энэ тэмцээнд ‘“Strong” клубын захирал" Энхболд ах маань дасгалжуулагчаар явсан.
 
Залуучуудын  пауэрлифтингийн тэмцээнд анх удаа зургаан тамирчин оролцож нэг эмэгтэй маань гурван хүрэл, нэг залуу хүрэл, би алтан медаль авсан. Манайхан багийн дүнгээрээ 28 орноос 10-т орсон. Өнгөрсөн жил ч гэсэн амжилттай байсан . Пауэрлифтингийн дэлхийн цомын аваргаас гурван алтан медаль авч, хэвтээ шахалтын төрөлдөө дэлхийн амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон учраас 2014 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Мөн Азийн аваргын мөнгөн медальтай.
 
-Хүндийн өргөлтийг манайхан сайн ойлгодоггүй. Пауэрлифтинг, хүндийн өргөлт хоёр юугаараа ялгаатай юм бэ?
 
-Манайхан пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлттэй андуурдаг. Энэ спорт нь штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой. Харин хүндийн өргөлтийн спорт нь олимпийн төрөлд ордог. Огцом, түлхэлттэй.
 
-Пауэрлифтингээр хэзээнээс хичээллэж эхлэв. Энэ спортын онцлог, давуу тал нь юу вэ?
 
-Энэ спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Би багадаа барилддаг байсан. Нуруу маань жаахан өвддөг байсан болохоор фитнест сонирхлоороо явдаг байхдаа энэ спортыг сонирхож хичээллэдэг болсон. Монгол хүний бие бялдарт тохирсон хүчний спорт.
 
-Тамирчин хүнд бэлтгэл, сургуулилт чухал байдаг. Та бэлтгэлээ хаана хийдэг вэ?
 
-Би пауэрлифтингийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин гэж явдаг. “Алагтай цэцэн” клубт бэлтгэлээ хийдэг. Одоогоор “Strong” клубт бэлтгэлээ хийж байгаа.
 
-Тавдугаар сард Дани улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багш, дасгалжуулагчгүй ганцаараа явсан гэсэн. Бүх зардлаа өөрөө гаргасан уу. Ивээн тэтгэсэн ямар газар байна?
 
-Хувийн зардлаараа явсан. Энэ спорт Монголд хөгжөөд найман жил болж байгаа учраас хүмүүс тэр болгон сайн мэддэггүй. Тиймээс тусалж дэмждэг байгууллагууд байдаггүй. Гэсэн ч тусалж дэмждэг сайн хүмүүс байдаг. Танай сониноор дамжуулаад “Билгийн нас” ББСБ-ын Энхжаргал ах, “Түшиг уул” компанийн Баяраа ах нартаа баярлалаа.
 
-Дэлхийн болон олимпийн тэмцээнд оролцож эхний гурван байранд орсон тамирчдад улсаас тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлдэг. Пауэрлифтингийн дэлхийн аварга болоход чинь улсаас тэтгэмж өгсөн үү?
 
-Манай энэ спорт олимпийн төрлийн бус гэдэг болохоор улсаас харж үзэх тал дээр тааруу байдаг. Оролцсон орны тоо, материал бүрдүүлснээр нэг удаа мөнгөн тэтгэмж авах боломжтой гэсэн. Тэмцээнд явахаасаа өмнө Соёл, спорт аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулдаг юм билээ. Харин гэрээ хийгээгүй тохиолдолд энэ тэтгэмжид хамрагдах боломжгүй. Гэхдээ би тэмцээнд яваад ирсэн нь үнэн, гэрчилгээ, өргөмжлөл, бичлэг нь байхад заавал гэрээ байгуулсан хүнд өгнө гэсэн. Ядаж замын зардлаа буцааж авах байсан юм билээ.
 
Пауэрлифтинг спорт 2016 ондолимпийн төрөлд орно гэж ярьж байсан ч чадаагүй. Олимпийн төрөлд ороход нэг тэмцээнд 75 орноос дээш орны тамирчин орох, жилд ямар тэмцээн зохион байгуулж байна гэсэн шаардлагыг хангаж ордог юм билээ. 2020 оны олимт орох болов уу гэсэн итгэлтэй байна.
 
-Пауэрлифтингийн тамирчдын техник хэрэгсэл бэлтгэл хийхэд хэр хүрэлцээтэй байдаг юм бэ?
 
-Пауэрлифтингийн спортын хувцас, хэрэглэл нь бэртэл гэмтлээс хамгаалсан зориулалтын байдаг. Тухайлбал, нуруундаа  юм оруулахгүйн тулд бүс бүсэлж, өвдгөө бооно. Манайд байдаггүй. Гадаадад үйлдвэрлэдэг болохоор өндөр үнэтэй байдаг болохоор өөрийнхөө мөнгөөр авдаг.
 
-Улсаас энэ спортыг хэр дэмждэг юм бол?
 
-Миний бодлоор ялгавартай ханддаг юм шиг санагддаг. Олимпийн, олимпийн бус гэдэг болохоор олимпийн төрлөө топ спорт гээд жүдо, бокс, буудлагаа дэмжээд явчихдаг. Бусад сайн спорт байдаг ч тэднийгээ дэмждэггүй. Хэрэв улсаас сайн дэмжээд өгвөл хөгжих боломжтой.
 
 Зууны мэдээ
Р.Оюун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tugsuu 2014-10-15 07:21:42
    ene sportoor emegtei hun hicheeldeg ni unen teneg sanagdsan yag er hun shig bolchihson bdah yum bilee
    202.179.22.134
    Мэдэгдсэн Хариулах