ХасБанк мөнгөө хуримтлуулсан харилцагчдаа урамшуулна
Өдгөөгөөс ерэн жилийн өмнө Италийн Милан хотноо болсон Олон улсын хадгаламжийн банкны нэгдүгээр чуулганы сүүлийн өдөр Италийн профессор Филиппо Равизза жил бүрийн аравдугаар сарын 31-нийг “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн зарласан түүхтэй.  Дэлхийн зуу гаруй банкны тэмдэглэж заншсан  энэ өдрийг тохиолдуулан уншигчдадаа хүргэж буй цуврал нийтлэлийнхээ эхнийхэд нь хуримтлалын ашиг тусыг онцолсон. Харин энэ удаа арилжааны банкууд дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ямар ажил зохион байгуулж буйг хүргэх гэж байна. Олон улсын хуримтлалын өдрийг Монголын арилжааны банкуудаас анх удаа тэмдэглэж эхэлсэн, иргэдийг хуримтлалтай болгохын төлөө эхлүүлсэн  аянаа жил бүр уламжлал болгож, үр дүнд хүрсэн гэдэг утгаар нь ХасБанкыг сонголоо. Монгол Улс 2012 онд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг.
 
Дал гаруй жил социализмаар замнасан монголчуудын хувьд сураагүй нэг дадал нь мөнгөө хуримтлуулах. Мөнгөтэй хөрөнгөтэй хэсэгтээ таагүй ханддаг нийгэмд хэдэн арван жил амьдарсан улсын хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй өнцөг л дөө. Гэхдээ зах зээлд шилжсэнээс хойш иргэдэд мөнгөө хуримтлуулвал  ашиг тустай гэдгийг ойлгуулах гэж зүтгэж яваа ганц салбар бий. Тэр нь арилжааны банкууд. ХасБанкны хувьд “Хуримтлалтай Монголын төлөө” аян зарлахаасаа бүр өмнө хуримтлалын ашиг тусыг ойлгуулах ажлыг эхэлсэн байдаг. Тодруулж хэлбэл 2002 оноос хойш арав гаруй жил иргэдээ хуримтлалтай болгох гэж зүтгэснийг түүхээс нь харчихаж болно. 2002 оны хүүхдийн баярын өмнөхөн, тавдугаар сарын сүүлийн арав хоногт Хас хүүгийн баяр гэж тэр үедээ л сонин, содон, шинэлэг арга хэмжээ болж байлаа. Тэр арга хэмжээ Хас хүүгийн дүрээр дамжуулж хадгаламж ямар ашиг тустайг хүүхдүүдэд ойлгуулж, хүүхдийнхээ ирээдүйд мөнгөн хуримтлал үүсгэх нь алсдаа хэр өгөөжтэйг ээж аавд нь таниулсан өгөөжтэй өдрүүд болсон санагддаг. Нэг сонирхолтой статистик бий. Ази хүмүүсийн хуримтлал ихэнхдээ хүүхэд гэр бүл рүүгээ чиглэсэн байдаг бол европчууд тиймгүй гэнэ. Германы хүн ам, гэр бүлийн судалгааг харахад л нэг, хоёр гишүүнтэй өрх гэр бүлийн багцад өндөр хувь эзэлдэг юм билээ. Харин монголчуудын хувьд нэг өрх дунджаар дөрвөн гишүүнтэй гэсэн судалгаа бий. Энэ утгаараа өрхийн хуримтлал хүүхдүүд рүү  түлхүү чиглэдэг.
 
Мэдээж хэдхэн өдрийн арга хэмжээгээр иргэдэд хуримтлалын өгөөжийг ойлгуулах амар биш. Урт хугацааны аян өрнүүлж байж мөнгөө хуримтлуулахыг нь дадал болгож чадна. Ганц хадгаламж ч биш шинэ гэсэн үйлдэл бүр дадал болно гэдэг цаг шаардсан ажил. Иргэдээ хуримтлалтай болгохын төлөө өрнүүлсэн урт хугацааны аяныг эхлүүлсэн анхдагч нь мөн л ХасБанк. “Хуримтлалтай Монголын төлөө” аян 2011 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн байдаг. Хадгаламж эзэмшсэнийхээ төлөө, ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулсныхаа төлөө урамшуулал хүртэнэ гэдэг тухайн үедээ л шинэлэг, олны сонирхлыг татсан аян болж чадсан юм.  Хуримтлалтай болсоных нь төлөө урамшуулдаг жишиг олон улсад байдаг л даа. Тэр дундаа Азийн топ банкуудын дунд. Азийнхан мөнгөө урамшуулалтай хадгалуулах нь оргүй хоосон хадгалуулснаас дээр гэсэн сэтгэхүйтэй хүмүүс гэдгийг баталсан сонирхол судалгаа ч бий. Нийгмийн хариуцлага, активаараа улсдаа топ таван банкны нэгд багтдаг Шри Ланкийн үндэсний хадгаламжийн банк гэхэд л урамшууллын хөтөлбөрөө 40 гаруй жил үргэлжлүүлж байгаа. Урамшууллын хөтөлбөр эхлүүлэхээсээ өмнө 30 сая хүнийг хамарсан судалгаа хийж л дээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 91 хувь нь тодорхой хэмжээний азанд найдвал хоосон хадгалуулснаас дээр гэцгээж. Өмнө нь Европын колони байсан Зүүн өмнөд Ази, далайтай ойрхон Азийн орнуудын банкны хөгжил манайтай харьцуулашгүй л дээ. Гэхдээ банкны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч гэж яригдах болсон улсуудын хэдэн арван жилээр хэрэгжүүлж, үр дүнтэйг нь баталсан урамшууллын мехнанизмыг Монголдоо нутагшуулчихсан, үр дүнг нь хараад явж байна гэдэг бол олзуурхахаас аргагүй өнцөг.
 
ХасБанкнаас 2011 онд хэрэгжүүлсэн “Хуримтлалтай Монголын төлөө” нэг жилийн аянд оролцсон хүмүүсийн зургаа нь  байртай болж, сар бүр арван саятан, жилийн хугацаанд 120 саятан тодорч, арван хүүхэд аав, ээжтэйгээ Диснейлэнд рүү аялж байж. Байртай болох гэж, дэлхийгээр аялах гэж,  мөнгөө өсгөх гэж хуримтлал үүсгэдэг гэдэг утгаараа нүдээ олсон урамшуулал. Нөгөө талаасаа иргэдээ орон сууцтай болгосоныг нь ХасБанкны нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн алхам гэж ч харж болохоор санагддаг. Энэ аяны хүрээнд 300 мянган харилцагч хуримтлалдаа орлого нэмсэн гэсэн статистик байдаг юм билээ. Дараа жил нь буюу 2012 онд харилцагчдаас нь аянаа үргэжлүүлээч гэсэн санал ихээр ирсэн учир  “Хуримтлалтай Монголын төлөө-2” аяныг  мөн л жилийн хугацаанд өрнүүлсэн байдаг. Энэ аянд оролцогчдын тавыг нь орон сууцаар, зургааг нь “Хьюнда”-гийн цоо шинэ суудлын тэргээр урамшуулж байж. Хоёрдугаар аянд оролцсон хадгаламж эзэмшигчдийн тоо 330 мянга. Арав гаруй арилжааны банкны өрсөлддөг, хоёр сая гаруй иргэнтэй Монголын санхүүгийн зах зээлийн хувьд өндөр тоо. “Хуримтлалтай Монголын төлөө-3” аян өнгөрсөн жил ч бас  өрнөснийг уншигчид андахгүй. Хүүхэд, томчууд руу гэсэн хоёр чигээр богино хугацаанд өрнөдөг болсон энэ аяны супер урамшуулал нь  хоёр өрөө байр байсан нь тухайн үедээ иргэдэд хэрэгтэй том урамшуулал гэж яригдаж байсан юм.
 
Өндөр хадгаламжтай хүмүүстээ л урамшуулал өгдөг байх, юу гэж л жирийн хүмүүс урамшуулалд нь хамрагдах вэ дээ гэсэн эргэлзэнгүй хандлага анзаарагддаг. Ийм шалтгаанаар, ХасБанкны аянд оролцож урамшуулал хүртсэн харилцагчдынх нь түүхийг зориуд сонирхсон юм. Төрөөд нэг сар болж байгаа хүүхэд, арван жил ХасБанктай харилцсан тэтгэврийн насны хүн, тав зургаан жил үйлчлүүлсэн харилцагч гээд янз бүрийн л улс байна. Заримтай нь уулзаж үзлээ. ХасЛотто аянаас автомашин хожсон Д.Рэнчинханд “Би жирийн л нэг иргэн. ХасБанкинд цөөн тооны мөнгө хадгалуулсан. Таныг мөнгөө хадгалуулсны төлөө машинаар урамшуулж байна гэхээр нь эхэндээ итгээгүй. Мөнгөө хадгалуулж хүүнд нь багагүй мөнгө авчихаад дээр нь урамшуулал авна гэдэг сайхан л юм билээ. Сүүлийн үеийн залуус богино хугацаанд их мөнгө олох сонирхолтой болжээ. Дуслыг хураавал далай гэж сайхан үг бий. Орлого олсон цагаасаа л мөнгөө хуримтлуулвал санаа зовохгүй сайхан амьдрах боломж бий” гэж ярьсан юм.
 
ХасБанкны хувьд урамшуулалт хөтөлбөрөөс гадна хуримтлалтай Монгол болохын төлөө ашгийн бус олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээ нь хүүхдүүдийг санхүүгийн зөв боловсролтой иргэн болгохын тулд хэрэгжүүлсэн  Ази Номхон далайн 70 оронд хэрэгжсэн “Афлатон” хөтөлбөр байна. Үр дүнд нь олон хүүхэд хадгаламжтай болсон гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Иргэдээ хуримтлалтай болгохын тулд тууштай ажиллаж байгаа энэ мэт жишээ ХасБанкны түүхэнд олон бий. Үр дүн нь ч чамгүй гарсан гэдгийг 200 мянгаар нэмэгдсэн хадгаламж эзэмшигчдийнх нь тооноос харж болно.
Энэ жилийн Дэлхийн хуримтлалын өдрөөр ХасБанк  “Хуримтлалтай Монголын төлөө” хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэх, харилцагчдадаа хандсан ямар урамшуулал зарлах бол хүлээлт иргэдэд байгаа. ХасБанкны  Иргэдийн банкын газрын Хадгаламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Бат-Уулаас энэ талаар тодрууллаа.

-Энэ жил “Хуримталтай Монголын төлөө” аян үргэлжлэх үү?

-Бид 9-р сарын нэгнээс 11-р сарын 30-ны өдрийг хүртэл “Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” уриатай хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчдээ урамшуулах аяныг зарласан байгаа. Энэ хугацаанд хадгаламждаа орлого хийсэн болон зээл авсан харилцагчдаас 10 хүнийг гадаадад аялах эрхээр урамшуулах юм. Түүнээс гадна 10-р сарын 31-нд болох Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулаад хуримтлалын ач холбогдолыг таниулан сурталчилах тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-Иргэдийг хуримтлалтай болгох зорилгоор хэрэгжиж байгаа хамгийн том, уламжлал болсон  аяныг танай банкнаас хэрэгжүүлээд дөрвөн жил болчихжээ. Энэ аяны хүрээнд нийт хэчнээн иргэнийг мөнгөө хадгалсных нь төлөө урамшуулсан бэ?

-Аяны хүрээнд 4700 харилцагч хуримтлал хийснийхээ урамшуулалд хамгийн дээд тал нь хоёр өрөө байраар шагнуулсан.  Нэг өрөө байраар 12 хүнийг,
авто машинаар зургаан хүнийг, сая төгрөгөөр 250 орчим хүнийг, гадаадад аялах эрхээр гуч гаруй хүнийг, Хонгконгийн Диснейлэндэд аялах эрхээр дөчин хүүхдийг урамшуулаад байна.

-Урамшуулах хүмүүсээ ямар зарчмаар тодруулдаг вэ. Нуулгүй хэлэхэд зарим хүмүүст эргэлзээ байгаа нь анзаарагддаг?

-Манай банкнаас зохиож байгаа аян бол сугалаа, хонжвор биш. Мөнгөө хуримтлуулсных нь төлөө өгч байгаа урамшуулал гэж ойлгож болно. Шалгаруулдаг зарчим нь электрон буюу санамсаргүй байдлаар сонгодог программ бий. Энэ программаа Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо гэсэн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилласны дүнд ашигладаг. Нэгнээр нь программынхаа кодыг баталгаажуулдаг. Нөгөө байгууллага нь  хадгаламж нээсэн харилцагчдын датагаар үйл ажиллагаа зөв шударга явж байгаа эсэхийг хянадаг.

-ХасБанкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн хувьд нийлмэл хүү буюу хүүгээс хүү боддог учраас мөнгөө өсгөх боломж нь илүү байдаг гэдэг. Энэ талаараа тайлбарлаач?

- Хүүгээс хүү бодно гэдгийг энгийнээр тайлбарлая.  Есдүгээр сарын 1-нд  100 төгрөг хадгалууллаа гэж бодъё. Есдүгээр сард 101 төгрөгтэй болно. Сарын хүү болох нэг төгрөгийг нь шууд дансанд нь хийчихдэг юм. Аравдугаар сард 101 төгрөгөөс нь хоёр төгрөгийн хүү бодогдоно. Тэгэхээр аравдугаар сард 103 төгрөгтэй болж таарна. Арваннэгдүгээр сард 103 төгрөгөөс нь хүү бодогдоно. Энэ мэтээр сар бүр хүүг нь нэмж бодоод дансанд нь шууд хийдэг. Үүнийг л нийлмэл хүү гээд байгаа юм. Бусад банкийн хувьд энгийн аргаар боддог. Арван сарын хугацаатай 100 төгрөг хадгалууллаа гэхэд арав дахь сард нь 10 хувийн хүүг нь бодоод хийнэ. 110 төгрөгтэй болно гэсэн үг. Гэтэл манай банкинд хадгалуулсан мөнгө үүнээс илүү болно. Харилцагчдад ашигтай тусдаг л даа.

Бид дараагийн нийтлэлдээ ХасБанкны хүүхдийн хадгаламжийн тал дээр барьж буй бодлого, энэ банкны хүүхдийн хадгаламжинд мөнгөө хуримтлуулснаар ямар давуу тал, боломж эдлэхийг, мөн хүүхэд залуусын санхүүгийн боловсролд зориулан хэрэгжлүүлж буй “Афлатон”, “Тэмүүлэл” хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй сурвалжлан хүргэх болно.
 
Ц.Сүрэн
Бусдад түгээх
  • gplus