Өнөөдөр олон улсын олимпийн өдөр

Одоогоос 127 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны билэгт сайн өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь цэл залуу гучин нэгэн настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпийн наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпийн хороог байгуулсан түүхтэй.

Энэхүү өдрийг хүмүүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж,1948 оноос эхлэн, олон улсын олимпийн өдөр хэмээн дэлхий дахинаа өргөн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үед ОУОХ-г тэргүүлж, байсан Шведийн иргэн Зигфрид Эдстрём олимпийн өдөр хэмээх шинэ баярыг санаачлан, үүнийг дэмжсэн Португали, Грек, Австри, Канад, Швецарь, Их Британи, Уругвай, Венесуэл, Бельгийн спортлог залууст баярын мэндчилгээ албан ёсоор дэвшүүлж энэ тэмдэглэлт үйл явдал дэлхийд хүчтэй давлагаалж эхэлсэн юм.

Олимпийн өдөр нь нийгмийн хөгжилтэйгээ уялдан, шинэ утга агуулгаар улам бүр баяжин, 1987 оноос олон нийтийг хамарсан гүйлт зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон. Түүнчлэн орчин үеийн олимпийн хөдөлгөөний эцэг, суут эрдэмтэн П.Кубертэн өөрөө олимпийн өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпийн өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.

Францын их бичгийн хүн Пьер-де-Кубертен нь 1500 жил “унтсан” эртний олимпийг зоригтой сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн ачтан мөнөөсөө мөн. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт манай эриний өмнөх 776 онд анхны олимп зохиогдсон түүхийн он тоолын эхтэй. Энэхүү наадам нь 5-6 сар үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, Зевс бурхандаа мөргөн, энэ үеэр элдэв дайн байлдаанаа нам зогсоон, олимпийн эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байсан нь сайшаалтай.

Гэтэл 12 зууны турш 4 жил тутам нижигнэдэг байсан олимпийн наадмыг Грек орныг эзлэн түрэмгийлсэн Римийн эзэнт гүрний хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд харгис зарлигаараа тас хааж, хар хуудас нээсэн нь гуниг гутамшиг дагуулсан. Гэвч ган сэлмээр дийлээгүйг, хулсан бийрээр бүтээдэг эрдэмтдийн ачаар ОУОХ шинээр байгуулагдан, 1896 онд орчин цагийн олимпийн наадам эх өлгий Грек нутагтаа эргэн ирсэн гэрэлт өдрийн мартахын аргагүй.

ОУОХ нь дэлхий дахины олимпийн хөдөлгөөнийг удирдах үүргээ нэр төртэй биелүүлж, олон бэрхшээлийг даван туулсан. Есөн ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 206 орныг эгнээндээ нэгтгэн, өвөл, зуны олимпийн наадмыг баздаг ОУОХ нь дэлхийн I, II дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл цар тахлын хар гайгаар энх цагт "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан ч спорт-олимпизмийн тугаа өндөр мандуулсаар.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпийн өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж, найман настай балчраас наян настай буурал, энгийн тамирчнаас эгэлгүй аваргууд хүртэл оролцсон намтартай. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, хөдөө орон нутагт гучин дөрвөн жил тасралтгүй зохиосон олимпийн өдрийн олон төрөлт арга хэмжээнд нийт 50000 хүн хамрагдаж, таван цагаригтай футболкоор гангарсан, таатай мишээл нүүрэндээ тодруулсан, олимпизмоор цээж дүүрэн амьсгалсан олон түмнээ харахад сэтгэл өөрийн эрхгүй баяр хөөрөөр дүүрнэ.

ОУОХ ч “Olympic Day” онцлог баяртаа онцгой ач холбогдол өгч, Ерөнхийлөгч, олимпийн аварга Томас Бах баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх хөдөлмөрлөж, эрч хүчтэй зүтгэж, идэвх зүтгэлээр жигүүрлэхийг уриалан, олимпийн өдрөө баяр хөөртэйгээр спортоор хичээллэн тэмдэглэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө.

Яг нэг сарын дараа буюу VII сарын 23-нд Токио хотноо зуны XXXII олимпийн наадам бүтэн нэг жил хойшилсны дараа ёслол төгөлдөр нээгдэх мөчийг хүн төрөлхтөн, түүний дотор спортод зүрх сэтгэлээсээ хайртай Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байна. "Токио-1964" олимпоос гараагаа эхэлсэн Монголын баг тамирчид 13 наадамд оролцож, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтын эзэд бөгөөд энэ удаагийн олимпод оролцох эрхээ өвөртөлсөн арван спортын 42 тамирчин олимпийн өндөрлөг өөд тэмүүлэх зориг эрмэлзлээр дүүрэн оргилж байна.

Дэлхийн 206 Үндэсний олимпийн хороотой хамтдаа тэмдэглэх олимпийн баяр монгол хүн бүхэнд илч гэрлээ түгээж, агуу олимпизм айл бүхэнд зочлон, манай гаригийн спортын хамгийн том баяр цэнгэлийн манлай-олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох нэр хүндтэй агаад хариуцлагатай үүрэг хүлээсэн "TEAM MONGOLIA" бүх гишүүдэд хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй амжилтын дээдийг хүсэн, дэнж сайхан нутагтаа дээлийн захыг нь мушгин хүлээнэм.

Олимпийн баярыг хамтдаа тэмдэглэж буй Монголын олимпийн их гэр бүлийн бүх гишүүд, түнш, хамтран ажиллагсад, дэмжигчиддээ алтан медаль шиг мөнхөд гялалзаж, олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, аз жаргал, амжилт ололтоор бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-07-16 05:20:05
    БӨӨРӨӨ МӨНГӨӨР БӨӨРӨӨ ХУДАЛДАХЫГ ХҮСВЭЛ. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)