Дарийн утаан дунд дайчдаа удирдсан цэргийн дарга

Цар тахал дэлхий нийтэд цоо шинэ сорилт болж, хүн төрөлхтөн амьдралынхаа хоёр дахь жилийг онцгой дэглэмд өнгөрүүлж байна. Өнөөдрийн амьдралын энэхүү шинэ хэв маяг хэдүй хугацаанд үргэлжлэх нь ч таавар хэвээр байгаа юм. Тэр дунд халдварын тархалт, хөл хорионоос үүдсэн олон сорилттой нүүр тулсан салбарын нэг нь цэрэг арми. Бүр тодотговол, даян дэлхийн энхийг сахиулдаг цэнхэр дуулгатнууд юм. Тиймээс цар тахлын онцлог нөхцөл байдлын үед ч улс орон, хүн ардын амар тайван, аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдыг “Монгол Улсын төлөө” буландаа онцолж байна. Манай энэ удаагийн зочин ч давхар онцлогтой. Дайны бүс гэгддэг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй олон улсын “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны Хойд бүсийн командлалын Мармал баазад 120 орчим цэргээ удирдан 191 хоног үүрэг гүйцэтгээд ирсэн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Эрдэнэбилэг.

47-48 ХЭМД МАСК, НҮҮРЭВЧ, БЭЭЛИЙ, ХАМГААЛАЛТЫН КОМБИНЗОН, БУУ ЗЭВСЭГТЭЙГЭЭ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ 

Д.Эрдэнэбилэг хурандаа Зэвсэгт хүчинд 28 дахь жилдээ ажиллаж буй салбарын шилдэг боловсон хүчний төлөөлөл. Цэргийн ажил, амьдралын гараагаа өнөөгийн Батлан хамгаалахын их сургууль, тухайн үеийн Цэргийн их сургуульд цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан “Цэргийн тангараг” өргөж сонсогч болсноор эхэлсэн түүхтэй. Цэргийн их сургуулийн Офицерын сургуульд авто инженерээр суралцсан 20 гаруй настай залуухан офицер Герман улсыг зорьсон байна. Хөгжсөн орны Зэвсэгт хүчинд төрөл бүрийн сургуульд суралцаж, сургалт, бэлтгэлд хамрагдаж, төгсгөлд нь германы Зэвсэгт хүчний Удирдлагын академийн Жанжин штабын сургалтыг дүүргэн, арваад жил бэлтгэгджээ. Магистраа ч Мюньхен хотын Техникийн дээд сургуульд авто-нисэх техникийн инженерээр хамгаалсан цөөхөн хүний нэг. Харин 2006 онд эх орондоо ирээд Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш салбарын яам, их сургууль, Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдын яаманд цэргийн атташегаар ажиллажээ. Сүүлд Батлан хамгаалах их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Тусгай төлөвлөлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, Ажиллагааны удирдлагын газрын орон зайн тандалт судалгааны  мэргэжилтэн хийж байгаад Афганистанд цэргийн багаа удирдаж ирээд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн ахлах мэргэжилтнээр томилогдоод байгаа юм.

Манай улс 2009 оны арванхоёрдугаар сараас Герман улстай хамтарч Афганистанд энхийг сахиулж эхэлсэн. Харин Д.Эрдэнэбилэг хурандаагийн ахалсан цэргийн багийнхан өнгөрсөн оны долдугаар сард Афганистаныг зорьж, өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирээд байна. Цар тахлын онцгой дэглэмийн үед цэнхэр дуулгатнууд эх орноосоо мордохоос эхлээд ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал онцлогтой байсан нь мэдээж. Тиймээс бидний яриа энэ тухай эхэлсэн юм. Тэрээр “Цэргийн багийн хувьд ч онцлогтой. Өмнө нь Германы сургалтын баг ирж ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг Монголд зохион байгуулдаг байсан. Тодруулбал, Германы цэргийнхний ашигладаг зэвсэг техник дээр дадлага сургуулилт хийдэг бол цар тахлаас болж Германчууд ирэх боломжгүй болсон учраас “Б” хувилбарт шилжиж дотооддоо бие даан дадлага хийсэн. Хууль эрх зүйн хувьд Германы цэргийнхний ашигладаг зэвсэг техникийг бидэнд тавьж өгөх боломжгүй учраас өөрсдийн зэвсэглэл, техникийг ашиглан дуурайлган үзүүлэх хэлбэрээр сургалтаа зохион байгуулсан. Мөн цэргийн багт бодлогоор Германд бэлтгэгдсэн офицер ахлагч, тус улстай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон цэргүүдийг түлхүү оруулсан. Тиймдээ ч эх орондоо зохион байгуулсан ажиллагааны өмнөх нэгдүгээр шатны сургалт, бэлтгэл богино хугацаанд ч гэсэн үр дүнтэй болсон. Хоёрдугаар шатны буюу Мармал бааз дээр хийсэн сургалт өндөр өгөөжтэй болсон. Үндсэндээ манай цэргийн багийн сургалтыг зохион байгуулагч офицер, ахлагчид маань Мармал баазаас томилсон Германы сургалтын томилгоот бүлгээс мэдлэг чадварын хувьд дутуу зүйл байгаагүй нь бахархууштай. Өөрөөр хэлбэл,  Германы сургалтын бүлгийнхэн төлөвлөгөөт сургалтаа манай цэргийн багтай эхлүүлээд удалгүй өөрсдөө зөвлөгч, ажиглагчийн байр суурь руу шилжиж, манайхан сургалтаа өөрсдөө зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн нь манай цэргийн багийн болон Монгол Улсын Зэвсэгт хүчний боловсон хүчний чадвар НАТО-гийн гол улсуудын нэг Германы Зэвсэгт хүчний офицер, ахлагч нартай ижил тэнцүү түвшинд байгааг харуулсан хэрэг” гэж тодотголоо.

Монгол цэргүүдийг Афганистанд энхийг сахиулахаар очиход халдварын нөхцөл байдал хүндэрсэн, цагийн байдал тогтворгүй, цар тахлын улмаас болон халдвар авсан болон амь үрэгдсэн хүмүүсийн тоо байнга өсч байжээ. Мөн зуны ид 47-48 хэмийн халуунд маскны гадуур нүүрэвч, бээлий, хамгаалалтын комбинзонтой, буу зэвсгээ агсаж, сум үл нэвтрэх хамгаалалтын хантаазаа зүүж үүрэг гүйцэтгэх үе бишгүй байж. Гэхдээ цэргүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь нэг номерын асуудал учраас хүмүүсээ аль болох шуурхай зохион байгуулж, баазад ямар нэг сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд  шар түвшинд шилжих зэргээр Монгол цэргүүд өөрсдийн байрласан хотхондоо халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга сахисан байна. Баазаас өөрсдийн “Хангай” хотхон руу нэвтрэх бүх хүнийг ариутгаж оруулах, бөөгнөрөхгүй, өрөө хэсэхгүй байх, тамхины цэгт цуглахгүй байх зэргээр маш сайн ажилласны үр дүн ч гарчээ. Тухайн үед хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар “Цэргийн багийн онцлог бол ганц, хоёроороо зай бариад үүрэг гүйцэтгэх боломжгүй. Баазын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд шалган нэвтрүүлэх байруудын өдөр тутмын аюулгүй байдлыг хангах, орж гарч байгаа хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, шалгах үүрэгтэй. Дандаа салаа, тасгаараа олуулаа үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, нэг нь л халдвар авлаа гэхэд бусад нь бүгд эрсдэлд орох аюултай. Өдөр тутам 300-400 афган иргэнтэй харьцаж хувийн бичиг баримтыг шалгахаас эхлээд зэвсэг, тэсэрч, дэлбэрэх зүйлс, тагнуулын зорилгоор ашиглах техник, хэрэгсэл, мэдээллийг бааз руу авч орох, гарахаас сэргийлж, биед нь нэгжлэг, үзлэг хүртэл хийх шаардлага гарна. Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндтэй холбоотой учраас цэргийн баг үүргээ нэр төртэй гүйцэтгэх ёстой. Үүний тулд бие бүрэлдэхүүн эрүүл, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон нөхдөө хамгаалахад байнга бэлэн байх ёстой. Тухайлбал, бид гурван ээлжээр, нэг ээлжийн салаа нь 24 цагийн хугацаанд баазын аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэдэг. Нэг цэргийн алба хаагч халдвар авбал тухайн үеийн тооцооллоор 21-45 хоног салаагаараа үүрэг гүйцэтгэх боломжгүй болох учраас бусад ээлжийнхэн амралтгүйгээр үүрэг гүйцэтгэх болж, ядарч, сульдан урт хугацаагаар үүрэг гүйцэтгэхэд хүндрэл үүснэ. Энэ мэтээр олон зүйлийг урьдчилан тооцож, төлөвлөж үзэхэд хамгийн чухал нь цэргийн алба хаагч нэг бүрийг халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх ухамсарыг суулгах явдал байсан. Нэг хүний хувийн хариуцлагаас бүх зүйл шалтгаалах байлаа.

Биднийг ажиллагааны газар оронд очих үед ХБНГУ-ын тэргүүлсэн Хойд бүсийн командлалаас гаргасан цар тахалтай тэмцэх төлөвлөгөөний дагуух арга хэмжээг Мармал баазад хэрэгжүүлж байсан. Эдгээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ нь Монгол Улстай харьцуулахад халдвар хамгааллын дэглэм сахих тал нь зарим нэг зүйл дээр сул байсан учраас баазын удирдлагатай ярилцаж өөрсдийгөө хамгаалах хэрэгслээр хангуулах асуудлыг нааштай шийдвэрлүүлсэн. Баазад үүрэг гүйцэтгэж байсан гадны цэргүүд болон өдөр тутамдаа орж гардаг гэрээт ажилчдаас халдвар илэрсэн ч манай цэргийн багаас нэг ч алба хаагч халдвар аваагүй эх орондоо эрүүл саруул, элэг бүтэн буцаж ирсэн. Манай багийг үдэн гаргах ажиллагааны үеэр командлалын штабын дарга хурандаа Петерат “... танай цэргийн баг баазад үүрэг гүйцэтгэж байгаа бусад улсын цэргийн шилдэг багуудын шилдэг нь байлаа” гэж үнэлж байсан.  Хэдийгээр энэ үнэлгээ манай цэргийн баг руу чиглэсэн ч үүний цаана Монгол Улсын нэр хүнд, Зэвсэгт хүчний нэр төр яригдана шүү дээ” гэлээ.

ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ГЭРЧИЛСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД

Афганид энхийг сахиулсан дайчдын бас нэг онцлог нь засаглалын эрх мэдлийн төлөө олон жил тэмцэж байгаа зэвсэгт мөргөлдөөн дундах дарийн утаа үнэртсэн дайны бүс. Манай энхийг сахиулагчдыг үүрэг гүйцэтгэх үеэр  цагийн байдал нэлээн түгшүүртэй байжээ. Тухайн бүс нутагт өдөр тутам зэвсэгт халдлага, мөргөлдөөн гарна. Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Хойд бүсэд буюу Монголынхоор 2-3 аймгийн газар нутагтай тэнцэх орон зайд зургаан сарын хугацаанд 4000 гаруй удаа халдлага, дайралт болж, 6300 орчим хүн алагдаж, шархаджээ. Монгол цэргүүдийн байрлан хамгаалж байсан баазаас таван км-ийн цаана нөхцөл байдал ийм  байсан гэж төсөөлж болно. Өөрөөр хэлбэл, цар тахлын халдварын нөхцөл байдал, ажиллагааны газар орны цагийн байдал гээд давхар түгшүүр дунд Монгол цэргүүд 191 хоног амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан цэргүүдээ хэрхэн удирдсан талаар нь асуухад  Д.Эрдэнэбилэг  хурандаа “Энхийг сахиулагчдын хувьд афганы ажиллагаа нэлээн эрсдэлтэйд тооцогддог. Эрсдлийг бууруулахын тулд шат шатандаа анхаарч ирсэн. Биднийг үүрэг гүйцэтгэж байх үеийн нэг  онцлог нь АНУ болон Талибан хөдөлгөөн хооронд 2019 оны тавдугаар сард байгуулсан “Энхийн хэлэлцээр”-ийн дагуу гэрээнд тусгасан тодорхой нөхцлүүд биелсэн тохиолдолд Афганистанаас НАТО-гийн цэргийг 2020 оны тавдугаар сараас гаргаж эхлэхээр тусгагдсан байсан. Энхийн хэлэлцээрээр бол эвслийн цэргийн бааз руу чиглэсэн шууд ажиллагааг талибанаас явуулахгүй гэсэн. Гэсэн ч манай бааз руу талибанууд болон бусад зэвсэгт бүлэглэлүүд халдлага хийхгүй, байнга тайван байна гэж сэтгэл амарч хэзээ ч болохгүй үе байсан. Энэхүү энхийн хэлэлцээрээ зөрчиж Талибан хөдөлгөөнөөс АНУ-ын цэргийн баазууд руу пуужингийн болоод амиа золиослогчийн халдлага ч хийж байсан. Түүнчлэн өдөр тутам зэвсэгт халдлага, мөргөлдөөн тус бүсэд явагдаж байлаа. Манай баазын эсрэг автомашинтай амиа золиослогчийн халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа талаарх тагнуулын мэдээ үе үе ирж, бид бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт шилжин, ЗХЖШ-аас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тушаал авсан цэргийн хүн ямагт цагийн байдлын өөрчлөлтөд үүргээ 100 хувь биелүүлэхэд бэлэн байх ёстой. Цэргийн багийн нэг алба хаагчийн сонор сэрэмжээс олон зуун хүний амь нас хамаарах учраас хариуцлагатай, байнга цагийн байдлын өөрчлөлтөд бэлнээр үүрэг гүйцэтгэхийг цэргүүдээсээ шаардаж байсан.

Үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагааны цагийн байдал, газар орны онцлогоос хамаараад энхийг сахиулж байгаа цэргийн багийн дотооддоо мөрдөх дүрэм журам гэж бий. Цэргийн амьдрал бол өглөөнөөс орой болтол чиглэл тус бүрийн нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Цэргийн багийн захирагч ганцаараа байнга шийдвэр гаргаж, удирддаггүй. Шат, шатны захирагч, дарга нар нь байна. Түүнчлэн цэргийн багийн үйл ажиллагааг чиглэл тус бүрээр хариуцсан багийн захирагчийн болоод цэргийн алба, сахилга, зохион байгуулалт, сургалт, соёл, хүмүүжил, хөдөлмөр, галын аюулгүй байдал, ахлагч нарын асуудал, цэргийн эмэгтэй алба хаагчдын, биеийн тамир, спортын  гээд орон тооны болон орон тооны бус зөвлөлүүд байна.

Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх тушаал авсан цэргийн багийн захирагчийн хувьд бодогдсон зүйл бол бид үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ. Үүрэг гүйцэтгэлийн түвшнөө доод тал нь өмнөх ээлжийнхний түвшинд барина. Болж өгвөл баазад үүрэг гүйцэтгэж буй гадны цэргийн багуудын дунд эзлэх өөрийн цэргийн багийн байр суурь, нэр хүнд, үүрэг гүйцэтгэлийг өмнөх ээлжийнхнээсээ давуулан биелүүлэх зорилгыг өөртөө болон багийнхандаа тавьсан. Цэргийн багийн алба хаагчид маань тушаал биелүүлэх үүрэгтэй тангараг өргөсөн цэргүүд ч гэсэн бүгд аав, ээжийн хүүхдүүд учраас миний хувьд нэг талдаа тэдэндээ захирагч дарга, нөгөө талаас аав, ах, найз нь болж явахыг хичээсэн. Алба хаагчдаа эх орондоо, гэр бүлд нь эрүүл саруул авчрах үүрэгтэй. Тиймээс үүрэгт ажлаа зөв зохион байгуулж хүнээ мэдэрч, тулж ажиллахыг хичээсэн дээ. Цэргийн алба, үүрэгт ажил, амралт чөлөөт цаг гээд бүх л зүйлд давс, хужирыг нь тааруулах ёстой. Бид бусдаас илүү гараагүй. Гэхдээ дутуу хийгээгүй” гэсэн юм.

Хурандаагийн бас нэг онцлог бол цөөнгүй жил гадаадад сурч бэлтгэгдэж, ажил амьдралын шугамаар ч олон оронд үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эх орон, тусгаар улс гэдэг ямар үнэ цэнэтэй байдгийг хэнээс ч илүү зүрх сэтгэлдээ мэдэрсэн нэгэн. Түүнээс хилийн цаанаас эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол яаж мэдрэгддэг талаар сониучирхахад “1995 оны аравдугаар сарын 3-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний гурав дахь төлөөлөл болоод Германд тавуулаа очиж байлаа. Тэр үед баруун герман, европт Монголыг төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин Чингисийн Монгол гэвэл андахгүй.  Улс орон үүх түүхээрээ бахархаж, омогшихын сайхныг тэр үед мэдэрсэн. Германы офицерууд Зэв, Сүбээдэй баатрын аян дайныг Удирдлагын академидаа цэргийн урлаг талаас нь судалдагийг тэр үед  сонсоод бахархаж байсан.

Ажлын шаардлагаар олон орноор явлаа. Эх орноосоо хол байхад үнэ цэнийг нь илүү их мэдэрч ойлгодог. Тусгаар тогтнолоо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн бүрэн эрхт улс гэдэг ямар үнэ цэнэтэй, ямар их цус, зүтгэл, хөлс, хүч хөдөлмөрөөр бүтсэнийг улам илүү ухаарна.  Эх оронч үзлийг  цэргийнхэнд цэргийн хүмүүжлийг олгох шаталсан, чиглэл, чиглэлийн сургалтаар олгодог. Харин энэ цаг үед иргэдээ багаас нь эх оронч үзлээр хүмүүжүүлэх, төлөвшүүлэх боловсролын системийг бүрдүүлэх, гэр бүлийн талаар баримтлах төрийн цэгцтэй бодлого бий болгох шаардлагатай болжээ гэж бодогддог. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад оронд гацаанд орж, хүнд байдалд орсон монголчууд маань өөрийн гэсэн эх оронтой, иргэний паспорттой байхын ач холбогдлыг илүү ухаарсан  болов уу. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг ухаант ардын үг маань эх орон гэсэн ойлголттой салшгүй холбоотой” хэмээсэн юм. Ийнхүү Монгол цэрэг дэлхийд улсынхаа нэр хүнд, ур чадварыг дархалсан гавьяа энхийг сахиулагчдынх. Ирак, Афганистан, Косово, Гүрж, Судан гээд дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн тэдний байгуулсан гавьяа, хичээл, зүтгэл хөдөлмөр тод мөртэй билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.