Тойм: Мутацид орсон дельта вирус Израйльд шинэ давлагаа эхлүүлэв

Вакцинжуулалтын хүчээр цар тахлаас ангижирна хэмээн санаа амарч байтал COVID-19 вирусын мутацид орсон хувилбарууд олон оронд хурдацтайгаар тархаж эхэллээ. Өмнөх вирусаас хэд дахин илүү хурдан тархдаг мутацид орсон Дельта хувилбар сүүлийн үеэс дэлхий нийтийн санааг зовоох хамгийн ноцтой асуудал болон хувирав. Тухайлбал, ОХУ-ын нийслэл Москва хотод шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 90 хувь нь Энэтхэг улсаас гаралтай коронавирусын Дельта хувилбараар өвчилснийг тус хотын захирагч Сергей Собянин  лхагва гарагт мэдээллээ. Мөн энэ Дельта хувилбар  АНУ-ын таван хүн тутмын нэгт нь халдварласан гэдгийг судлаачид анхаарууллаа. ДЭМБ-аас халдварын тоо дэлхийн хэмжээнд буурч байгаа боловч зарим оронд эрчимтэй нэмэгдэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Африк тивийн халдварын тохиолдлын тоо болон нас баралт өмнөх долоо хоногоос 31 хувиар нэмэгджээ. Өмнөд Африкийн орнуудад ч Дельта хувилбар тархсанаас үүдэн халдварын тоо эрс нэмэгдэж байна. ДЭМБ-аас мэдээлснээр өчигдрийн байдлаар энэ хувилбар дэлхийн 80 гаруй оронд тархжээ. Вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж, хөл хориогоо бүхэлд нь цуцлан маскгүйгээр явахыг зөвшөөрөн олны атаархлыг төрүүлж байсан Израйль улсад халдварын тархалт дахин эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Энэ эрчимтэй тархалтын шалтгааныг Африк, Америк, Европ тивийн “гол дайсан” болоод буй COVID-19 вирусын Дельта хувилбартай холбоотой хэмээн тайлбарлав.  Тиймээс Израйль улсын шинэ давлагаатай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Израйль дахин хөл хорио тогтоох уу?

 

Израйлийн “Haaretz” өдөр тутмын сонины мэдээлснээр энэ сарын дунд үеэс эхлэн тус улсад халдварын тархалт дахин нэмэгджээ.  Израйльд энэ оны нэгдүгээр сарын 26-нд халдвар оргилдоо хүрч өдөрт 1000 гаруй хүнээс халдвар илэрч байсан билээ.  Улмаар халдварын тоо  энэ сарын 8-наас буурч 17 гэхэд тус улсад өдөрт 27 тохиолдол бүртгэгдэж байв. Гэвч Дельта вирусын тархалттай холбоотойгоор  даваа гарагт 125 хүнээс халдвар илэрсэн нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Мягмар гарагийн 110 тохиолдлын 64 нь сургуулийн сурагч, оюутан байна. Тухайлбал, Бинямина-Гиват Ада хотын 26 сургуульд халдвар бүртгэгдээд байгаа юм. Тус улсад пүрэв гарагт 146 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Ерөнхий сайд Нафтали Беннет “Израйльд дотоодын халдварын тоо нэмэгдэж, шинэ давлагаа эхэллээ. Тиймээс Засгийн газар шинэ төлөвлөгөө боловсруулна” гэв.

Тус улсад пүрэв гарагийн байдлаар нийт 840 мянга гаруй хүн COVID-19 халдвар авч, 6428 хүн нас бараад байна. Нийт халдварын 70 хувийг Дельта хувилбар эзэлж байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Үүний 50 орчим хувь нь хүүхдүүдэд халдварласны гуравны нэг нь вакциндаа хамрагдсан байна. Израйльд хүн амын 65 хувь нь вакциндаа хамрагдсанаас 57 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ.Үүнээс гадна 12-15 насны хүүхдүүдээ энэ сараас Pfizer вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч халвар вакциндаа хамрагдсан 16-30 насныханд илүү тархаж байна.

Энэ тухай “Haaretz” өдөр тутмын сонины сайтад “Халдварын тоо дахин нэмэгдсэнээр хөл хорио тогтооход хүрэх вий гэсэн санаа зовнил нэмэгдлээ. Вакцины бүрэн тундаа хүн амын 60 гаруй хувь нь хамрагдсан ч Дельта хувилбар вакцинд хамрагдаагүй хүмүүсээс гадна дархлаа нь хэдийнэ тогтсон хүмүүсийг ч халдварлуулах вий гэхээс эрх баригчид болгоомжилж байна” гэж бичжээ.

Вакцинжуулалт нь тус улсын халдварын тоо нас баралтыг бууруулсан. Тухайлбал, Израйлийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 20-ны хооронд 564 шинэ тохиолдол бүртгэгдсэний 385 нь вакцин хийлгээгүй, 13 нь эхний тунгаа хийлгэсэн, 165 нь бүрэн тундаа хамрагдсан байжээ. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 29 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн үг юм.Вакцинжуулалтын хурдаараа тэргүүлж байгаа ч хүн ам бүхэлдээ дархлаатай болоогүй цагт халдвар вакцингүй хүмүүсийг өвчлүүлж байна. Үүнээс гадна шинэ хувилбар вакцинд хамрагдсан хүмүүст ч тархаж байгаа  талаар мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хүн амын 40 хувь нь вакциндаа хамрагдаагүй байхад хөл хориогоо цуцалж, маскгүй явахыг зөвшөөрсөн нь тархалтыг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан байв уу гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Гэвч Эрүүл мэндийн яам болон эрх баригчдын зүгээс дахин хөл хорио тогтоох шийдвэр гаргах гэж яарсангүй. Үүний оронд  хилээр орж гарж байгаа хүмүүсийн хяналтыг сайжруулах, шинжилгээг өргөжүүлэх нь үр дүнтэй гэж үзжээ. Тиймээс аяллын хоригоо цуцлах хугацаагаа найман сар хүртэл хойшлуулжээ. Уг нь долдугаар сарын 1-нээс жуулчдыг хүлээн авч эхэлнэ гэж энэ сарын эхээр зарлаж байсан билээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Чези Леви “Манай улсын хүн амын 60 хувь нь вакциндаа хамрагдсан ч маш аюултай хувилбар тархсан тул хөл хорионы  дэглэм баримтлах хэрэгтэй. Нисэх буудал, хилийн боомт, эрүүл мэндийн байгууллагуудаар зорчихдоо маскаа зүүхийг зөвлөж байна. Үүнээс гадна халдварын тоо цаашид нэмэгдсээр байвал дотор газар ч макс заавал зүүх шаардлагатай болно. Учир нь дэлхий дахинд тархаад байгаа Дельта вирусаас иргэдээ хамгаалах нь бидний зорилго. Тиймээс аюулаас сэргийлэхийн тулд өдөр тутмын амьдралд боломжоороо хязгаарлалт тогтооно. Бид дүрмээ сахиж хариуцлагатай ажиллавал хамтдаа вирусыг ялж чадна” гэв.Тэрээр хоёр долоо хоногийн турш маск зүүх хөл хорионы дэглэм зөрчсөн 12-оос доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг 1500 ам доллараар торгох тушаалд гарын үсэг зурав.  Цаашид хөл хорионы дэглэмийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.

Эрдэмтдийн тооцоолсноор Дельта нь Англид бүртгэгдсэн Альфагаас 1.5 дахин  хурдацтай тархаж байгаа юм. Энэтхэгт өнгөрсөн оны аравдугаар сард анх бүртгэгдсэн энэ хувилбар нь дотроо дахин хоёр  төрөлтэй. Тухайлбал, Калифорниагийн L452R хувилбар, Өмнөд Африк болон Бразилийн E484Q гэсэн хоёр өөр хувилбараар тархаж байгааг илрүүлжээ. Эдгээр хувилбаруудад нь хүний уушгийг илүүтэй гэмтээж байгаа аж. Өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас Израйльд Альфа хувилбар бүртгэгдэж байсан ч Дельтагийн халдварлах хурд, вакцины эсрэг үзүүлэх нөлөөлөл асар хүчтэй байгаа нь хамгийн ихээр түгшээж байна.Гэхдээ Английн “Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр Pfizer вакцины хоёр тунгаас 14 хоногийн дараа  Дельтагаас 88 хувь, Альфагаас 93 хувь хамгаалжээ.Иймд Дельта хувилбарын эсрэг “booster” буюу вакцины гурав дахь тунг хийлгэх эсэх талаар дэлхий олон орон хэлэлцэж эхэллээ.Тухайлбал, Англид вакцины гурав дахь тунгийн талаарх судалгаа шинжилгээг эрчимтэй хийж байна. Тус улс одоогоор дэлхий даяар түгээмэл хэрэглэж байгаа долоон вакцинаас аль үр дүнтэйг нь гурав дахь тун болгон ирэх намраас иргэддээ санал болгох төлөвлөгөөтэй байгаа юм. Харин  “Pfizer” компанийн захирал Алберт Бурла “Вакцины гурав дахь тун шаардлагатай болж магадгүй. Хоёр тундаа бүрэн хамрагдсанаас 6-12 сарын хугацаанд дахин вакцинд хамрагдах цаашлаад жил бүр  COVID-19-ийн вакцинд хамрагдаж болзошгүй. Гэхдээ гол нь энэ бүхнийг судалгаа шинжилгээгээр батлах хэрэгтэй. Вирусын хувилбаруудаас их зүйл шалтгаална” гэсэн юм.

Мөн цар тахлын тархалтыг хэдийнэ хяналтдаа оруулж, нэг тэрбум гаруй тун гаруй вакцинд иргэдээ хамруулаад байгаа Хятад улс шинэ хувилбарын тархалтаас сэргийлэн хилийн хязгаарлалтаа нэг жилээр сунгахаар төлөвлөсөн талаар Гадаад харилцааны яамны албан хаагч мэдээлжээ. Тус улс Хятад вакциныг хийлгэсэн хүмүүст виз олгож байгаа бөгөөд очсон хойноо зочид буудалд 14 хоног тусгаарлагдах журам үйлчилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anu 2021-06-28 14:26:28
    америкууд ч их задгай хэнэггүй тэнэг хүмүүсшүүдэээ 5хүниии 2 ч байж магадгүй малуудааа
  • Kkkkk 2021-06-27 23:50:00
    Яг унэн шуу.Бугдээрээ зэцуу бгаа.гэж тархи угаахаа боль, УО болон НО комиссууд эрх мэдлээ булаацалдахаа боль, ажлаа.зийж чадахгуй бн огцор
  • Хүдал мэдээ 2021-06-25 10:47:09
    АНУ д 1/5 өвчилсөн баримт байхгүй, Монгол өөрсдийгөө хичээ