Залуу эмэгтэй малчдыг дэмжих төрийн бодлого дутмаг байна

Монгол Улсын эдийн засгийн нэгэн чухал тулгуур багана нь мал аж ахуйн салбар байдаг. Нүүдэлчин ахуй соёл, уламжлалаа өнөөг хүртэл үргэлжлүүлэн авч яваа малчид нуруун дээрээ асар хүнд ачааг үүрч явдаг. Гэвч сүүлийн үеэс шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, залуус хөдөөгөөс илүү суурин газрыг зорих болсон нь өнөөгийн нийгмийн бас нэгэн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг саяхан хийсэн судалгаагаар нотолжээ. Тодруулбал, “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааны дүнг танилцуулахаар салбар яамд, тэдгээрийн харъяа агентлаг, 21 аймгийн ЗДТГ-ын төлөөллийг оролцуулсан салбар дундын хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооноос зохион байгууллаа. Судалгаанд зургаан аймгийн 24 сумын 924 залуу малчин, хөдөө, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулж, үр дүн, дүгнэлтэд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулжээ. Улмаар хэлэлцүүлгийн оролцогч талуудад зөвлөмжийг танилцуулж залуу малчдад тулгарч буй асуудлуудыг өөрсдийн эрхэлсэн чиг үүргийн хэмжээнд салбарын бодлогодоо тусгаж ажиллахыг уриалсан юм.

Залуу малчдын тоо буурах болсон шалтгааныг хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар гэж судалгааг хийсэн мэргэжлийн судлаачид онцолж байна. Түүнчлэн таамаглал, дам яриа биш нотолгоонд суурилсан, амьдралд хэрэгжихүйц,  удаан хугацааны бодлого үгүйлэгдэж байгааг ч хэллээ.

Судалгаанаас гол анхаарал татсан нэг зүйл нь залуу малчдын гэрлэлтийн асуудал байв. Малчдын охид хот суурин газарт сургуульд сурах зорилгоор шилжиж, дийлэнх нь буцаж ирэлгүйгээр суурьшсанаар хөдөөд гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурчээ. Ингэснээр залуу малчин эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж, малчин залуучуудын гэрлэх нас хойшилж, улмаар малчин хүн ам буурахад хүрэх төлөв харагдаж байна. Гэвч залуу эмэгтэй малчдын тоог нэмэгдүүлэхэд тусгайлан анхаарсан арга хэмжээг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өндөр байгаа юм.  Энэ нь нь малчид охидоо малчин болгох хүсэлгүй, мэргэжил боловсролтой болгохыг  илүүд үзэж байгаатай холбоотой.Тодруулбал,судалгаанд оролцсон малчин залуусын 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоноо гэж хариулжээ.

Энэ талаар МУИС-ийн ОНАТ-ийн багш, доктор, профессор Т.Бүрэнжаргал “Судалгаанд хамрагдсан залуу малчин эмэгтэйчүүдийн бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой нь зонхилж байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ байна. Энэ нь охиноо өндөр боловсролтой болгох гэсэн эцэг эхчүүдийн жендерийн хэвшмэл ойлголттой холбоотой. Түүнчлэн боловсрол эзэмшихээр хот суурин газрыг зорьсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь буцаж ирэхгүйгээр суурьшиж байгаа нь хөдөөд хүйсийн тэнцвэрт байдал алдагдах, малчин эрэгтэйчүүдэд эхнэр олдохгүй байх гэсэн нийгмийн олон асуудлыг дагуулж байна” гэв.Сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээг хэрэгжүүлбэл дээрх зөрүү багасахыг судлаачид хэллээ.

“Залуу малчин өрх жилд дунджаар 11.2 сая төгрөгийн орлого олдог”

Залуу малчдад тулгарч буй бас нэгэн асуудал нь бага сургуулийн хүүхдээ сургуульд сургахаар ээж нь төв суурин газарт хүүхдүүдтэйгээ, аав нь хөдөө малаа маллан амьдрах үзэгдэл сүүлийн 10 жилийн хугацаанд 40 хувиар нэмэгдсэнийг судлаачид онцлов.Залуу малчид ийн тусдаа амьдрах болсноор эмэгтэй малчид голлон гүйцэтгэдэг  үнээ саах, сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах зэрэг МАА-н үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаа саарч, малаас авах ашиг шим тэр хэрээр буурч байгаа гэж дүгнэжээ. Мөн хүүхдээ сургахын тулд хоёр тусдаа амьдрах, хүүхдэдээ байнгын анхаарал халамж тавьж чадахгүй, СӨБ-д хамруулж чаддаггүй, цар тахлын үед интернет сүлжээгүй  учраас цахим, теле хичээлд хамруулахад хүндрэлтэй зэрэг бэрхшээл боловсролын үйлчилгээ авахад нь асуудал тулгарч байна.

Судалгаанд хамрагдсан залуу малчин өрх жилд дунджаар 11.2 сая төгрөгийн орлого олж байгаа бөгөөд үүний 57 хувийг МАА-аас, 43 хувийг МАА-н бус үйл ажиллагаанаас олж байна. Залуу малчдын дунд зээл авсан нь нийтлэг байгаагийн эсрэгээр цөөн малчин хадгаламжтай байна. Эрэгтэй залуу малчид малаа өсгөх замаар амьжиргаагаа дээшлүүлэх, улмаар мянгат буюу сайн малчин болохыг, эмэгтэй малчдын хувьд малын тоо толгойгоо цөөлөх, чанаржуулах, хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлэхийг  зорих хандлага түлхүү илэрчээ. Цаашид малчин мэргэжлийг сурталчлах, жендэрийн статистик, судалгааны баримтад суурилсан амьдралд хэрэгжихүйц дэмжих бодлого хэрэгтэй гэсэн судлаачдын дүгнэлтэд оролцогч талууд санал нэгдсэн юм. Шийдлийн хувьд судлаачид асуудал тухай бүрт бодлогын зөвлөмж бэлтгэснээ ХХААХҮЯ, ХНХЯ,  БОАЖЯ, УУХҮЯ, ЭМЯ, БШУЯ-д танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтдөө тусгаж ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2021-06-30 11:57:44
    Энэ төрд бодлого гэж байдаг юмуу. Яаж идэж уух вэ гэсэн бодолтой новшнуудаар
  • ХУУЛЬЧ  2021-06-30 11:01:08
    ТЭНГЭР ЗАЯАТАЙ, БИЛЭГ ТАНХАЙ ,ХЭЭЛТҮҮЛЭГЧ ЗАНТАЙ ЭРЧҮҮДИЙНХЭЭ ӨРХИЙН ТЭРГҮҮН БАЙХ УХААНЫГ ТӨВШТГӨЖ ,УЛАМЖЛАЛТ ЖАЯГТ ОРУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ БҮТЭХГҮЙ Л ДЭЭ ,,,,
  •  2021-06-30 07:34:52
    хувийнхаа юмыг өөрийн дураараа далагнуулна биз дээ. ИХ-н шулмасууд л нэг ашиг олоод авчих санаатай улилдан чарлаж байгаа биз.
  • Бат 2021-06-30 03:26:44
    Мал бүгд хувийн өмч хувийн малаа маллаж байгаа маляин хүнд төр одоо юугаар туслуулах гээд байна аа