Зоосны нүхээр зоог ологчид
Барилгынхны дунд ийм жишиг тогтжээ. Туслан гүйцэтгэгч компани эсвэл бригад ахалсан нэгэн 100 айл дээрээс өглөө бүр хэсэг залуусыг машинд чихээд барилгынхаа талбай дээр аваачна. Хөлсийг нь бэлнээр өгнө гэхээр ажилгүй хэдэд аятайхан санал. Тэд барилга дээр өдрийн турш шавар зуураад, шороо, тоосго зөөчихөөд 20-30 мянган төгрөг халааслаад буцна. Гэхдээ тэдэнд эрүүл мэнд, нийгмийн даатгал битгий хэл эрүүл, аюулгүй орчинд ажиллах баталгаа байхгүй. Харин компанид ашигтай нөхцөл. Бүтээн байгуулалт буцалж байгаа манай улсын өнөөгийн барилгачдын төрх нэг иймэрхүү.
 
Манай улсад 40 гаруй мянган хүн барилгын салбарт ажилладгаас 28 мянга нь мэргэжлийн боловсон хүчин гэсэн судалгаа байна. Харин тэднээс яг талбар дээр мэргэжлийн шаварчин, өрлөгчин, арматурчнаар ажиллаж байгаа нь цөөн, харин инженер техникийн ажилчин олон байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ нь барилгачдын үнэлэмж, хөдөлмөрийн аюулгүй байдалалдагдах, цаашлаад чанаргүй барилгууд босох үндсэн эх үүсвэр гэж үзэж болохоор.
 
Нэг үгээр манай барилгын салбарт боловсон хүчний асуудал тулгамдаж байгаагийн жишээ энэ. Үүний цаана компаниуд барилгачдыг үнэгүйдүүлж, зоосны нүхээр ажлаа гүйцэтгэдэг хавтгайрсан төрх нэгэнт бий болжээ. Тиймээс “Барилга-Асуудал”-д энэ удаа ажиллах хүчний асуудлыг хөндлөө.
 
Жилд 12 мянга хүүхэд элсдэг ч 60 хувь нь төгсдөггүй

Түүх сөхвөл манай улсад 1926-1930 оны хооронд барилгын салбарын хөгжлийн эхлэл тавигдаж, энэ үед 130 хүнийг ОХУ сургаж байж. Мэргэжлийн барилгачдын түүхэн замнал ингэж эхэлснийг тэмдэглэжээ. Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлж буйгаар 1990 оноос барилгын мэргэжилтнүүд тасарсан аж. Тухайн үед барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ТМС буюу Техник мэргэжлийн сургууль орон даяар олон тоогоор байгуулагдсан ч эдүгээ тоо нь буурчээ. Одоогоор нийт 70 гаруй МСҮТ байгаагаас нийслэлд гэхэд барилгын салбар ангиудыг төгсгөдөг МСҮТ- ийг оруулахгүйгээр тооцоолбол барилгачдыг дагнан бэлтгэдэг нь хоёр л байна. Жилд 12 мянган хүн барилгын чиглэлээр мэргэжлийн боловсрол олж авахаар элсдэг ч 60 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй, сургалтын дундаас буцдагийг Монголын барилгачдын холбооноос мэдээллээ.

Салбарыг нийтээр нь авч үзвэл Монгол Улсад 40 гаруй мянган ажиллах хүчинтэй гэсэн судалгаа байна. Гэвч тэднээс мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байна. Иймээс л бид гаднаас боловсон хүчин татдаг, мэргэжилгүй хүмүүс барилгын салбарт ажиллуулдаг жишиг тогтсон байна. Энэ нь нөгөө талд ажил олгогчид завшаан болж, бага зардлаар барилгаа босгочихоод илүү ашиг олох сонирхлыг нь бий болгосоор 10 гаруй жилийг үджээ. Өөрөөр хэлбэл, барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын хөлсний үнэлэмж, чанартай барилга барих асуудал 2002 оноос хаягдаж эхэлжээ.

Ажилчдаа нийгмийн даатгалд хамруулдаг компани ховор
 
Үүний тод жишээ бол барилгачдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал. Манайд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг барилгын 400- 500 компани байгаа аж. Нэг компани дунджаар 100 гаруй ажилчинтай. 300 гаруй ажилчинтай ч бий. Тэдгээрээс хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж даатгалд хамруулдаг нь 30-150 байдгийг албаныхан хэллээ. Энэ нь үнэхээр хангалтгүй тоо. Компаниуд өөрийн гэсэн инженер техникийн хэдхэн ажилчнаа удаан барихын тулд эрүүл мэнд болон нийгмийн даатгалд хамруулдаг. Харин гэрээт ажилчдад ийм үйлчилгээ байхгүй.
 
Нөгөө талаар одоогийн ажилчдад тулгамдаж байгаа асуудал нь ажлын үнэлэмж болжээ. Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд жил бүрийн намраас буюу ес, аравдугаар сараас цалингаа авч чадаагүй, эрүүл мэндээрээ хохирсон гомдол олноор ирдэг аж. Барилгачдын холбоонд ч ялгаагүй. Эдгээр асуудлын гарц юунд байна вэ?

Тогтвортой ажлын байраар хангая
 
Ямартаа ч барилгын боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг төрийн болон төрийн бус байгууллагуудын санаачилснаар эрх зүй, сургалтын орчныг нь бий болгож эхэлжээ. Энэ талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Барилгын боловсон хүчнийг хангалттай бэлтгэдэг болох талаар мэргэжлийн боловсрол сургалтын тогтцолцоог бүрдүүлж чадсан. Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл байгуулагдсан. Мөн  Мэргэжил боловсрол сургалтын хууль батлагдлаа. Энэ чиглэлээр тусгайлсан яам байгуулагдлаа. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад МСҮТ-ийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэхээр ажиллаж байна. МСҮТ-үүд хан­галттай элсэлт авч бай­гаа ч төгсч гарч бай­гаа нь хангалтгүй юм. Тиймээс хүүхэд, залууст барилгачин мэргэжилдээ эзэн болж чадвал үр шимийг нь хүртэж болдог юм гэсэн итгэл үнэмшлийг суулгах асуудал чухал байна. Нөгөө талаар төр засгаас барилгынхныг найдвартай ажлын байраар хангах асуудал тэргүүн эгнээнд тавигдаж байна” гэв.
 
Түүний хэлснээр барилгын салбарын одоогийн гажуудлыг засахын тулд тогтвортой ажлын байр шаардлагатай гэнэ. Одоогоор энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа мэт боловч ажил олгогчдод давуу байдал олгосоор байгаа системийг өөрчлөхөд төрийн оролцоо үгүйлэгдэж байгааг ч онцлов. Одоогийн жишишг гэвэл гүйцэтгэгчид захиалагч компанийхаа төсөвлөсөн мөнгөнөөс бага төсвөөр туслан гүйцтгэгч олдог, туслагчид ч хуваарилсан мөнгөнөөс дахин “хумсалж” ажилчдаа олдог. Ажиллагсад нь ч амьдралаа мөнгөөр хэмжиж ажил олгогчдыг өөгшүүлдэг болчихсоныг салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна. Үүнийг хумихын тулд Монголын барилгачдын холбооноос барилга дээрх мэргэжилгүй ажилчдыг бүртгэлжүүлэхээр болжээ.
 
Ийм маягаар төлөвлөсөн, эхлүүлсэн ажлаа албаны хүмүүс дурдаж байгаа ч амьдрал дээр эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Монгол Улсад барилгын салбарын хууль, эрхзүйн орчин хангалттай бий. Гагцхүү барилгачид маань мэргэжил эзэмшээд, мэргэжтлдээ мэргэшчихвэл... Компаниуд Монгол Улсынхаа хөгжилд гар бие оролцож буйгаа ухамсарлан төсөвт өртгөө хуулийнх нь дагуу хуваарилчихдаг болчихвол өнөөгийн барилгын шил дарсан осол гэмтэл, гомдол санал хумигдаж бүтээн байгуулалтын ажил гольдролдоо орохыг салбарынхан ярьж байна.
Зууны мэдээ
Б.Энхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2014-10-15 02:40:05
    Mergejiliin hyanaltiinhan gej avilgaliin vvr uurhai bolson gazar bnaa. Zamiin zarim kompaniud bas ajilchidiinha niigmiin daatgalig tulduggvi gazrud bdagshd. Er n tged shudraga tuldug gazrud n hohirod hulgaichud n zawshaad bj bdag novshiin yum daa
    202.126.89.197
    Мэдэгдсэн Хариулах