Хувьцааны ханш яагаад өсдөггүй вэ?
Хорин жилийн өмнө нэг кг мах долоон төгрөгийн унэтэй байлаа. Харин өнөөдөр 7000 төгрөг болж өсөөд байгаа. Сүү, талх ч ялгаагүй өдөр тутмын хэрэглээний бүх зүйлийн үнэ ингэж хэд дахин өссөн. Яг үүнтэй адилхан өнөөдөр Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа хувъцааны ханш өссөн үү. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө 100 төгрөгөөр худалдаж авсан хувьцааны үнэ өнөөдөр хэд болоод байна вэ. Хар ухаанаар бодоход юмны үнэ өсөхөд хувьцааны ханш бас өсмөөр юм. Гэтэл нэгж хувьцааных нь үнэ 100 мянган төгрөг байтутай ядаж 50 мянган төгрөгт ч хүрээгүй компани олон байна. Тиймээс жижиг хувьцаа эзэмшигчид “Хувьцаа худалдаж авна гэдэг ямар ч үр ашиггүй юм билээ” гэж ярьж, нийгэмд буруу мэдээлэл тараахад хүрчээ.
 
 Энэ нь манай улсын Хөрөнгийн бирж дээр тоглолт хийгдэхгүй байна гэсэн үг.  “Үнэт цаасны төвлөрлийн судалгаа”- гаар Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй нийт хувьцааны 80 гаруй хувийг 1067-хон хүн эзэмшдэг. Үлдсэн 20 орчим хувийг жижиг хувьцаа эзэмшигчид буюу олон нийт эзэмшиж байгаа аж. Жижиг хувьцаа эзэмшигч нь 335 мянга 754 хүн байна. Мөн Монголын банкны холбооныхон “Манай улсын нийт хадгаламжийн 98 хувийг 2000 орчим хүн эзэмшдэг” гэдэг. Тэр 2000 нь энэ 1067, тэдэнтэй ураг төрлийн холбоотой хүмүүс гэдгийг зарим хүн хэлж байна.
 
Бирж гэдэг бол зах. Зах дээр наймаа хийгдэх ёстой. Хөрөнгийн биржээр тухайн улсын хөрөнгө үнэ хүрч зарагдах ёстой. Гэтэл монгол хүн өөрийн эзэмшиж буй хөрөнгөө өнөөдрийн зах зээлийн ханшаар нь биржээрээ дамжуулан зарах гэхээр “Чи ханш өсгөлөө. Наадах чинь ийм үнэтэй байх ёсгүй. Чи
наадахаа 20 жилийн өмнө 100 төгрөгөөр авсан биз дээ. Одоо яахаараа 100 мянган төгрөгөөр зарах, гээд байна вэ” гэж эрх бүхий байгууллагуудаас нь дарамталдаг тухай гомдол ч гарч байна.
 
Эндээс Монгол Улсын хөрөнгийг үнэгүйдүүлэх сонирхол хэнийх вэ гэдэг нь тодорхой харагдана. Тодруулбал, Монгол Улсын баялгийг үнэгүйдүүлэх замаар хэдэн хүн гартаа авч төвлөрүүлэн эзэн суух сонирхолтой нь холбоотой юм. Улмаар хөрөнгөлөг хүмүүс нийгмийн баялгийг эзэмшээд улс орныг удирддаг. Ингээд тэд өөрсдийңхөө хөрөңгийг  бүр илүү өсгөж, илүү баяжих процесс өнөөдөр явагдаж байна. Үнэндээ ардчилсан нийгмээс эдийн засгийн ийм дарангуйлалд шилжихэд дэндүү амархан хэмээн учир мэдэх хүмүүс сануулж буй.
 
Хувьцаа нь тухайн объект буюу үл хөдлөх хөрөнгө, бизнесийн төлөвлөгөө, тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчин гээд бүх зүйлийг агуулсан үнэт цаас юм. Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ өсөөд байдаг. Харин хувьцаат компанийн үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламжийн үнийг өсгөж болдоггүй. Бодит байдал дээр орон сууц ч бай хувьцаат компанийн барилга байгууламж ч бай бүгд 20 жилийн өмнөхөөс өссөн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн жамаараа компаниудын үнэ цэнэ өссөн гэсэн үг. Тэр хэрээрээ хувьцааны үнэ цэнэ нь өсөх ёстой. Харамсалтай нь манай улсад компанийн засаглал хаңталтгүй байна. Тиймээс томоохон хувьцаа эзэмшигч 1067 хүн хувьцааны ханшийг өсгөхгүйгээр шийдэж, 20 жилийн өмнөх хэвээр нь барихыг оролдож байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тогтоол ч байдаг аж.
 
Энэхүү “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх тухай журам”- ыг компаниуд өнөөдөр мөрдөж ажилладаггүй. Тухайлбал, X зочид буудал 20 жилийн өмнө 30 сая төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр тус зочид буудлыг 30 саяар худалдаж  авъя гэвэл “Уучлаарай, манай зочид буудал өнөөдрийн зах зээлийн ханшаар 50 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа” гэж л хариулна. Тэгсэн хэр нь хувьцаа эзэмшигчдэдээ энэ мэдээллээ ил тодоор нь өгдөггүй.
 
Компанийн засаглал нь хангалтгүйгээс олон нийтэд мэдээллээ ил тод өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Энэ онд хагас жилийн тайлангаа долоохон компани гаргаж, нийтэд мэдээлсэн нь үүний нотолгоо юм. Гэтэл Хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 орчим компани хувьцаагаа зарж байгаа. Тэр ч байтугай санхүүгийн хоёр тайлан гаргадаг зөрчилтэй компаниуд ч бий гэнэ. Олон нийтэд ашиггүй тайлангаа үзүүлдэг. Гэтэл бодитоор ашигтай ажиллачихсан, томоохон хувьцаа эзэмшигчид нь ашгаа аваад халаасалчихсан байдаг аж. Ингэхдээ цалин, үйл ажиллагааны зардлаа өндөр болгож өсгөх аргыг түлхүү хэрэглэдэг. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэдээ багахан ногдол ашиг тарааж, төрд бага татвар төлөх нь ойлгомжтой.
 
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.