Ц.Өсөхжаргал: Сунгалт хийх нь биеийг усалж буйтай ижил

“Спорт” булангийнхаа зочноор  “U.M.S” йога төвийн зөвлөх,  монгол уяаны аргаар сунгах шинэ аргачилал зохиож дэлхийд зохиогчийн эрх эзэмшсэн сунгалтын дасгалын олон улсын  сургагч багш Ц.Өсөхжаргалыг урьж ярилцлаа.

 

-Сунгалт  бие махбод  төдийгүй сэтгэл оюунд эерэгээр нөлөөлдөг гэдэг. Сунгалт хийхэд хүний биед ямар процесс явагдаж, хэр хугацаанд үр дүн гардаг вэ?

-Сунгалт хийж эхлэх үед хүний биеийн булчин болон үе холбоосон дээр цусны эргэлт идэвхждэг. Хүний бие организм  өөрийгөө суллах үедээ суллаж, бэхжүүлэх хэсгүүдээ бэхжүүлж дасан зохицох процесс явагдаж эхэлдэг.  Гэтэл ямар ч бэлтгэл байхгүйгээр биедээ гэнэт ачаалал өгөх үед гэмтэх аюултай. Сунгалтын хамгийн эхний хийж эхлэх момент бол эсүүд организм өөрийгөө бэлддэг. Сунгалт хийснээрээ хүний бие эд эсийн түвшинд сэргэж ирдэг ба цэцэгтэй зүйрлэвэл түүнийг услаж буйтай ижил юм.

Хүн заавал унтдаг, шүдээ угаадагтай адил сунгалтыг байнгын хийх хэрэгтэй. Хүний бие татчихсан резин шиг үргэлж дотогш тэмүүлж байдаг.  Тиймээс хүн сунгалт хийснээр тэнэгэр байхын зэрэгцээ гоо сайхнаа хадгалж чадна.

-Иогийн төв, сунгалтын багш нар олширсон. Гэтэл сунгалт хийхэд тодорхой стандарт гэж байдаг байх. Мэргэжлийн багшаар хичээл заалгаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Би 2005 оноос эхлэн йогийн хичээлийг албан ёсны эрхтэйгээр Монголд зааж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, яг тэр үед л Монголд фитнесс, повер йогийн төрөл орж ирсэн гэсэн үг. Гэтэл одоо улс орны өнцөг булан  бүрт йога зааж байна.  Багш хүн асар их мэдлэг туршлага хуримтлуулсан байхын зэрэгцээ хүний биеийн анатомийг эмчийн хэмжээнд судалсан байх ёстой. Дээрээс нь дасгалжуулалтын онол хэмээх шинжлэх ухааныг үзсэн байх хэрэгтэй. Монголын түвшинд мэдэхээсээ мэдэхгүй хүмүүс  сунгалтын хичээл зааж байгаа нь эмгэнэлтэй. 

Хэрэв сунгалтыг буруу хийвэл хор уршиг нь тэр дороо илрэхгүй. 5-10  жилийн дараа нуруу,  түнх нь хазайх, мөн янз бүрийн  бэртэл гэмтэл  авах аюултай. Хамгийн гол нь энэ мэргэжлийг эзэмшихийн тулд дөрвөн жил их сургуульд сурах ёстой. Тэгээд магистрын зэрэг хамгаалж байж  дадлагажих ёстой. Ингэж байж  багш болно. Өөрөөр хэлбэл, багадаа 6-7 жилийн хугацаа хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хүмүүс гурван сарын курсд суучихаад хичээл зааж байгаад эмзэглэдэг.  Хичээл заалгах гэж байгаа хүн багшаа сонгохдоо  аль сургууль төгссөн, ямар ур чадвартай, хэр хэмжээний  туршлага хуримтлуулсан гэдгийг нь асуух бүрэн эрхтэй. Тэр байтугай 20 жил тасралтгүй мэргэжлээрээ ажилласан, хүний биеийн анатомийг судалсан намайг Япон юмуу Америкийн фитнесс төвүүд, клубуудэд фитнесийн болон йогийн хичээлүүдийг заалгадаггүй. Учир нь “Та манай улсын стандартын шаардлагыг хангасан сертификаттай байх ёстой” гэх шаардлагыг тавьдаг. Тиймээс би гадагшаа явахдаа зөвхөн өөрийн U.M.S хичээлийг л заадаг. Манай орны хувьд ч тийм л байх ёстой. Нэмж хэлэхэд, багш хүн гэдэг бие организмаас  гадна тархитай нь ажилладаг бөгөөд ямар хүнтэй яаж харьцах уу,яаж урамшуулах уу гэдгээ мэддэг сэтгэл зүйч байх ёстой.

-Та зөвхөн Монгол хүмүүст хичээл заадаггүй. Олон орныхон зорьж ирдэг юм билээ. Ази, Европ хүмүүсийн биеийн онцлог, хичээллэх явцад гарах үр дүн ялгаатай байх уу?

-Европ хүмүүс урт мөчтэй, өндөр учраас эцсийн цэг дээр очих өвдөлт их байдаг. Гэхдээ үр дүн нь маш хурдан гардаг. Харин Ази хүмүүс богинохон мөчтэй учраас өвдөлт арай бага. Дээрээс нь монгол хүний организм өөр. Монголчууд мах их иддэг, уураг их авдаг хүмүүс. Уураг их авч  байна гэдэг нь булчин дээр асар их хэмжээний тэжээл очиж байна гэсэн үг. Булчин дээр тэжээл их очихын хэрээр хүчтэй болно.  Булчин хүчтэй байх тусмаа хатууралтай, чангаралтай хөгшрөл явагдаж байдаг гэсэн үг. Тэгэхээр монгол хүний онцлог бол асар хатуу бөгөөд сунгалт хийхэд их удаан үр дүн гардаг.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс хөдөлгөөн хийхгүйгээр жин хаях эм, бэлдмэл, цайг өргөн хэрэглэх болжээ. Жин хасах талаар ямар бодолтой байдаг вэ?

-Эм бэлдмэлийг би  эсэргүүцдэг. Учир нь бүгдэд нь химийн хор, шат шатны бизнес явж байдаг. Үүнээс өөрсдийн ухамсраараа татгалзах ёстой. Жишээлбэл, өөх шатаагч гэдэг бүтээгдэхүүн бий. Бидний организмд өөхөө шатаадаг механизм тэртээ тэргүй бий. Гаднаас тусламж авах шаардлага байхгүй. Өнөөдөр  өөх шатаагч ууж хурдлуулаад турлаа гэж бодъё. Дахиад таван жилийн дараа өөх шатаагчаа хэрэглэхгүй бол өөрөөс ялгардаг өөх шатаагч даавруудаа үгүйсгээд ялгарахаа больчихдог. Ингээд гаднаас заавал нэмэлт бүтээгдэхүүн авах шаардлагатай болно. Дахиад 10, 20 жилийн дараа яах уу гэдэг нь асуудал болж үлдэнэ. Иймд амар хялбар аргаар жин хаяна гэдэг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй.

-Даяаршиж буй нийгэмд хүмүүс цахим орчноос ямар ч мэдээллийг хүлээн авах боломжтой болсон. Мэргэжлийн багшаар хичээл заалгах боломжгүй, гэрийн нөхцөлд сунгалтаар хичээллэж эхэлмээр байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Интернэтэд мэргэжлийн бус, сонирхогчдын буруу зөрүү хийсэн бичлэгүүд дүүрэн байдаг. Дээрээс нь  хүний биеийн онцлог, ачаалал даах чадвар өөр учраас адилхан хичээл хараад дагаад хийж болохгүй. Яваандаа өөрийнхөө нурууг хазайлгана, бусад төрлийн гэмтэл авна. Тиймээс заавал мэргэжлийн багшаас зөвлөгөө авч ярилцаж байж дагаж хийх ёстой.

-Сунгалтаар хичээллэхэд насны ангилал харгалздаг уу?

-Насны ангилал байхгүй. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл хичээллэх боломжтой. Хамгийн гол нь найман настай хүүхдийн үр дүн гарах хугацаа маш хурдан буюу хоёроос гурван сар шаардана. 12 настай болоод ирэхээр үр дүн гарах нь сараар уртасдаг. Харин 20 настай бол дахиад гурван сараар ахина. Сунгалтаар хичээллэхэд оройтно гэж байхгүй. Үр дүн гарах хугацаа нь л уртасч байдаг.

Харин бэртлийн улмаас хагалгаа хийлгэсэн, ясны бэртлийг хадуулсан болон тасарсан шөрмөсийг залгаж оёулсан гэх мэт хүмүүс сунгалт хийхдээ анхаарах хэрэгтэй. Тиймээс миний хувьд сунгалтаар хичээллэхээр ирж байгаа хүмүүсийн рентген зургийг нь харж байж хичээлээ явуулах эсэхээ шийдвэрлэдэг.

-Монгол уяаны аргаар сунгах шинэ аргачлал зохиож олон улсад зохиогчийн эрх эзэмшсэн гэж сонссон. Үүнд хэр их цаг хугацааг зарцуулсан бэ, ямар онцлогтой вэ?

-Би 2003 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд гимнастикийн багшаар ажилласан. 2005- 2010 он хүртэл уяатай аргаа туршиж эхэлж, есөн  жилийн дараа  патентжуулсан. Уяагаар уяснаар хүний эсэргүүцэх чадамж алга болдог учраас сунгахад хамгийн тохиромжтой аргачлал хэмээн үзэж олон жил олон орны хүн дээр туршсаны эцэст зохиогчийн эрхээ авч, өдгөө 26 оронд энэ арга маань туршигдаад явж байна.

Гадаадаас  намайг зорьж ирж байгаа шавь нар  уяж, сунгуулах гэж ирдэг. Тэд асар холоос тив алгасан зориод ирж байхад нь надад муу хичээл заах эрх байхгүй. Миний хувьд хамаг байдаг сайн сайхан зүйлээ зааж, бүх нөөц хүчээ зориулдаг. Над дээр нэг удаа ирсэн бол заавал буцаж ирдэг. Жишээлбэл,  Японоос хамгийн олон ирсэн буюу 20 удаа ирсэн хүн байна. Хүнтэй  ажиллахдаа би 100 хувь сэтгэл гаргаж, хайрлаж байж үр дүн гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Анх-Учрал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.