Хуучин номын худалдааг цэгцлэхсэн
Монголчууд эртнээс эрдэм, номыг дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс ч Ертөнцийн гурван баяны тоонд “Эрдэм ном эрхэм баян” хэмээн багтаасан биз ээ. Зөвхөн өвөг, дээдэс маань ч биш орчин цагийн залуус ч эрдмийг шүтэж, номыг эрхэмлэдэг хэвээр байгаа. Гэвч тэгтлээ хайрлан, шүтдэг номоо гудамжаар хөглөрүүлдэг таагүй дүр төрх ардчиллын он жилүүдэд бий болов. Өмнөх нийгэмд ямар байсныг би мэдэхгүй ч, ямартай ч намайг хүүхэд байхаас гудамжны худалдаачид номыг тоос, шороотой хутган, газраар хөглөрүүлдэг байсан юмдаг. Ялангуяа Арслантай гүүр орчмоор номын худалдаа ямар байдлаар өрнөдөг байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдаж байна.
 
Тоос, шороотой хутгалдан, гудамжаар нэг хөглөрөх ном. Өнөөх монголчуудын хайрлан, дээдэлдэг ном мөн үү гэж халагламаар. Харин сүүлийн жилүүдэд орчин үеийн уншигчдын таашаалд нийцэхүйц номын дэлгүүрүүд Улаанбаатар хотод байгуулагдаж байгаа. Гэвч гудамжны худалдааг хараахан цэгцэлж амжаагүй л байна. МУИС- ийн хичээлийн II байрны өмнөх талбайд, Урт цагааны гудамжинд, МУБИС-ийн урдуур гудамжны худалдаа эрхлэх үзэгдэл хэвээр байгаа нь харамсалтай. Уг нь номын худалдаачид шинэ байртай болох сураг өнгөрөгч тавдугаар сард гарсан. Тодруулбал, Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр 0.7 км автозам шинээр тавихаар өнгөрсөн оноос замын ажил эхэлсэн. Тус замын зурваст номын худалдаа эрхэлдэг иргэдийн 12 павилон байрлаж байсан бөгөөд номын худалдаачид нийтийн эзэмшлийн зам талбайд албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь энэ үеэр илэрсэн байдаг.

Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас замын зурвасыг чөлөөлөхийг шаардан, өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн албан мэдэгдэл хүргүүлж, энэ оны дөрөвдүгээр сард газрыг албадан чөлөөлсөн юм. Харин номын худалдаачдад зориулан чөлөөлсөн газрын ойролцоо “Номын худалдаа”-ны төв” барих тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Номын худалдааны төв”-ийн газар эзэмшлийн гэрээг Өмчийн харилцааны газартай байгуулсан аж. Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулан зураг төслийг хийж, шаардагдах хөрөнгийг тодорхойлжээ. Энэхүү барилга ашиглалтад орсноор хуучин ном 80 орчим хүн ажлын байртай болохоос гадна нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу өмнө нь тэнд ном зарж байсан хүмүүсээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд иргэд зөвхөн ашиглалтын зардлаа хариуцах тухай өнгөрсөн хавар хотын захиргаанаас мэдэгдэж байсан юм. Гэвч эдүгээ номын худалдааны төвийн шинэ байрны ажил удааширч байгаа нь павиолоноо нураалгасан худалдаачдын хувьд хүндхэн асуудал болчихоод байгааг дуулгаж байна. Ямартай ч худалдааны шинэ төвийн байрны ажлыг яаравчлахгүй бол гудамжны худалдаа эрхлэгчид хуучин номоо тоос, шороотой хутган арилжсаар л байх болно.
 
Уг нь бид номыг хүндэлж, духандаа хүргэж, адис авдаг. Гэвч гудамжны худалдааг цэгцлээгүй цагт духандаа хүргэн адис авдаг ном, хөлд хөглөрөн, тоос, шороотой хутгалдсаар л байх нь. Номын шинэ худалдааны төв ашиглалтад орж, хуучин, шинэ гэлтгүй энэ төрлийн худалдааг нэг дор төвлөрүүлэх нь багш, оюутнуудаас эхлээд энгийн уншигчдын цагийг хөнгөвчилсөн алхам болох нь дамжиггүй. Үүнээс гадна зөвхөн худалдааны төв гэсэн чиг шугаманд баригдалгүй дэргэдээ орчин үеийн уншлагын танхим, кофе шоп, шинэ бүтээлээ нээх танхимтай, зохиолчидтой уулзалт, ярилцлага хийх боломж олгох өрөөтэй байвал жинхэнэ цогц үйлчилгээ болох юм. Хүүхдийн зохиолчид хүүхдүүдтэйгээ уулзаж, ярилцах газар олдохгүй байна гэж гомдоллохыг нэг биш удаа сонсч байсан. Тэгвэл энэ удаад хүүхдийн зохиолчдыг бяцхан уншигчидтайгаа уулзаж, ярилцах, бүтээлийн шинэ санаагаа өөр, хоорондоо солилцох боломжийг олгож яагаад болохгүй гэж. Номонд зориулагдсан байшин бол энэ төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх учиртай. Түүнээс биш номын шинэ худалдааны төв гэчихээд нэг давхарт нь номоо худалдаалж, бусад давхруудад нь өнөөх л бараан зах, уушийн газрын дүр төрх үзэгдвэл хэнд ч таатай санагдахгүй бизээ.

Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-15 03:18:52
    Ном дор мөргөмүй.
    112.72.13.46
    Мэдэгдсэн Хариулах