Б.Билгүүн: Монголчууд маань өглөө, оройдоо хоол авчирч өгдөг байсан
“Инчеон-2014” Азийн 17 дахь зуны наадамд багаараа амжилттай оролцож, хувийн үзүүлэлтүүдээрээ багаа тэргүүлсэн “SBL Хасын хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Юун түрүүнд Азийн наадамд багаараа бахдам амжилт үзүүлсэнд тань баяр хүргэе. Та бүхний амжилт Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг ойлголтыг өөрчилж чадлаа.

-Баярлалаа. Бид шигшээ багийнхаа өмнөх амжилтыг ахиулсандаа маш их баяр­тай байгаа. Шахуу ху­ваарьтай тоглосон хэдий ч багийнхан маань маш сайн тоглосон. Мөн тоглолтууд болсон ордонд монголчууд олон байсан болохоор би­дэнд маш их урам зориг өгч, биднийг хурцалж бай­сан. Тэдэндээ ч гэсэн баяр­лалаа гэж хэлье.

-Билгүүн хэзээнээс сагсан бөмбөг тоглож эхэлсэн бэ?

-Долоодугаар ангиасаа хойш тоглосон юм байна. 14 настай байсан байх аа. Секц, дугуйлангийн тухайд есдүгээр ангиасаа эхэлж хичээллээд 2005-2006 онд “Баганат-Өргөө” багт орж, мэргэжлийн түвшинд бэлт­гэл сургуулилтаа хийж эхэл­­сэн. Түүнээс хойш со­­­нир­­хогч биш, сагсан бөм­бөгч­ний хэмжээнд бэлт­гэл хийдэг болсон.

-Одоо супер лигийн шинэ улирал эхэллээ. Хуучин багтаа тоглоно биз дээ?

-Тэгнэ. Бусад баг урьд­чилаад 3-5 жилийн гэрээ хийдэг ч гэсэн манай баг та­мир­чидтайгаа хийсэн гэ­­­рээ­гээ жил жилээр нь ши­нэчилдэг. Жил жилээр нь гэрээгээ хийгээд ямар нэг зүйл болбол чөлөөт агент болоод явах боломж олгодог илүү уян хатан гэрээ хийдэг.

-Супер лиг гэснээс нэг багт шигшээ багийн гурван тамирчин байх ёстой гэ­сэн дүрэмтэй болчихсон. Үүнийг танай баг хэрхэн шийдэх вэ. Танай багт гур­ваас илүү шигшээгийн та­мирчин байдаг шүү дээ?

-Шигшээ багийн таван тамирчин манай багт бий. Бид тэгэхээр хоёр та­мирч­наа тоглуулахаа болих уу, эсвэл багаа барьж үл­дэхийн тулд шигшээ багаас нэрээ татах ёстой юу гэсэн сонголтод тулаад байгаа. Уг нь энэ хоёр хол­бооны асуудал ший­дэгд­чихвэл энэ асуудал нэг тийш болох байх.

-Энэ хоёр холбоо ер нь нэгдэж болдоггүй юм уу. Хоёр холбоо гэхээсээ илүү­тэйгээр улстөржилт яваг­даад байдаг юм биш үү?

-Сүүлийн үед сагсан бөмбөгт улстөр, аль нэг намын нөлөө хэт орох болсон. Засаг барьж байгаа намаас шалтгаалаад өөр болж. Үүнээс болоод жирийн тамирчин бид хохирох гээд байна. Адаглаад л Спортын төв ордонд бэлтгэл хийх гэхэд заал өгөхгүй, хэн нэг эрх мэдэлтэй дарга заалыг бүтэн жилээр нь түрээслээд авчихсан байх жишээтэй.

-Тэгэхээр та хэд Азийн наадамд явахаасаа өмнө их, дээд сургуулиудын заалыг “гуйж” бэлтгэлээ хийсэн гэдэг яриа үнэн болж таарах нь ээ?

-Сагсан бөмбөгийн ту­хайд заалны асуудал их хөн­­дөгддөг. Өдөрт нэг удаа бэлтгэл хийхэд заал асуу­­далгүй. Гэхдээ 2-3 удаа бэлтгэл хийхээр сур­гуу­лиудын хичээл эхэлчихсэн гэдэг тул заал өгөх нь ховор байсан. Тиймээс өглөө, өдрийн цагаар заалны асуу­дал хүнд байсан. Үүнийг л төрөөс шийдээд өгчихвөл болох гээд байна.

-Ер нь манайд яг олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн заал, танхим байдаг юм уу?

-Стандартын шаардлага хангасан заал гэвэл “Буянт-Ухаа”-гийн спорт цог­цолборыг хэлэх бай­на. Гэх­дээ сар гаруйн хуга­цаанд бэлтгэл хийхэд тэнд бэлт­гэл хийх боломж би­дэнд олдоогүй. Их сур­гуу­лиудын зааланд бэлтгэл хийж байхад талбайн хувьд хэмжээ нь ижил мөртлөө орон зайн хувьд бага. Тий­мээс тэнд очоод тоглоход илүү том заалтай болохоор орон зайн баримжаа алдах асуудал байсан.

-Харин Инчеонд очсон хойноо энэ асуудлыг хэр­хэн шийдсэн бэ. Аль нэг холбоо энэ асуудлыг зохи­цуулсан уу?

-Байрны асуудал хүнд байсан. Хоёр холбоо аль аль нь үүнийг шийдэж чадаагүй. Гэхдээ манай Ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт хувийн зардлаараа бүх тамирчдаа буудалд байр­луулж, хоол ундны асууд­лыг шийдэж байсан. Бас тэнд байдаг монголчууд маань өглөө, оройдоо монгол хоол авчирч өгч байсан.

-Азийн наадмын үеэр шигшээгийнхээ нуруулаг тоглогч гэдэг утгаар танд багагүй ачаалал ирж байх шиг байсан. Өрсөлдөгчөөс ирэх хамгаалалт, ачаалал хэр байв?

-Би лигт гурав дугаартай тоглодог. Харин шигшээд манайхан нуруу нам бо­лохоор хойшоо 4-5-д гарч тоглох шаардлага гарсан. Зарим тоглогч маань бэрт­сэн болохоор сүү­лийн х­э­дэн тоглолтод төвд тог­ло­сон. Манай багийн хувьд нуруугаар намхан ч гэсэн хамгаалалт, хурдтай довтол­гоогоор сул талаа нөхөж тоглосон.

Бидний хувьд эндээс явахдаа 4-5 тоглолтод орно гэж бодож явсан. Сүүлд шигшээ наймд үлдсэн бо­лохоор түүнээс илүү их тоглолт хийсэн. Хүмүүс зөвхөн Т.Санчир бид хоёрыг их ачаалал авсан гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ. Бүгд л өндөр ачаалал авсан. Нөгөөтэйгүүр бид хоёр оноо аваад байна гэдэг нь ба­гийнхан маань бид хоёрт оноо авах боломжуудыг гар­гаж өгч байсан гэсэн үг.

-Бусад орны тамирчид зөвхөн сагсан бөмбөгөөрөө хичээллэж, түүгээрээ амь­­дардаг. Харин та хэ­­дийн хувьд ажлаа хий­хийн зэ­рэгцээ орой нь бэлт­гэлээ хийдэг. Ер нь ажил, бэлт­гэлээ хэрхэн зохи­цуулдаг вэ?

-Миний хувьд “Хас” банкны картын төвд ажил­ладаг. 09:00 цагт ажилдаа яваад, орой 18:00 цагт тараад, харьж цайгаа уучихаад ирж бэлтгэлээ хий­­дэг. Бэлтгэл маань 22:00 за­римдаа 23:00 цагийн үед тардаг. Иймэрхүү байдлаар л өдөр өнгөрдөг. Тиймээс бид­нийг мэргэжлийн тамир­чин гэж хэлэхэд бас хэцүү.

-Таны хувьд БНСУ-д энэ спортоор сурч байсан. Энэ удаагийн Азийн наадамд тэр туршлага чинь хэрэг болов уу?

-Би 2007 онд БНСУ-д сагсан бөмбөгийн спортоор суралцаж байсан. БНСУ, манайх хоёрын бэлтгэл их өөр. Тэд тамирчдынхаа ар амьдрал гээд бүхий л асуудалд нь анхаарлаа хандуулж, зөвхөн тэмцээ­нийхээ бэлтгэлд анхаарлаа хандуулахад нь анхаардаг. Монгол тамирчид шиг аж­лаа хийгээд хажуугаар нь сагс тоглоно гэж байхгүй. Бүр арван жилийн 3,4 дүгээр ангиасаа эхлээд яг л тэр чиглэлээрээ байнгын бэлтгэл хийлгэдэг. Зөвхөн сагсан бөмбөгийн тамирчин болж, улсынхаа лигт ор­но гэсэн зорилго өмнөө тавь­сан байдаг. Тэгж байж ч чадварлаг сайн тамирчид төрөн гарч байгаа юм л даа. Бид ч гэсэн удахгүй тийм болох байх гэж бодож байна.

-Тоглолтын үеэр танд БНСУ-аас санал ирсэн гэх яриа байгаа.

-Ганц нэг таньдаг хүмүүс маань буцаад манайд тог­лохгүй юм уу л гэсэн. Түү­нийг албан ёсны санал гэж хэлж болохгүй байх. Надад хийх зүйл их байна.

-Таны хувьд зөвхөн 17 дахь Азийн наадам ч гэлтгүй олон улсын тэм­цээнүүдэд байнга өндөр амжилт гаргадаг. Тэр бү­хэнд тоглолтуудыг тань харсан бүсгүйчүүд “Сайхан залуу байна дурлачихлаа” гэдэг үг хэлж байхыг олонтаа сонссон. Гэр бүлтэй болж амжсан уу?

-Амжаагүй байна. Гэхдээ найз охинтой.

-Сониноос удахгүй “NBA” эхлэх гэж байна. Та аль багийг дэмждэг вэ?

-NBA гэвэл “Миами хит”-ийг дэмжиж байсан гэхдээ энэ жил арай сонирхолтой байж магадгүй гэж бодоод “Клэвлэнд Кавалиэрс”-ийг харж байна. Шинэ бүрэл­дэхүүнээс сайн тоглолт гарч магадгүй гэж найдаж байгаа.

-Л.Жэймсийг дагаад дэмждэг багаа сольчихож бай­гаа юм уу гэвэл буруу­дах болов уу?

-Мэдээж Л.Жэймсийг да­гаж байна гэж болох л юм. Өндөр нуруутай, хү­чирхэг, бүх байрлалд тог­лох чадвар­тай учраас дэм­жиж явдаг.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.