Ч.Түвшин: Авъяасыг мэдлэг боловсрол, хүмүүжлээр тэтгэж байхгүй л бол хийрхэл, өвчний шинж чанартай болчихно
Энэ удаагийн дугаартаа Улсын драмын эрдмийн театрын найруулагч, МУСТА Ч.Түвшинтэй уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

-Ч.Түвшин найруулагчийг багадаа зураач болох мөрөөдөлтэй байсан гэж сонссон юм байна. Энэ мөрөөдөл нь театртай амьдралаа холбоход хүргэв үү. Анх тайз засалч, тайзны машинистаас гараагаа эхэлсэн байдаг?

-Хувь заяа намайг энэ байшинд аваад ирсэн. Аавыгаа дагаж явсны буян ч байж болох. Хар багаасаа л энэ их айлд хөл тавьсан. Одоо харахад өөр маршрут миний амьдралд байхгүй болжээ. Гэр, театр хоёрын хооронд л Түвшингийн зам явж байна даа.

Баллуур, усан будаг, бийр, харандаа барьж Монголын хүүхдийн ордонд алслалт, гэрэл сүүдэр гээд заалгаж байсны хэрэг яг одоо л миний амьдралд тун их гарч байна. Хүүхдийн ордонд н.Энхболд багшийн шавь байлаа.

Дүрслэх урлаг надад орон зай, хэмжигдэхүүний тухай ойлголтыг арай өөрөөр өгсөн л дөө. Театрт энэ орон зайны асуудал хамгийн чухал байдаг. Яагаад гэхээр нэгэн цагт, нэгэн орон зайд байж боломгүй бүх үйлдлүүд, сэтгэлгээнүүд тэнд цугларч байгаа юм.

Маш олон дүр төрхүүд, үзэл бодлууд тэнд цуглана. Тэрийг л тэр орон зайд хэрхэн хөдөлгөөнд оруулах нь найруулагчийн мэргэжлийн ур чадвар байх ёстой. Тэрэнд л миний бийр, цаас нийлүүлж байсны ач холбогдол маш их байдаг юм болов уу гэж боддог доо.

Ер нь тэгээд Петр Брук, Бертольд Брехт гэх мэт дэлхийн алдартай том том найруулагчид гараагаа зургаар эхэлж, дамжсан байдаг юм билээ. Аз юм даа. Ер нь бол урлагийн хүмүүжил, тэр дундаа хөгжим, дүрслэх урлаг зэрэг нь эзэмших ёстой л боловсролын нэг.

-Москвагийн театр урлагийн сургуулийн найруулагчийн ангид тэнцэж байсан гэдэг. Тэгээд яагаад тэр сургуульдаа яваагүй юм бэ?

-МУГЖ Ж.Оюундарь бид хоёр чинь үеийн хоёр шүү дээ. Анх театрт Оюундарь маань үйлчлэгчээр, би тайз засалчаар орж байлаа /инээв/. Тэгээд би цэрэгт явсан. Цэрэгт явж ирчихээд 1990 онд ГИДС-т найруулагчийн ангид тэнцсэн юм.

Тухайн үед сургалтын төлбөрөө доллараар төлөх ёстой болсон. Тэр үед миний халаасанд ямар юмных нь доллар байх вэ дээ. Ингээд л санхүүгийн асуудлаас болоод явж чадаагүй.

-“Синтез модерн” гээд төсөл хэрэгжүүлж байсан даа?

-Би ер нь их азтай. СИУС-ийг төгсч ирээд найруулсан анхны жүжиг маань “Үнсгэлжин" гэх хүүхдийн жүжиг байсан. Дуулалт, инээдмийн жүжиг л дээ. Дараа нь яах аргагүй “Синтез модерн” төслийн “Зуны шөний зүүд” хэмээх жүжигт ажиллаж байлаа.

Энэ жүжгийг хийхэд цаг хугацаа их зарцуулсан. Найз нөхөд ч их тусалсан. Түүний дотор АНУ-д ажиллаж, амьдарч байгаа н.Жамбалжамц гээд найз маань их тус болсон.

Энэ найзтайгаа зөвхөн У.Шекспирын “Зуны шөнийн зүүд” жүжгээр 17 дахь удаагийн фестиваль болоход нь үзэж байлаа. Унгарын Будапешт хотод Зүүн Европын Соросын сангийн гүйцэтгэх захиралтай уулзан өөрийнхөө мөрөөдлийг ярьж, ийм жүжиг хийх гэж байна гэдгээ хэлж байлаа.

Манайд Соросын сангийн хурлыг хариуцсан, одоогийн Арт консулын н.Ариунаа эгч бас маш их дэмжиж, зөвлөсөн. Ийм урлаг ойлгодог, дэмждэг хүмүүсийн тусламжтайгаар энэ жүжгээ “Алтан унага” синтез театрт тавьсан.

Би ер нь синтетик урлагийн зарчмаас ухрах сонирхолгүй хүн. Яагаад гэхээр, өнөөдөр цаг үе, даяаршил гээд энэ бүх юм биднийг маш их нийлмэл шинж чанарт улам ойртуулсан.

Өнөөдөр цаг үеийн хурд, мэдээлэл, хэлэх санаа, агуулгыг нэлээд нийлмэл хэлбэрээр хүргэхгүй, өгөхгүй бол энэ олон үзэл бодлын ертөнц дунд өөрөөр илэрхийлэх боломжгүй болоод байх шиг байна. Сурагчдын боловсролд ч энэ зүйлийг оруулах ёстой юм шиг.

-“Үнсгэлжин” жүжиг миний сонссоноор Японы олон улсын наадамд бас оролцож байсан?

-Тоёомагийн олон улсын наадамд 2500 гаруй уран бүтээлчид оролцсон. Энэ наадамд оролцсон л доо. АНУ, Швед, ОХУ гээд л маш олон орнууд оролцож байлаа. Уран бүтээлчид өөрсдөө бахархаж баярлаж байсан байх.

Манай талд бас давуу зүйл харагддаг. Жүжигчдийн ур чадвар, тоглолтын дэг жаяг гээд л. Манай урлаг өөрөө Ази, Европын хоёр ертөнцөөс хоёулангаас нь уламжлал, шинэчлэлтийг нь авч тусгаж чадсанаараа онцлог юм. Тэр талаараа давуу.

Тоёомад ямар ч байсан монголын нэрийг гаргаад л ирсэн. Бусад уран бүтээлүүдтэй харьцуулаад харж байхад манайд хүүхдийн уран бүтээл орхигдоогүй. Хүүхэлдэйн театр, хүүхдийн театр гээд бүх театрууд байсны үр дүн юм даа.

Тийм учраас энэ зүйлийг тасалж болохгүй юм байна гэсэн бодол надад улам их төрж байсан. Тиймээс л монгол хүүхдийн дүр төрх, баатартай болох мөрөөдлийг тээгээд явж байна. Тэр мөреедлее театрынхаа уран сайхны удирдлага, захирлын зөвлөлд танилцуулсан.

Дэмжигдсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хэмжээнд энэ төслийг дэмжиж “Норовын намтар" жүжгийг санхүүжүүлсэн. Цаашдаа ч энэ төслөө үргэлжлүүлнэ гэсэн бодолтой явж байна даа.

-УДЭТ-ын “Бэсрэг жүжгийн төсөл”-өөр долоон өөр найруулагч, долоон өөр өнгийг, өөр өөрийнхөөрөө илэрхийлнэ. Энэ удаад та яагаад заавал Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч” жүжгийн сонгосон юм бол?

-Өнгөрсөн жил УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн соёлхолт Н.Наранбаатар маань энэ төслийн санааг гаргасан. Би ч дуртай дэмжсэн. Учир нь бид уран бүтээлчдийн гэхээсээ илүү үзэгчдийн боловсролд анхаарах хэрэгтэй.

Нэг хэвэнд цутгасан маягтай дүрүүдийн тухай, үзэл бодлуудын тухай ойлголтыг таягдан хаяя гэсэн зорилготой юм. Долоон өөр хийц, ур, ухамсар шаардсан тийм жүжгүүдийг сонгосон. Жүжгийн зохиолуудыг харж байхад яаж хийх вэ, яаж хөглөх вэ, хэнээр дүр бүтээх вэ гэдэг асуудал маш чухал.

Тайзан дүр жүжиг тоглоход энэ оюун ухаанаараа дамжуулж, сэтгэл мэдрэлээрээ хөглөж, үнэн худлаа юмыг өөрөөсөө олох, нотлох, тэр жүжгийн дүрүүдийнхээ үзэл санааг олох, тэгээд дараа нь түүнийгээ бусаддаа дамжуулах, хөгжим, тайз, гэрэл, жүжигчдээр зөв илэрхийлэх гээд маш их хугацаа ордог.

Жүжгийн зохиолоо сонгохын өмнө зохиолчийг нь судалсан. Люсиль Флетчер нь Америкийн тайз, дэлгэц, радио телевизий уран бүтээлд их зүйл хийсэн цөөхөн эмэгтэй зохиолчдын нэг байсан. Нэг үгээр хэлбэл, Америкийн урлагийг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлсэн уран бүтээлч байсан юм.

Мөн түүний зохиолын онцлог нь миний сэтгэлдээ тээж явдаг эмзэглэлийг хөндсөн. Тухайлбал, эмэгтэй хүний эрх ашгийг хамгаалах, нийгмийн аль ч анги давхаргад байдаг хүчирхийллийг тусгаж өгсөн нь надад их таалагдсан.

Хүн амьдралаас эрх чөлөөг олж авч байж, ололт, амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг мэдэрдэг. Гэтэл үүнийг хүмүүс харсан ч хараагүй юм шиг,анзаарсан ч анзаараагүй өнгөрч, байдаг л зүйл мэтээр хүлээн авч байгаад би маш их эмзэглэж явдаг.

Энэ бүхэн уг зохиолыг сонгоход хүргэсэн гэж хэлж болно. Би энэ жүжгээрээ хүмүүст эргэцүүлэл, ухаарал хайрламаар байна.

Өнөөдөр орой болгон бид зурагтаар хэн нэгний алга болсон тухай, алуулсан тухай, хүчирхийлэл, хүний амьд явах эрхийг боогдуулсан тухай мэдэээллийг хүлээн авдаг. Нэг үгээр оройн хоолныхоо хачир маягтайгар ийм мэдээ үзэж байна шүү дээ.

Тэгээд тэрэндээ бүр дөжирчихсөн байгаа байхгүй юу. Энэ дөжрөлт бидний буруу ч биш, цаг үеийн буруу ч биш. Энэ бол нийгмийн, иргэншлийн, сэтгэлгээний буруу. Энэ гажуудлыг л засах хэрэгтэй.

Үүнийг хуучных шиг засах аргагүй л дээ. Ном уншуулаад, дүрэм заагаад нэмэргүй. Тэгвэл арай өөр талаас нь оролдоод үзье. Жаахан айлгаж, ичээе л дээ. Аристотелийн хэлснээр ариуслыг олохын тулд айх хэрэгтэй.

Тэр талаасаа бодож үзээд энэ долоон жүжгээс миний "Уучлаарай, та дугаар андуурч” жүжиг бол стиль, хийц, хэлбэрийн хувьд триллер жанр руу байсан нь дээр юм байна гэж үзсэн. Манай уран сайхны зөвлөл, ерөнхий найруулагч маш сайшаалтайгаар хүлээж авсан.

Ер нь бол аймшгийн жүжиг гэхээр заавал дуураймал стиль байх албагүй. Миний бодлоор нийгмийн оюун ухааныг цочроох, эрүүлжүүлэх гэсэн уран бүтээлчийн эрэл хайгуул, оролдлого байлаа. Үүн дээр манай залуу уран бүтээлчид, ялангуяа манай театрын студийн уран бүтээлчид сайн ажилласан гэж би хувьдаа найруулагчийнх нь хувьд дүгнээд байгаа.

-Энэхүү “Бэсрэг жүжгийн төсөл” энэ сард дахин үргэлжлэх болсон гэсэн?

-Долоон жүжиг долуулаа энэ сард дахин тоглогдоно. Ингээд өвөл цагийн үйл ажиллагаа нэг мөсөн эхлэх юм. Өвөл цагийн ажиллагааны нээлтийг бид арванэгдүгээр сард театрынхаа төрсөн өдрөөр хийдэг юм шүү дээ.

Манай театр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд байгуулагдсан байдаг юм. Энэ жил бол нэлээд ач холбогдолтой жил. Яагаад гэхээр долоон жүжиг шууд нэгэн тайзан дээр зэрэг тоглогдоно гэдэг нь театр нэлээд буцалж байна гэсэн үг.

-Яагаад заавал долоон өөр жүжиг гэж. Энэ асуултыг сонирхсон хүмүүс их л байгаа байх?

-Хүмүүс “яагаад заавал долоо гэж" гэж асуудаг юм. Хөгжмийн бүтээлүүд хүртэл долоон нотон дээр эгшиглэдэг шүү дээ. Түүн шиг долоон өөр өнгөөр дуугараасай гэсэндээ шинэ зүйл эрэлхийлсэн.

Бүх уран бүтээлчиддээ бүтээх, урлах бололцоог тэгш олгож байгаа юм. Бид зайлшгүй нийгэмд танин мэдэхүйн бамбарыг барьж байх учиртай юм л даа. Хүмүүс хэлдэг л юм. Үзэгчид үзэхгүй жүжиг хийлээ энэ тэр гээд л.

Бид дандаа л үзэгчид шуугиад үзээд байх жүжгээ хийж болно. Гэхдээ эргээд үзэгчид дараа нь бидэнд нь гомдоно байх. Яагаад дэлхийн хэмжээний бүтээлийг хийгээгүй юм, яагаад элдэв урсгал чиглэлийн бүтээлийг бидэнд ойлгуулаагүй юм, яагаад үндэсний сонгодгоо тавиагүй юм бэ, яагаад заавал шар жүжиг үзүүлсэн юм бэ гэсэн асуултуудыг бидэнд тавибал яах юм бэ.

-Ер нь шинэ жүжиг тавихдаа дүрийн сонголтоо хэрхэн хийдэг бол. Дүр сонгоно гэдэг хамгийн чухал ажил байх?

-Тийм ээ. Дур сонголт гэдэг бол хамгийн чухал. Найруулагчийн үндсэн дүрийг олж харж байгаа, зорилго санааг нь олж харж байгаа дүрийг хүн дээр буулгах, тэр дүрийг сонгох үнэндээ амаргүй.

Яг энэ тал дээр би одоо болтол хэрэлдэж явдаг. Ихэнх найруулагчид тэр дүрд тэр таарна, тэрэнгүй л бол би жүжгээ хийж чадахгүй гэж боддог. Би ч бас тэгэж боддог. Тэгэж бодоод өөртэйгөө хэрэлддэг.

Нөгөө талаас хэрвээ жүжигчин хүн энэ мэргэжлийг эзэмшсэн л юм бол миний шаардаж байгаа дүрийг бүтээж чадах, хөрвөх баялаг байх ёстой. Тэр баялгаар хэрхэн юм бүтээж чадах нь найруулагчийн ур чадвар.

-Найруулагчид гаднаасаа ааш муутай хүмүүс харагддаг. Эсрэгээрээ зарим хүмүүс их амархан ажил хийдэг гэж үнэлэх нь ч бий?

-Хүмүүс асуудаг л юм. Үзэгчдийн танхимд суугаад л, хараад л байж байдаг юм шиг. Эгзэг нь таарвал жаахан егөөтэй үг хэлчихээд л сууж байдаг юм шиг. Жаахан уурлавал зандраад авч байгаа юм шиг л төсөөлдөг.

Их л ууртай, ширүүн, харилцааны соёлгүй этгээдүүд л тэнд суугаад байгаа мэт. Жүжигчид зарим талаар азтай. Тайзан дээр гараад таван мэдрэхүйгээ ажиллуулаад, биеийн хөдөлгөөн хийж, дотоод сэтгэлийнх нь мотор ажилладаг, тэрийгээ текстээр илэрхийлээд байгаа юм.

Нэг үгээр шаталт явагдаад байгаа юм. Гэтэл тэр найруулагчийн суудалд суусан хүний шаталтууд нь дандаа дотроо гараад байгаа байхгүй юу. Дотроо бол дэлбэрээд л байгаа юм. Хүн хөлбөмбөг үзэхээрээ өөрийн эрхгүй сэтгэл хөдлөл гаргадаг, хөл гараа хөдөлгөдөг шүү дээ.

Яг түүн шиг тухайн жүжигчин ямар үйлдэл хийх ёстойг дотроо харж л байгаа байхгүй юу. Энэ нь хүнийг дотроос нь маш их нервтүүлдэг, тайван бус байдалд оруулдаг.

-Тэгэхээр энэ нь хувь хүний зан чанарт бас нөлөөлж байнаа даа?

-Магадгүй л юм. Хүн чинь гаргаад тэслээд байж чадахгүй юмаа үгэн үйлдлээр л илүү их гаргах юм даа. Бас өөрийнхөө дотор тийм байгаасай гэж дүрслэн харсан, магадгүй сонссон, дуулсан тэр зүйлийг жүжигчид шаардсан хэмжээнд хүртэл гуйцэтгэхгүй байгаа тохиолдолд бачуурал төрөөд байгаа юм. Мэдээж бид бурхан биш шүүдээ. Узэгчид янз бүрээр л шүүмжилдэг.

-Театрынхаа студийн жүжигчдэд багшилж байгаа байх аа?

-Хоёр дахь студиэ аваад байж байна. Түрүүчийн студи маань амжилттай төгссөн. Н.Алтангэрэл, Н.Баярмаа, Г.Дөлгөөн-Аюуш, н.Баяржавхлан гэх мэт жүжигчид байна. Энэ удаагийн төгсөлт дээрээ арай өөрөөр ажиллаж байгаа. Практик үйл ажиллагаанд түлхүү анхаарч байна.

“Уучлаарай, та дугаар андуурч” жүжигт дандаа студийн жүжигчидтэй ажилласан. Энэ хүүхдүүдэд ч туршлага болно. Өмнө нь “Мюзик Холл” театр урлагийн сургуульд багшилж байх үедээ ч оюутнуудтайгаа хамтраад “Чи өөрийгөө таних уу” гээд зохиол гаргаж, түүгээрээ “Алтан унага" театрт жүжиг тавьж байлаа.

Амьд харьцааны урлаг бол театр. Тэгэхээр энэ хүүхдүүд энэ театрын нэрэн дор суралцаж, энэ цаг үед уран бүтээлээ туурвиж яваа жүжигчидтэй ажиллах боломжтой байгаагаараа азтай. Энэ тайзан дээр гарч ажиллана гэдэг 6ол аз. Эргээд бид тэднээс одоогиин залуусын ухамсар, хурд, тэдний сэтгэлгээг мэдэрнэ, суралцана.

-“Монгол хуримлах ёс” театрчилсан тоглолт тавьж байсан. Тухайн үедээ жуулчдад зориулан тоглож байсан. Гэтэл үүнийг орчин үеийн залууст бас үзүүлмээр юм шиг. Мартагдах шахсан зан заншлууд их багтсан байсан шүү дээ?

-Тийм ээ. Зөвхөн жуулчдад зориулаагүй л дээ. Бид өөрсдөө мартаж болохгүй зан заншлуудыг үүгээр илэхийлэхийг хүссэн. Улсын драмын эрдмийн театр бол мэргэжлийн урлагийн ууган байгууллага.

Энэ ч үүднээс орчин үеийн бүтээл, сонгодог жүжиг, хүүхдийн уран бүтээл гээд Монгол Улсын соёл урлагийг хөгжүүлэх бодлогын хүрзэнд уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэдэг. Манай театр хэд хэдэн бие даасан төслүүдийг хэрэгжүүлээд байгаа. Ер нь манай улсад гадаадын иргэд аялал жуулчлалаар их ирдэг.

Тиймээс тэдэнд зориулж, нөгөө талаар бид өөрсдөө монгол угсаатан гэдгээ мэдэж байхын тулд монгол зан үйлээ мэдэж байх ёстой гэдэг үүднээс энэхүү театрчилсан тоглолтыг хийж байгаа юм. Тэгэхээр энэ бүтээл маань бидний ёс заншил, монгол зан үйлээ сурталчилж буй бүтээл юм.

-Таны хувьд тайзны уран бүтэзлээ тасралтгүй туурвисаар байна. Харин дэлгэцийн уран бүтээлд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм шиг харагдах юм?

-Сонирхолгүй яахав. Хийхийг маш их хүсдэг. Анх сургуулиа төгсөхдөө киногоор дипломоо хамгаалж байлаа. Жилийн 365 өдрийн хэдэн өдөр нь театрт байдаг билээ.
Театрын эрх ашиг чухал уу, миний хувийн эрх ашиг чухал уу. Бас академик театрын найруулагчийн хувьд чанаргүй уран бүтээл хиймээргүй байна.

-Урлагийн ажилтан. тэр дундаа жүжигчин мэргэжлээр бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын чанар хэр байна вэ.

Жилд маш олон төгсөгч төгсч байна. Гэтэл цөөн тооны хэд нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн нь боловсон үзэгч болоод үлдэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай ханддаг вэ?


-Нэг талаараа энэ олон хүн төгсч байгаа нь сайн хэрэг. Төгсөг л дээ. Тэр сургууль ч гэсэн бэлтгэг. Яахав нэг ч гэсэн хүн буу шийдэм, хутга шөвгөөр тоглохгүйгээр гоо зүйн боловсрол олоод сууж байг.

Энийг яривал дунд сургуулийн сургалтын программаас, тэр бүү хэл цэцэрлэгээсэхэлмээр санагддаг юм. Бүрэн дунд боловсролоос гадна бүрэн дунд иргэншил юмуу хүнлэг ёс, гоо зүйн тухай тийм ойлголтыг егөх ёстой юм шиг санагддаг.

Мөн авъяас гэдэг мэдлэгээр сэргээгдэж, өдөөгдөж байдаг байгалиас, бурхнаас өгсөн бэлэг шүү дээ. Тэрийг ямар нэгэн мэдлэг боловсролоор, хүмүүжлээр тордож, тэтгэж байхгүй л бол хэрэггүй.

Үгүй бол хийрхэл, өвчний шинж чанартай болчихно. Өнөөдөр хэдэн хүүхэд төгсөх нь бидэнд хамаагүй. Тэр дундаас шалгарсан, сонгогдсонтой нь л ажиллана.

-Гэтэл орон нутгийн театруудад ажлын орон тоо хангалттай байдаг. Гэвч жүжигчид өөрсдөө голоод очдоггүй юм шиг?

-Яг үнэн чанартаа хөдөө орон нутагт ч боловсон хүчнүүд хэрэгтэй шүү дээ. Гэтэл явах хүн алга. Хорин хэдэн аймаг байгаа билээ. Бүгд сайхан сайхан театртай. Учиргүй урлагийн төлөө төрсөн гээд цээжээ балбаад байгаа хэрнээ цагаа тулахаар явах хүн байхгүй.

Эзэмшсэн мэргэжлээрээ соёлын үрийг тарь л даа. Заавал Улаанбаатар хотод, УДЭТ-ын тайзан дзэр, эсвэл аль нэг алдартай продакшны тайзан дээх гарч байж жүжигчин болохгүй шүү дээ. Өөрийгөө, өөрийнхөө цаг үеийг бүтээх хэрэгтэй.

Чадаж байгаа бол хедөө ажилла. Тэндээсээ шалгараад хүрээд ир. Жишээ нь, миний багш н.Санчигдамба гэж хүн байсан. Тэр хүн Дорноговийн театрт найруулагчаар ажиллаж байгаад УДЭТ-т урилгаар ирж байлаа.

“Үгүйлэгдсэн хайр”, “Цагаан дарь эх", “Сүүн гол” гэх мэт гайхамшигтам сайхан жүжгүудийг тавйсан шүу дээ. Сургуулиудын сургалт, чанар хамгийн чухал. Үнэхээр чанаргүй бол хаалгыг нь барих хэрэгтэй. Хүний хүүхдүүдээр тоглох гэж байгаа биш.

Нийслэл таймс
А.Халиун
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн Орших 2016-11-04 20:01:35
    Түвшин танай аав гэж ёстой долдой нөхөр байсан даа чааваас гэж.Олон ч хүнийг матаж муулж гаршсан хүн байж дээ.
    202.179.25.101
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2014-10-15 10:53:02
    тийм шүү мэдлэг боловсролгүйгээсээ болоод буруу замаар будаа тээж байгаа херогийн баатар гэдэг сагсуу залуугийн замнал сургамж болох биз юм үзэж нүд тайлсан олон сайхан залуучууд сайхан юм их хийх болжээ
    103.229.120.40
    Мэдэгдсэн Хариулах