Израйль гурав дахь тун вакцинд ахмадуудаа хамруулж эхлэв

Хамгийн эхэнд хүн амаа хурдацтайгаар COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулж, хэвийн амьдралдаа шилжсэн гэдгээрээ Израйль улс дэлхий нийтийн сайшаалыг хүртсэн. Өдгөө тархаад буй вирусаасаа хэд дахин хурдацтай тархдаг дельта хувилбар дэлхийг сандаргаж буй энэ цаг үед COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунд  60-аас дээш насны ахмадуудаа хамруулж эхлэх болсноо тус улсын Ерөнхий сайд баасан гаригт зарлалаа. Ингэснээр Израйль иргэдээ гурав дахь тун вакцинд хамруулж буй анхны орон болж байгаа юм.

Энэ талаар Ерөнхий сайд Нафтали Беннет “Манай улс COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байгаа зарлахад таатай байна. Вакцин аюулгүй, нас баралт болоод халдвар хүндрэхээс сэргийлдэг гэдгийг бодитоор нотолчихсон. Гурав дахь тун вакцин цаг хугацааны явцад суларч байгаа хүний биеийн дархлааг идэвхжүүлж, өвчин хүндрэхээс сэргийлэхэд тустай” гэж ярьжээ. Мөн тус улсын шинэ ерөнхийлөгч Исаак Херцок баасан гаригт вакцинаа тариулж, нэмэлт тунд хамрагдсан хамгийн анхны хүн болсон юм.Сүүлийн өдрүүдэд тус улсад халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор  ийм шийдвэр гаргалаа.  Учир нь халдварын тоо эрс нэмэгдэх болсон нь вакцины нөлөө буурсны шинж гэж үзсэн юм.Тус улс таван сар гаруйн өмнө вакциндаа хамрагдсан 60-аас дээш насны ахмадуудаа нэмэлт тунд өчигдрөөс хамруулж эхэллээ. Израйль хүн амын дархлаажуулалтдаа Pfizer вакциныг ашиглаж байна. Pfizer компанийн зүгээс хоёр дахь тун вакцин зургаан сарын дараа үйлчлэл нь сулардаг гэж мэдэгдсэн юм.

Харин АНУ болон Европын холбоо аль аль нь нэмэлт тун вакциныг зөвшөөрөөгүй байна. Учир нь дээрх улсууд гурав дахь тун вакцин халдварыг бууруулдаг нь батлагдаагүй хэмээн үзэж байгаа юм.  Мөн ДЭМБ-аас гурав дахь тун шаардлагатайг нотлох нотолгоо байхгүй гэж мэдэгдэв. Тиймээс нэмэлт тун вакцинаа ядуу орнуудад хандивлахыг уриаллаа. Израйлийн 9.3 сая иргэний 57 хувь нь Pfizer вакцины хоёр дахь тун, тэр дундаа 40-өөс дээш насны хүн амын 80 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.