“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг ЗГ-ын хуралдаанаар ирэх долоо хоногт батлуулна
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний 6 сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй болсон тул өдгөө манай улс урд хөрш БНХАУ-аас АИ95 бензинийг нийлүүлж эхлээд буй.
 
Манай улсын шатахууны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2.0 сая тоннд хүрсэн тул Газрын тос боловсруулах үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө үйлдвэрлэх түүхэн шийдвэрийг 2020 онд Монгол Улсын Ерөнхий сайд гаргаж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэрийн барилга, дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц 30 хувьтай байгаа бөгөөд цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон.
 
Жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай уг газрын тос боловсруулах үйлдвэр нь дизель, АИ95, онгоцны түлш, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх боломжтой. Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа хэдий ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна.
 
Цаашид түүхийн эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг хойшлуулшгүй бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ын гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
 
Шадар сайд С.Амарсайхан “Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүд та бүхний үүрэг оролцоо ч их учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол харьцангуй шийдвэрлэх боломжтой зүйлүүд. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг наймдугаар сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо.
 
Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулахаа илэрхийлснээс гадна Эрчим хүчний сайдыг Ажлын хэсэгт оруулж, цахилгаан эрчим хүчтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдүүлэхийг үүрэг болгов.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.