Монголчуудын сарын цалин 647 литр шатахуун аваад дуусна

Шатахууны үнэ өнгөрсөн сарын 30-нд 300 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний нэг литр тутмын үнэ 2050-2150 төгрөг болов. Шатахууны үнэ нэмэгдэхэд бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг нь манай улсад бичигдээгүй хууль болсон. Цар тахлын улмаас унаад байсан газрын тос нефтийн эрэлт ихсэж үнэ 3.6 дахин нэмэгдэж 74 ам.доллар болсноор шатахууны үнэ олон улсад ч нэмэгдэв. Энэ өсөлтийг дэлхийн шинжээчид цаашид ч өсөх төлөвтэй байгааг хэлсээр байна. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон “Иргэдийн 60 хувьд вакцинжуулалт хийсэн тохиолдолд хөл хорио суларч эдийн засаг сэргэнэ гэж тооцоолж байсан. Вакцинжуулалтыг 60 хувь хүртэлх хугацаанд өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг 1450 төгрөгт барьж тогтоохоор ААН-үүд хэлэлцсэн. Энэ үйл ажиллагаа иргэдийн амьдралд дорвитой нэмэр болсон гэж үзэж байна. Манай улсад зарж байгаа жижиглэнгийн газрын тосны нефтийн бүтээгдэхүүний үнэ цэвэр гадаад зах зээлийн импортын үнээс хамаардаг” гэдгийг мэдээлэв. Тэгвэл шатахууны үнэ олон улсад ямар байгааг тоймлон хүргэе. 

Их Британид сүүлийн найман жилд байгаагүй өсөлт үзүүлэв

“Guardian” сонины мэдээлснээр шатахууны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Их Британийн бензинийн үнэ сүүлийн найман жилд хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Литр тутамд 1.3 фунт буюу 5368 төгрөгт хүрсэн байна. Мөн нефть олборлогч томоохон орнууд нефтийн гарцаа нэмэгдүүлэх шинэ стратеги гаргахгүй бол ирэх саруудад бензиний үнэ улам нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлжээ. “Brent”-ийн нефтийн үнэ өнгөрсөн оны эхээр нэг баррель нь 78 ам.доллар орчим болж өссөнөөр гурван жилийн дээд амжилтаа үзүүлж байсан бол коронавирусын дельта хувилбарын тархалтаас үүдэж өнгөрсөн долоо хоногт 72 ам.доллар болж буурчээ. 

“Brent” нефтийн үнэ 76.33 ам.долларт хүрчээ

Дэлхий даяар коронавирусын дельта хувилбар тархаж халдвар нэмэгдэх болсон ч үүнийг үл харгалзан нефтийн эрэлт ихсэж үнэ өссөөр байна. Тодруулбал, Нью-Йоркийн бирж дээр “WTI” маркийн нефтийн ирэх сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 33 центээр нэмэгдэж нэг торх нь 73.95 ам.долларт хүрсэн байна. Мөн “Brent” маркийн нефтийн үнэ Лондонгийн биржид 28 центээр нэмэгдэж 76.33 ам.долларт хүрснийг “Синьхуа” агентлагаас мэдээллэв. Мөн АНУ-ын нефтийн нөөц тооцоолж байснаас их хэмжээгээр буурсан нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Нефтийн эрэлт энэ оны хоёрдугаар хагаст эрс өсөх төлөвтэй байгааг олон урьдчилан таамаг баталж байгаа бөгөөд нефтийн зах зээл коронавирусын тархалттай энэ цаг үед хэрхэн дасан зохицохыг сурсан гэж олон улсын шинжээчид хэлж байгаа юм.

Энэтхэгт шатахууны үнэ 4000 төгрөгт хүрчээ

Олон улсад түүхий нефтийн ханш огцом буурсан ч өнгөрсөн пүрэв гаригт шатахууны үнэ өөрчлөгдөөгүй байна. Мөн төрийн газрын тосны маркетингийн компаниуд бензин, дизель түлшний үнийг барьж 20 хоногийн турш үнийг өөрчлөөгүй талаар “India news”-ээс мэдээлэв. Өчигдрийн байдлаар Делид бензин нэг литр нь 101.84 рупи, Мумбай хотод 108 рупи орчим байгаа аж. Үүнийг Монголбанкнаас гаргасан ханшаар тооцвол Энэтхэгт нэг литр шатахууны үнэ 3917-4148 төгрөг байна. Энэтхэгт сүүлийн 20 хоногт бензиний үнэ нэмэгдээгүй ч дизель түлшний үнэ өндөр байгаа аж. Шатахууны үнийн огцом өсөлт нь олон бараа, түүхий эдийн үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Шатахууны үнэ өндөр байгаа нь эрэлтэд шууд нөлөөлж байгаа тул Энэтхэгийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж. Шатахууны үнийн өсөлтийг Энэтхэгийн иргэд эсэргүүцэж байгаа ч бензин, дизель түлшний онцгой албан татварыг бууруулах боломжгүй гэдгийг Энэтхэгийн Засгийн газраас мэдээлсэн байна. Энэтхэгийн шатахууны татвар нь дэлхийн хамгийн өндөр татвар юм.

ОХУ-д 2.9 хувиар нэмэгдэв

Өнгөрсөн онтой харьцуулахад нефть болон газрын тосны үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин өссөнөөр ОХУ-д шатахууны үнэ дунджаар 2.9, дизель түлш 2.7 хувиар нэмэгджээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын хэрэглээний дундаж бензиний үнэ 13 копейкаар өсөж, нэг литр нь 48.44 рубль болсон байна.

Дизель түлшний үнэ литр тутамд 50.28 рубль болж өссөн талаар “ТАСС” мэдээлэв. Харин АИ-95 автобензиний нэг литр тутамд 49.36, АИ-98 56.53 рубль болж нэмэгджээ. Үүнийг төгрөгийн ханшаар тооцвол 1886 төгрөг болж байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 65 бүс нутагт бензиний үнэ өссөнийг “ТАСС” мэдээллээ. Жишээлбэл, Владивостокт 1.7, Кызыл хотод 1.3, Москвад 0.3, Санкт -Петербургт 0.2 хувиар өссөн байна. ОХУ гадаад руу гаргадаг шатахууны экспортоо наймдугаар сарын 1-нээс зогсоогоод байгаа. Учир нь дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд экспортдоо есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хориг тавиад байгаа юм. Үүний улмаас манай улсад АИ-95, АИ-98 автобензин хомсдолд ороод байна. 

Он гарсаар Хятадад нефтийн үнэ есөн удаа нэмэгджээ

БНХАУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоодын зах зээл дэх нефтийн үнэ есөн удаа нэмэгдсэнийг Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлсэн байна. Тодруулбал, зургадугаар сарын сүүлээр нэг тонн шатахуун 225, дизель түлш 215 юаниар өсчээ. Мөн эрчим хүчний зах зээлийн талаар мэдээлдэг “Oilchem.net”-ийн шинжээчид дотоодын шатахуун, дизель түлшний үнэ цаашид өсөж нэг тонн нь 230 орчим юаниар нэмэгдэх төлөвтэй гэж таамаглав. Олон улсын таваарын зах зээлд нефтийн үнэ зургадугаар сараас тасралтгүй өсөлттэй байгаа юм.

Монголд 647 литр бензин аваад сарын цалин дуусна

Манай улс шатахуунаа 100 хувь импортоор оруулж ирдэг тул шатахууны үнийг төр оролцон зохицуулах боломж хомс байдаг. Шатахууны үнээрээ дэлхийд хамгийн хямдад тооцогддог Оросын шатахууны үнэ нэмэгдсээр байгаа тул манайд ч нэмэгдэх нь ойлгомжтой асуудал. Гэхдээ иргэдийн бухимдаж буй гол шалтгаан нь шатахууны үнэ дэлхийн жишгээр нэмэгддэгтэй адил цалингийн дундаж хэмжээ олон улсынхтай адилхан биш гэхэд дөхөж очих ёстойг хэлсээр байгаа юм. Тэгвэл Их Британи, Хятадын иргэд сарын дундаж цалингаараа хэдэн литр шатахуун худалдаж авах боломжтойг өөрийн улстай харьцуулан тооцоолъё.

Их Британид он гарсаар цалингийн дундаж хэмжээ 3.6 хувиар нэмэгдэж жилийн 31461 фунт буюу сарын дундаж цалин 2621 фунт болсныг “Cosmopolitan” мэдээлсэн. Тэгвэл Их Британид өчигдрийн байдлаар нэг литр бензиний үнэ 1.354 фунт гэж тооцвол сарын дундаж цалингаараа 1935.7 литр бензин худалдаж авах боломжтой. Урд хөрш БНХАУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар сарын дундаж цалин 5.2 хувиар өсөж 22717 юань болсон байна. Хятадад нэг литр тутамд бензиний үнэ 7.58 юань байгаа гэж үзвэл сарын дундаж цалингаараа хятад иргэд 2996.9 литр бензин худалдаж авна. Харин манай улсын иргэдийн сарын дундаж цалин энэ оны гуравдугаар сарын Монголбанкнаас гаргасан инфляцийн тайлангаас үзэхэд 1.32 сая төгрөг байв. Үүнийг АИ-92 бензиний одоогийн ханшаар тооцвол иргэд сарын дундаж цалингаараа 647 литр бензин л худалдаж авах чадамжтай байгаа юм. Олон улсын шинжээчдийн таамаглал биелэж цаашид бензиний үнэ өсвөл иргэдийн нуруун дээрх ачаа дахин нэмэгдэх магадлалтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Бямбажаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 9978253789 2021-08-09 03:07:22
    БНХАУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар сарын дундаж цалин 5.2 хувиар өсөж 22717 ???юань болсон байна. Хятадад нэг литр тутамд бензиний үнэ 7.58 юань байгаа...